Дэлхийд алдартай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Danone компани Бразил хүүхдүүдийн дунд витамины дутагдал өндөр байгааг судалж, хамгийн их гүйлгээтэй бяслагныхаа найрлагад ордог элсэн чихрийг багасгаж, оронд нь шаардлагатай амин дэмийг нэмж өгчээ. Энэ нь санаанд оромгүй амжилтыг дагуулж, тус компанид асар их орлого, өндөр нэр хүндийг авчирсан байна.
Энэ жишээ нь корпорациуд зөвхөн орлогын төлөө улайрахдаа бус, аливаа зүйлд хариуцлагатай хандсанаар МАНЛАЙЛАГЧ байж чаддагийг нотолж буй хэрэг бөгөөд энэ нь салбартаа төдийгүй, улс орон, ард иргэдэд өгөөжөө өгдөг байна.
Тэгвэл Монгол Улсын эдийн засаг хямарч, иргэдийн амьдрал доройтож байгаа энэ цагт корпорациудын манлайлал хаашаа чиглэх учиртай вэ?
Үүнд Голомт банкны ерөнхийлөгч Ө.Ганзориг хариулахдаа:
“Монгол Улсын хадгаламж эзэмшигчдийн ердөө ганцхан хувь нь нийт хадгаламжийн 62 хувийг эзэмшиж байна. Мөн манай улсын 820 мянган өрхийн 760 мянга нь огт хуримтлалгүй гэсэн статистик мэдээ ч бий. Хэрэв гурван өрх тутмын нэг нь яг өнөөдрөөс эхлэн сар бүр тогтмол 50 мянган төгрөг хуримтлуулж зуршвал 10 жилийн дараа айл өрх бүр 13 сая төгрөг, улс орон 3.3 их наяд төгрөгийн хуримтлалтай болно.
Ингэснээр эдийн засаг яаж ч хямарсан иргэд санхүүгийн баталгаатай, улс орны эдийн засгийн санхүүгийн ноён нуруу хэзээ ч хугарашгүй болно. Иймд “Үндэсний хуримтлал”-тай Монгол Улсыг цогцлоохын төлөө корпорациуд нэгдэж, өөрийн албан хаагч бүрт хуримтлалын ач холбогдлын тухай таниулж, өөрсдөө үлгэрлэн манлайлснаар Монгол хүн бүр хуримтлалтай, корпорациудын үйл ажиллагаа тогтвортой, улсын эдийн засаг дархлаатай болно хэмээн Голомт банкны ерөнхийлөгч Ө.Ганзориг “Корпорацийн манлайлал” илтгэлийнхээ үеэр онцолж байсан юм.