Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 19, 20-нд нутгийн зүүн хагаст, 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, салхины хурд 18-20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх төлөвтэй байна гэж анхааруулжээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 19-нд нутгийн зүүн хагаст, дөрөвдүгээр сарын 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, дөрөвдүгээр сарын 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, дөрөвдүгээр сарын 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи дөрөвдүгээр сарын 19-нд ихэнх нутгаар, дөрөвдүгээр сарын 20-21-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст эрс хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.
Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг албаныхан анхааруулж байна.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ