
Харь нутагт хараар буюу хууль бусаар оршин сууж байгаа хүмүүсийг бид амьдралын эрхээр ийм замыг сонгож дээ хэмээн уучлангуй бодох нь түгээмэл. Гэтэл эх орондоо олон жил хараар амьдарч, төрийн байгууллагын зарим ажилтны хүнд суртлын өмнө эдлэх ёстой эрхээ боогдуулж, дээлтэйгээ хатаж яваа хүмүүс бидний дунд цөөнгүй байдаг ажээ. Зарим нэг нь өөрийнхөө хэнэггүй зан, аливаа асуудлыгмаргааш гэж хойш тавьдаг муу зуршил, хувийн зохион байгуулалтгүйгээсээ болоод иргэний ямар ч бүртгэлгүй, нэг ёсондоо харьяалах эх оронгүй болсноо ухаараагүй явж байсан байх юм. Баримт сөхье.
БАРИМТ 1
Иргэн Б.Төмөрхуяг 1992 онд нутгаасаа гарч нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XIV хороонд шилжин иржээ. Төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Баян-Уул сумаасаа гарахдаа шилжих хөдөлгөөнөө албан ёсоор бүртгүүлж, шилжүүлгийн бичгэн дээрээ час улаан тамга даруулаад хөдөлсөн гэх. Тухайн үед Монгол Улсын насанд хүрсэн иргэн бүр улаан паспорттой байсан үе. Нэг өдөр ойр зуурын ажил хөөцөлдөхөөр явж байгаад урт гартай халаасны хулгайчид паспортоо суйлуулчихжээ. Тэгээд паспортоо дахин авахаар төрсөн нутаг Говь-Алтай аймагт хандтал архивт таны тухай ямар ч мэдээлэл байхгүй байна гэсэн хариу өгчээ. Иргэн Б.Төмөрхуягийг Говь-Алтайд төрсөн нь үнэн гэсэн архивын лавлагаа байсаар байтал паспортыг нь дахин олгохоос татгалзаж, луу унжсан байна. Иргэний бүртгэлийн байгууллагын дунд шатныхан хөдөлж өгөхгүй болохоор нь Зориг сангийнхны тусламжтайгаар 2010 оны гуравдугаар сард Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6-гийн 1-д заасны дагуу дээд шатны албан тушаалтанд нь хандаж гомдол гаргасан байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрынхан өргөдлийг хүлээж аваад долоо хоногийн дотор асуудлыг маш шуурхай шийдэж, иргэн Б.Төмөрхуягийг албан ёсны бүртгэлтэй, иргэний бичиг баримттай болгосон байна. Иргэн Б.Төмөрхуяг Монголд Улсад бүртгэлгүй, харьяалалгүй 18 жил эх орондоо харлажээ.
БАРИМТ 2
Иргэн Солонго (эх сурвалжийн хүссэний дагуу нэрийг нь өөрчлөв) хайр сэтгэлтэй хүнтэйгээ гэр бүл болоод таван жил аз жаргалтай амьдарчээ. Энэ хооронд хөөрхөн охинтой болоод амжиж. Залуу хос хайрандаа умбасан аз жаргалтай өдрүүд нэг л өдөр чихэндээ итгэмгүй гэнэтийн цочир мэдээнээс болж бие биедээ үл итгэхэд хүргэсэн байна. Солонго хайр сэтгэлтэй хүнтэйгээ нэг гэрт орж, амьдрал зохиосон ч бичиг баримтын зөрчлөөс болоод гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй байжээ. Хэдэн жилийн өмнө холын хамаатных нь бүсгүй иргэний үнэмлэхийг нь сүлжээний бизнест бүртгүүлэх гэсэн юм хэмээн гуйж аваад буцааж өгөлгүй сураг алдарчээ. Гэтэл өнгөрсөн хаврын хуйсагнуур салхитай өдөр Солонгын гар утас руу танихгүй эр залгаж, “Хоёулаа гэрлэлтээ яаралтай цуцлуулах шаардлагатай байна. Хаана уулзах вэ” гэх нь тэр. Учрыг нь хөөвөл холын хамаатных нь бүсгүй Солонгын иргэний үнэмлэхийг аваад өөр нэгэн эртэй гэр бүл болгон батлуулж ашигласан нь тодорхой болжээ. Үүний ард хүний наймааны хэрсэн сүлжээ байхыг ч үгүйсгэх газаргүй. Эзнийг нь байхгүй байхад иргэний үнэмлэхийг нь харж байгаад гэр бүл болгочихдог далдыг харагч албан тушаалтан төрд байдгийн хамгийн тод жишээ энэ боллоо. Өөртэй нь хууль ёсны эхнэр нөхөр “бололцсон” гэх ор тас танихгүй залуутай арга буюу анх удаа нүүр нүүрээ харалцаж гэрлэлтээ цуцлуулжээ.
Нэг талаас бичиг баримтаа бусдад дамжуулсан хувь хүний, нөгөө талаас авлигад идэгдсэн төрийн албан хаагчийн буруутай үйлдлээс болоод залуу хайртай хосын харилцаа урьдынх шигээ халуун дотно байхаа больсон нь харамсмаар хэрэг. Гэхдээ хамгийн харамсалтай нь, иргэн Солонго иргэний бүртгэлийн хөл толгойгоо алдсан тогтолцооноос болж хоёр удаа эрд гарсан гэсэн “хар тамгыг” насан туршдаа өөртөө наах болж байгаа юм.
БАРИМТ 3
Аварга О.Балжиннямын төрсөн нутаг Увс аймгийн Наранбулаг сумаас 2001 онд хот руу шилжсэн Б.Цэрэннадмидынх бүртгэлийн тогтолцооны завхралаас болж гэр бүлээ хоёр хуваахад хүрчээ. Сумаасаа гарахад нь шилжүүлгийн цагаан хуудас дээр гэр бүлийнх нь бүх гишүүний нэрийг бичиж хасалт хийсэн байна. Гэтэл Б.Цэрэннадмидын төрсний бүртгэлийн талаар мэдээлэл архивт байхгүй гэж гүрийгээд иргэний үнэмлэх өгөхөөс татгалзжээ. Ингээд Б.Цэрэннадмид нутагтаа ч, нийслэлд ч харьяалалгүй нэгэн болж хувирав. Энэ хооронд гэр бүлийнхэн нь хотын харьяат болж, бүртгэлээ цэгцэлжээ. Увс аймгийн иргэний бүртгэлийн хэлтэс өнгөрсөн гуравдугаар сард Б.Цэрэннадмидын нэр дээр дахин шилжүүлгийн хуудас явуулсан гэх боловч нийслэлд ч, одоо оршин сууж байгаа Сонгинохайрхан дүүргийн иргэний бүртгэлийн хэлтэст ямар ч шилжүүлгийн хуудас ирээгүй гэдгийг эх сурвалжууд баталсан. Ингээд л иргэн Б.Цэрэннадмид эх орондоо хараар амьдарч эхэлсэн байна. Өвөрхангай аймгийн харьяат Ц.Баяржаргалд яг үүнтэй адилхан зүйл тохиолджээ. 2008 онд нийслэлд шилжиж ирэхээр бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед шилжүүлгийн хуудас дээр ээж С.Биндэръяагийн нэрийг нь хоёр удаа бичиж, охиныг нь ор тас орхиод хасалт хийчихжээ. Одоо өөрийнхөө нэр дээр шилжүүлгийн хуудас авъя гэхээр нөгөөдүүл нь ганц удаа л олгодог юм гээд цааш хараад суучихсан гэнэ.
Амьдралд цөөн биш тохиолдож байгаа инээд хүрмээр ч юм шиг хэрнээ эмгэнэлтэй жишээнүүд цааш хөвөрнө. Хүн болгон хуулиар хүлээсэн иргэнийхээ үүргийг биелүүлж, бичиг баримтын зөрчлөө тухай бүрт нь арилгаагүйгээс ямар их гарз хохирол учирч болдгийг хамгийн эхний баримтад дурдсан иргэн Б.Төмөрхуягийн жишээнээс харж болохоор байна. Тэрээр иргэний бичиг баримтгүйн улмаас 18 жилийн турш Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох, газар үнэгүй өмчлөх гэх мэт эрхээ эдэлж чадаагүй байх жишээтэй.
Алдагдсан цаг хугацааг эргүүлжчадахгүй. XXI зуун гарчихаад байхад ардчиллаараа бүс нутагтаа үлгэр жишээ болдог орны иргэн эх орондоо мартагдаж орхисон нь харамсалтай. Нөгөө талаас иргэний бүртгэлийн улсын байгууллагын орон нутаг дахь салбарууд дэндүү хариуцлагагүй ажилладгийг дээрх жишээнээс харж болно. Амьд сэрүүн хүнийг төрөөгүй болгож, нөхөрт гараагүй бүсгүйг хадамд гаргах нь иргэний бүртгэлийн байгууллагын зарим албан тушаалтанд юу ч биш болчихжээ. Дуудах нэртэй, гишгэсэн мөртэй хүнийг таны бүртгэл архивт алга аа гээд сууж байгаа нь бүртгэлийн ажилтнуудын ажлын хариуцлага ямархуу төвшинд байгааг илтгэж байгаа хэрэг. Эх орондоо байгаа иргэдээ бүртгэж чадаагүй байж юун гадаадад байгаа монголчуудынхаа тоог гаргана гэдэг ёстой үлгэр болох биз.
С.Баяр Ерөнхий сайд болмогцоо дэвшүүлсэн таван төгөлдөршлийн нэг нь иргэдээ бүртгэлжүүлэх явдал байсан. Одоогийн Ерөнхий сайд С.Батболд ч бүртгэлийн тогтолцоог төгөлдөршүүлэх зорилтыг бодит ажил хэрэг болгохоор ажиллаж байгаа. Тавантолгойн ордын хувьцаа, уул уурхайн салбарын орлогоос иргэн бүрт хүртээж байгаа хувь, хишгийн үр өгөөж бүртгэлийн төгөлдөршлөөс зайлшгүй шалтгаална. Монгол Улс хэдэн малтай вэ гэвэл захын хүн түгдрэлгүй хариулжчадна. Харин хүн амын тоог хэл дээ гэвэл итгэлтэй хариулт өгчих хүн бараг л олдохгүй гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу.
Яг энэ цаг үед иргэний шинэчилсэн бүртгэл орон даяар үргэлжилж байгаа. Дараа нь хүн ам, орон сууцны тооллого болно. Энэ хоёр боломжийг ашиглаж иргэний бүртгэлээ төгөлдөршүүлж авахгүй бол Монголдоо харласан монголчуудын тоо улам л нэмэгдэнэ. Эх орондоо өнгөрүүлсэн эх оронгүй өдрүүд байх ёсгүй.
Б.ТҮВШИНТӨГС