Олон нийтийн сүлжээнд өнөөдөр /2020.04.19/ “Монгол Улсын иргэн Турк улсад коронавирусийн халдварын улмаас эмчилгээ авч чадалгүй нас барсан” гэх мэдээлэл цацагдлаа. Уг мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Ийм мэдээлэл ирээгүй” гэдгийг тодотгов. Мөн “Хилийн чанад дах Монголчуудын зөвлөл” ТББ нь уг мэдээллийн дагуу Истанбул дахь Ерөнхий консултай холбогдоход “БНТУ-ын талаас албан ёсны дүгнэлт бүхий мэдээлэл ирээгүй” гэсэн хариуг өгчээ.
Дашрамд, дурдахад цахим орчинд өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх, мөн гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул гамшгийн эрсдлийн талаарх худал мэдээ, мэдээллийг бусдад түгээхгүй байхыг холбогдох байгууллагаас анхааруулж байна. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд зааснаар худал мэдээлэл тараавал дараах байдлаар хуулийн хариуцлага хүлээнэ. Үүнд "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заажээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ