Ц.Нямдорж Н.Энхбаяртай найрамдсан уу?

Хуучирсан мэдээ: 2015.11.30-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж Н.Энхбаяртай найрамдсан уу?

“Их мөрөн шалбаагтай нийлэхгүй” хэмээн томорч явсан Ц.Нямдорж МАН, МАХН хоёр ирэх сонгуульд эвсч, хамтрахад дургүйцэх зүйл байхгүй гэдгээ хэвлэлээр хэлжээ. Тодруулбал, ердөө хоёр жилийн өмнө тэрбээр “Сонгуульд тэг санал авч байгаа хууль бусаар бүртгэгдсэн ийм хөгийн юмтай очиж, очиж Ардын нам нийлнэ гэж юу байхав. Тэр бол мөрөөдөл. Урвагчдад мөрөөдөл их байдаг байх. Энэ бол бүтэшгүй мөрөөдөл. Ер нь зарчмын хувьд МАХН гэдэг юманд төөрөлдөөд явж байгаа Ардын намын жирийн гишүүд бий. Тэр хүмүүс тун удахгүй Ардын намдаа нийлнэ. Том урсгал жижгийгээ дагуулдаг болохоос жижиг шалбааг томыг дагуулна гэж байдаггүй юм” хэмээн ярилцлага өгч байжээ.

Харин өнөөдөр түүний үзэл бодол, байр суурь зуун хувь өөрчлөгдсөн бололтой, “Ямар ч байсан огт үгүй гэж эсэргүүцэхгүй. Гэхдээ нэгдэж сонгуульд ордог юмаа гэхэд ямар зарчмаар тохирох вэ гэдэг асуудал яригдах байх. Нэн түрүүнд төрийн хэрэг цааш яаж явах юм гэдэг асуудал бий. Хэрвээ авлига, албан тушаалын асуудал дээр суурилсан зүйл гарч ирвэл би эсэргүүцнэ. Тэгэхээр ийм зүйл байхгүй гэдэг дээр тохирох хэрэгтэй. Дараа нь эвсэх юм бол удирдагч нь хэн байх юм гэдэг асуудал яригдана. Шулуухан хэлэх юм бол Н.Энхбаяр нь удирдаж орох юм уу, М.Энхболд нь удирдаж орох юм уу гэдэг дээр л том асуудал үүснэ. Мөн харьцаа хэд байх вэ. УИХ-ын сонгуульд нэр дэвшвэл харьцаа нь хэд байх вэ гэдэг дээр асуудал үүсч таарна. Ийм асуудлууд дээрээ нааштай зөв ойлголцож чадвал байдаг л хувилбар” гэж.

Ийнхүү задарсан цагаасаа хойш коммунистуудын эвсч, нэгдэх асуудал нэг бус удаа хөндөгдөж, МАН-ын дарга нар үе, үехэн Өмнөд Солонгост очин хадаг барьж гүйсний нууц ийнхүү илрэв.

Өмчөө хуваагаад өрх гэрээ тусгаарласан Н.Энхбаяр төрхөмдөө буцан ирснээр ирэх сонгуульд коммунистууд хамтдаа нэг баг болж оролцох нь тодорхой болж байна.

Үндэс мөчир нэгтэй коммунистууд нэгдлээ гэхэд Н.Энхбаяр, М.Энхболдын хэн нь хөлгийн залуур дээр суух вэ гэсэн нэг асуулт тавигдаж буй.

АН-ынханд адлагдаж, өнө эртний өшөөгөө авах хүслээ гүйцээхийн тулд Н.Энхбаяр чөтгөртэй ч гар барьж чадах л хүн. Харин ирэх сонгуульд ялж л байвал Н.Энхбаярын шуналыг яасан ч яахав гэж М.Энхболд бодож байгаа бол эндүүрэл юм. Эхлээд Н.Энхбаяртай гар бариад дараа нь бугуйгаа бариулах вий дээ, МАН-ынхан минь. Улаануудын нэгдэх нийлэх тухай яриа хүчтэй өрнөхийн хэрээр цэнхэрүүд ч өрх тусгаарласан үсэрсэн “цуснууд”-аа нэгтгэх асуудлыг хөндөж эхэлжээ. Л.Эрхэмбаяр гэхэд ИЗНН-тай нэгдсэн ч яахав ээ гэсэн үг унагаснаас харахад цэнхэрүүд яаж улаануудаас дутах вэ хэмээн барьцаж байгаа бололтой. Харин ИЗНН нь унах нүхээ уралдан ухаж, өлөр ирэх тусам өөр хоорондоо нүдэлдэж байгаа Ан-тай нэгдэх эсэх нь юу л бол. Эндээс харахад ирэх сонгуульд Ардчилсан нам ба МАН гэсэн хоёр том хүчин хоорондоо тулж магадгүй нь.

Улс төрд мөнхийн нөхөрлөл гэж байдаггүй мөнхийн эрх ашиг гэж байдаг гэдгийг ийнхүү харуулж, Ц.Нямдорж, Н.Энхбаяртайгаа, З.Энхболд, М.Энхсайхантайгаа гар баривал гайхах хэрэггүй болжээ.

А.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж