ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.
Posted by News.mn on Saturday, April 18, 2020
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын талаарх ээлжит мэдээллийг хийлээ. Энэ үеэр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү "ОХУ-аас ирсэн нэг иргэнээс шинэ коронавирус илэрч, халдвар авсан хүний тоо нэмэгдлээ. Турк улсын хоёр иргэн эдгэсэн, эмнэлгээс гарч тусгаарлалтын байранд хянагдах ёстой ч өөрсдөө хүсэлт гаргасан тул эмнэлэгт үргэлжлүүлэн байна" гэлээ. Тодруулж хэлбэл, Монгол Улсад 32 иргэн шинэ коронавирусийн халдвар авсан гэсэн үг. Тэдний нэг нь Франц, хоёр нь Турк улсын иргэн бол 29 нь Монгол Улсын иргэд. Бүгд гадаад улсаас ирсэн иргэд юм. Эдгээр бүх тохиолдол нь зөөвөрлөгдөж орж ирсэн юм.
ЭМЯ-ны тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
Дэлхийн 213 оронд 2 сая 300 мянган хүн өвчилж, 160,775 хүн нас барж, 596 мянган хүн эдгэрч, 1,5 сая хүн хэвтэн эмчлүүлж байна.
ОХУ-д халдварын тархалт нэлээд эрчтэй байна. Сүүлийн 24 цагт 1785 тохиолдол бүртгэгдэж нийт, өвчилсөн хүний тоо 36 мянгад хүрлээ. Нас барсан 113 тохиолдол байна. Москва хотод тархалт өндөр байна. 24 цагийн хугацаанд тус хотод 2400 гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэн. Үүний 50 гаруй хувь нь 49 хүртэлх насны залуус байна. Иймээс Москва хотын захиргаанаас хөл хорионы дэглэмийг чангатгаж дөрөвдүгээр сарын 22-ноос эхлээд зөвшөөрөлгүй метронд суухгүй, авто машины зөвшөөрлийг камераар хянахаар болжээ. Эрхүү мужид 57 тохиолдол бүртгэгдсэн. Буриадад 115 тохиолдол бүртгэгдсэн.
Нэг онцлог зүйл нь Эрхүү мужийн эмнэлэгт 15 хүртэлх насны 10 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн хамгийн бага нь долоон сартай хүүхэд байна. Энэ бол бага насны хүүхэд өвдсөн дэлхийд дөрөв дэх тохиолдол гэж үзсэн. Бага насны хүүхэд өвчлөөд байгааг ОХУ-ын эрдэмтэн дүгнэн хэлэхдээ гадуур цаг агаар дулаан байгаа учраас эцэг эхчүүд бага насны хүүхдийг дагуулж явж байгаагаас өвчлөл авч байна. Ялангуяа ОХУ болон ойролцоо мужид гарч байгаа өвчлөлийн 50 хувь нь шинж тэмдэггүй балархай байна гэж үзсэн.
ОХУ-д шинэ эмчилгээ нэвтрүүлсэн байна. Энэ нь өвчилсөн хүний цуснаас плазмийг ялгаж, гурван хүнд өвчтөнд эмчилгээ хийжээ. Энэ бол маш үр дүнтэй байсан гэнэ. Иймээс өвдөөд гарсан хүмүүсийг сайн дураараа цусаа өгөхийг эмч нар уриалсан. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр зарлиг гаргаж визний хугацаа дуусч байгаа гадаадын иргэдийн визийг зургадугаар сарын 15 хүртэл сунгана гэсэн шийдвэрийг гаргажээ. Манай улсад ажиглалтад 1227 хүн байна. Өчигдрийн хувьд ажиглалтаас 226 хүн гарч гэрийн ажиглалтад шилжсэн. Нийт ажиглалтын байранд дөрвөн их эмч, 27 резидент эмч байгаа.
ЭМЯ-ны Гадаад харилцааны мэргэжилтэн Б.Янжмаа:
Япон улсад халдварын тохиолдол Бямба гаригийн мэдээллээр 10400-д хүрсэн. Халдварын тархалтаар Токио, Осака хот тэргүүлж байгаа бол нас баралтын тоо 712-д хүрчээ. АНУ-д Нью-Йорк мужид өнгөрсөн 24 цагийн хугацаанд 540 нас баралт шинээр бүртгэгдэж халдварын улмаас нас барсан хүний тоо 13 мянгыг давжээ. Нийт 17 мянган хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өдөрт багадаа 2000 орчим хүн эмнэлэгт шинээр хэвтэж байна гэж мэдээлжээ.
Нидерланд, Бельги улсад халдвар нэмэгдсээр байна. Их Британид эмнэлэгт нас барсан хүний тоо 15 мянгыг давжээ. Өнгөрсөн нэг хоногт 880 хүн хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ. Одоогийн байдлаар Их Британид 357 мянган хүнийг шинжилгээнд хамруулснаас 114 мянган хүнд халдварын тохиолдол илэрчээ.
Турк улсад 24 цагийн хугацаанд 3000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 82399 болсон гэж тус улсын эрүүл мэндийн сайд мэдээлжээ. Халдварын тохиолдлын тоогоор Турк улс Иран улсын өмнө орсон байна. Халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор дэлхийд хөл хорионы хугацааг сунгаж байна. Тухайлбал, Алжир, Хорват, Үзбек удс хөл хориог үргэлжлүүлэхээр болсон. Дэлхийн 191 улсад боловсролын байгууллагын үйл ажиллагааг үндэсний хэмжээнд бүрэн хаасан байгаа бөгөөд 1.5 тэрбум сурагч дээрх арга хэмжээнд хамрагдаж байна” гэлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
2020 оны дөрөвдүгээр сарын 18-нд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт ХӨСҮТ-ийн лабораториор 104 хүний шинжилгээний хариуг хяналаа. Замын-Үүдэд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдол түүнтэй хамт, орж ирсэн 58 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа.
Дөрөвдүгээр сарын 8-нд ирсэн үүргийн онгоцоор олон хүнд өвчтэй хүмүүс ирсэн. Үүний дотор хавдартай хүмүүс ч бий. Бид энэ хүмүүсийг давтан шинжилгээнд оруулж үзлээ. Зарим хүмүүс халдварын тархалт Монгол Улсад ороод ирчихсэн гэж хардаж байна. Бид үүнд давхар судалгаа хийж байгаа. Тухайлбал, эмнэлгүүдэд уушигны хатгалгаагаар өвдсөн хүмүүсээс сорьц авсан, коронавирус тэдгээр иргэдээс илрээгүй. Өчигдрийн хувьд тандалтын зорилгоор долоон шинжилгээ сонгож хийсэн. Үүнээс гадна Халдвар судлалын үндэсний төвд хавдраар өвдсөн хүмүүстэй ярилцаад судалгааны зорилгоор шинжилгээ авсан. Ингээд халдвраар өвдсөн 35 хүнийг сонгож шинжилгээ авахад коронавирус илрээгүй.
ОХУ-аас ирж тусгаарлагдсан 30 хүнийг бид сонгон авсан. Тэр дотроос дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг коронавирус илэрлээ. Өөрөөр хэлбэл, нэг тохиолдлоор нэмэгдсэн. Үүнээс гадна Туркийн хоёр иргэн эдгэрч, таван төрлийн сорьцод шинжилгээ хийж, гурван өдөр дараалан үзэхэд коронавирус илрээгүй. Тухайн хоёр иргэн тусгаарлах байрнаас гарч өөр байранд хяналтад орох ёстой байсан ч өөрсдийн хүсэлтээр ХӨСҮТ-д тусгаарлагдах санал гаргасан учраас ХӨСҮТ-д үргэлжлүүлэн хянагдаж байна.
Мөн ХӨСҮТ-д 105 ажиглалтад байсан хүнийг өөр буудалд шилжүүлэхээр болж ХӨСҮТ-ийн ачааллыг сулласан.
Холбоотой мэдээ