Covid-19: Халдвар авсан, нас барагсдын тоог нягтлахыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2020.04.18-нд нийтлэгдсэн

Covid-19: Халдвар авсан, нас барагсдын тоог нягтлахыг анхааруулав

Covid-19: Халдвар авсан, нас барагсдын тоог нягтлахыг анхааруулав

Хятад улс өчигдөр /2020.04.17/ тайлан мэдээнүүдээ дахин нягталж үзэхэд Ухань хотод нас барсан хүний тоо бараг 50 хувиар нэмэгдэж байгаа тухай зарласан. Учир нь халдварын оргил үед тус хотын эмнэлгүүд ачаалал ихтэй, эмч нар тайлангаа дутуу болон алдаатай явуулах тохиолдол гарсны улмаас нас барагсдын тоог дутуу гаргасан байжээ. Ингээд дахин хянаснаар коронавирусийн улмаас хорвоог орхисон хүний тоо 1290-ээр нэмэгдэж 3,869 болсон юм.

Тэгвэл Хятадын уг мэдэгдлийн дараа Итали, Испани, Британи, АНУ зэрэг улсуудын эрдэмтэн судлаачид, эрх баригчид коронавирусийн хохирлын тоо хэмжээгээ хэрхэн нарийвчлалтай гаргах талаар ярьж эхэлжээ.

Испанийн Засгийн газрын цар тахалтай тэмцэх ажлын хэсгийн тэргүүн, Барселоны их сургуулийн судлаач Антони Трилла “Бид мөсөн уулын дөнгөж орой хэсгийг харж байх өндөр магадлалтай” гэж мэдэгджээ. Тус улсад одоогийн мэдээллээр 19 мянга гаруй хүн нас барсан гэж байгаа боловч халдварын шинж тэмдэгтэй ч нас барахаасаа өмнө оношлуулж чадаагүй тохиолдлуудыг тоолоогүй байгаа юм. Түүнчлэн Италид 22 мянга гаруй хүн нас барсан гэж байгаа ч бодит байдлаас зөрүүтэй тоо гэж үзэж байгаа юм байна. Харин Их Британид 14 мянга гаруй хүн нас барсан гэж байгаа ба тус улсын Статистикийн хороо энэ тоо дахин 15 хувиар нэмэгдэх боломжтойг мэдээлжээ. Мөн Европ, АНУ-д олон мянган ахмад настнууд асрамжийн газарт нас барж байгаа ба тэд бүгд оношлогоонд хамрагдаж амжаагүй ажээ.

Үүнээс гадна АНУ-ын Стэнфордын их сургуулийн судалгаагаар тус улсын зарим муж, хотод халдвар авагсдын тоо статистик мэдээн дээрхээс даруй 50-85 хувиар илүү байх магадлалтай гэж үзжээ. Стэнфордын их сургуулийн эрдэмтэд Санта Клара мужийн иргэдэд шинжилгээ хийхэд маш олон хүнээс коронавирусийн эсрэг биет илэрсэн байна.

ДЭМБ-ийн зүгээс ч мөн дээрхтэй ижил байр суурьтай байгаа бөгөөд улс орнууд нийт халдвар авсан болон нас барсан хүний тоо баримтыг эргэж нягтлах шаардлагатай гэж мэдэгдсэн байна. Одоогоор албан ёсны мэдээллээр дэлхий дахин нийт халдвар авсан хүний тоо 2,248,037 байгаа бол нас барагсдын тоо 154,126, эдгэрсэн хүний тоо 570,792 байгаа юм

Эх сурвалж: WORLDOMETERS, ABC, RT

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж