Нөөц дэлхий байхгүй! | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хуучирсан мэдээ: 2015.11.30-нд нийтлэгдсэн

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын хуралд оролцохоор Парис хотноо олон орны төрийн тэргүүнүүд цуглараад байна. Энэ үеэр тэдэнд үгээ хэлэхээр Сиднейгээс авахуулаад Лондонд хүртэл хэдэн арван мянган хүн тайван жагсчээ. Жагсагчид төрийн тэргүүдэд “Б төлөвлөгөө буюу нөөц дэлхий байхгүй” гэдгийг сануулж, уур амьсгалын эсрэг тууштай арга хэмжээ авахыг шаардаж байгаа ажээ.

 

Энэ сарын 13-нд Парис хотод Исламын улс бүлэг халдлага үйлдэж, 130 хүнийг хөнөөснөөс хойш жагсаал цуглааныг хориглосон юм. Уур амьсгалын асуудлаарх олон улсын хурал Парист эхэлж буй энэ үед цагдаа нар жагсагчдаас эсэргүүцэл үзүүлсэн 174 хүнийг саатуулаад байна.

 

Францын Дотоод хэргийн сайд Бернар Казнёв хэлэхдээ ням гаригийн жагсаалын үеэр цагдаа нартай сөргөлдсөн 208 хүнийг баривчлан саатуулсан ч дараа нь суллажээ.

 

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд цагдаа нартай сөргөлдсөн жагсагчдыг байгаль хамгаалагчид биш үймээн дэгдээгчид хэмээн буруутгасан юм. Мөн халдлага гарсан Бүгд найрамдах улсын талбайд  жагсаал хийсэн нь Олландыг хилэгнүүлжээ. Хэдэн зуун жагсагчдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хэрэглэсэн байна.

 

Ням гаригт Францын нийслэлд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тууштай арга хэмжээ авахыг шаардан 20,000 гаруй хүн цугларсан бөгөөд Парист нэгэнт жагсаал цуглааныг хориглосон тул өөрсдийнхөө оронд гутлаа тайлж тавьжээ. Уур амьсгалын аюултай өөрчлөлтийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж Ромын хамба Фрэнсис, мөн  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн гутлаа явуулжээ.

 

Жагсагчдын төлөөлөл… Парис хот. Бүгд найрамдах улсын талбай  AP Photo/Laurent Cipriani Source:AP

 

Жагсаал цуглааныг хориглосон талбайгаас 3 км зайд 10,000 хүн гар гараасаа барилцан гинжин тойрог үүсгэсэн юм. Парисаас гадна Сидней, Лондон, Сан-Паулу, Нью Йорк зэрэг хотуудад мөн үеэр уур амьсгалын дулаарлыг зогсооход дорвитой арга хэмжээ авахыг шаардсан тайван жагсаал, цуглаанууд болсон байна. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын цуглаан арванхоёрдугаар сарын 11 хүртэл үргэлжлэх бөгөөд 150 гаруй орны төрийн тэргүүн оролцох юм.

 

Сидней хотод бизнесийн гол дүүргээс дуурийн ордон хүртэл үргэлжилсэн 45,000 хүний тайван жагсаал болсон байна. Жагсагчид “Б төлөвлөгөө буюу нөөц дэлхий гэж байхгүй”, “Ой устгахыг хоригло” зэрэг уриатай лоозон барьж жагсчээ.

 

Берлинд оцон шувуу шиг хувцас өмссөн 5000 гаруй хүн жагсч, мөн л “Оцон шувуунд өөр дэлхий байхгүй” хэмээсэн лоозон барьжээ.

 

Харин Оскарын шагналт жүжигчин Эмма Томпсон Лондон хотод болсон байгаль хамгаалахын төлөөх жагсаалд оролцсон олон мянган хүний нэг байсан бөгөөд дэлхийн удирдагчдаас уур амьсгалын өөрчлөлт, дулаарлыг зогсоох түүхэн боломжийг алдалгүй зохистой арга хэмжээ авахыг уриалжээ. Тэрбээр “Манай дэлхий аймшигтай аюулд ороод байна. Би өнгөрсөн жил охинтойгоо хамт Хойд туйлд очихдоо байгаль орчин хэрхэн доройтож, дэлхий хэрхэн өөрчлөгдөн, хувьсч байгааг олж харсан” хэмээн France Press-д ярилцлага өгчээ. Лондонд өчигдөр бороотой байсан ч жагсагчид ажрахгүй жагсаалаа үргэлжлүүлж, дэлхийн удирдагчдыг нүүрс төрөгчийн давхар исэлийн хэмжээг бууруулахад хамтран ажиллахыг уриалжээ. 

 

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын хурлын өмнө… Ням гариг. Арваннэгдүгээр сарын 29. AP / Christophe EnaSource:AP

 

Жагсагчид, цагдаа нарын хоорондох мөргөлдөөн …Бүгд найрамдах улсын талбай. Ням гариг. Арваннэгдүгээр сарын 29, 2015.  AP / Laurent CiprianiSource:AP

 

Жагсагчдыг нулимс асгаруулагч хэрэглэн тарааж байгаа нь … COP21 хурлын өмнөх өдөр AFP / Florian DavidSource:AFP

 

Парисын цагдаа нар жагсагчдын зүг гүйж байна.  Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хурлын өмнө … AP/Christophe EnaSource:AP

 

Уул амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын хуралд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Хятадын дарга Си Жинпинь нар оролцох бөгөөд өндөр хөгжилтэй болон ядуу буурай орнууд хамтдаа уур амьсгал дулаарах гол шалтгаан болж буй хүлэмжийн хийн ялгарлыг 2020 он гэхэд бууруулахад хамтран нягт хамтран ажиллана гэж дэлхий нийтээр анхааралтай ажиглан хүлээж байгаа юм.

 

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тайван жагсаал. Сидней хот.

 

Энэ удаагийн хурлын үр дүн зургаан жилийн өмнө Копенгагенд болсон шиг талаар өнгөрөхгүй гэх итгэл найдвар, хүлээлт их байгаа билээ.

 

Гэвч талууд Парисын хурлын амлалт үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс Цельсийн 2 градусаар нэмэгдсэн температурын өөрчлөлтийг хязгаарлаж хүчрэхгүй гэж айж байгаа билээ. Температур цельсийн 2 градусаар нэмэгдсэн нь дэлхийн уур амьсгалын системийг хангалттай өөрчлөх аюулын харанга дэлдэж байгаа юм.

 

Н.ЭНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Заяа 2015-11-30 202.179.29.46

Монгол л лав засаж чадахгүй маш хариуцлаггүй улс шүүдээ

Tuvshin 2015-11-30 202.179.17.128

Uneheer temtsej temtselee hamgaalj zov temtsej chaddag ard tumen bna. Gutlaa hurtel tailj tavisan bna shu de

123 2015-11-30 202.70.43.254

Нөөц дэлхий байхгүй, Хөрөнгөтний нийгэм бол нэг баяны төлөө маш олон зүйл сүйтгэж байна шүү дээ. 90 оны хүний хэрэглээг одоогийнхтой харьцуулбал маш үрэлгэн сүйтгэгч болсон байна шүү. Эх дэлхий байгаль дэлхий эх орноо хайрлцгаа. Бас хүчтэй байхын тулд дэмий биш юманд, цэрэг *****, шинжлэх ухаан, технологид дорвитой хөрөнгө хаях цаг иржээ.

Зочин 2015-11-30 103.229.122.129

Яагаад ийм болгосноо мэдэж байгаа, одоо тэрийгээ л засна шүү дээ, худлаа номчирхсон шоу хэрэггүй л дээ