Италийн хөлбөмбөгийн Сериэ-А лигийн Ювентус болон Португалийн шигшээ багийн довтлогч Кристиано Роналдо хөлбөмбөгийн спортоос төрсөн анхны тэрбумтан болоход тун ойртжээ. Форбс сэтгүүлийн мэдээлж буйгаар өдгөө 35 настай К.Роналдо энэ оны сүүл гэхэд Тайгер Вудс болон Флойд Мейветер нартай адил ид тамирчин байх үедээ тэрбумтан болсон гуравдах хүн болох аж.
Түүний 420 сая дагагчидтай инстаграм, твиттер, фейсбүүк зэрэг цахим хуудасны нэг төлбөртэй пост 975 мянган ам.доллар гэнэ.
Тэрбээр өнгөрсөн 2019 онд 109 сая ам.долларын ашиг орлого олсон нь зөвхөн Лионель Мессигийн ард орох үзүүлэлт юм. Ювентус багаас 65 сая ам.долларыг К.Роналдо цалин урамшуулалд хүртсэн бол реклам, зар сурталчилгаанаас 44 сая ам.долларыг олжээ. Саяхан цалингийнхаа 30 хувийг Ювентус багтаа хандивласан түүний хувьд энэ жил цалин урамшууллаас 46 сая ам.доллар олно. Харин Nike, Tag Heuer, Herbalife, EA sports зэрэг дэлхийн томоохон компаниуд болон өөрийн CR 7 хэмээх дотуур хувцас, гутал, үнэртэй ус үйлдвэрлэдэг компаниасаа нийт 45 сая ам.долларын ашиг орлоготой ажиллах тооцоог Форбс сэтгүүл гаргажээ. Тэгэхээр К.Роналдо covid-19 цар тахлын улмаас цалингийнхаа 30 хувь буюу 20 сая ам.долларыг алдсан ч энэ жил 91 сая ам.долларын ашиг орлого олох ажээ.
Кристиано Роналдо 2018 онд Италийн Ювентус багтай 340 сая ам.долларын дөрвөн жилийн гэрээ үзэглэсэн бөгөөд тэр даруйд Ювентус багийн албан ёсны инстаграмын хуудасны дагагчид 40 хувиар буюу хоёр сая гаруйгаар нэмэгджээ. Мөн тус багийн өмсгөл болон бусад нэрийн бүтээгдэхүүний худалдаа 58 хувиар өссөн үзүүлэлттэй байжээ.