М.Энхсайханыг нээлттэй шүүе!

Хуучирсан мэдээ: 2020.04.17-нд нийтлэгдсэн

М.Энхсайханыг нээлттэй шүүе!

М.Энхсайханыг нээлттэй шүүе!

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өчигдөр /2020.04.16/ боллоо. Шүүх хурал дөрөвдүгээр сарын 23-нд товлогдсон тухай М.Энхсайхан хэвлэлийнхэнд дуулгав. Түүнийг Тавантолгойн гэрээг боловсруулахдаа хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэж яллахыг хүсч байгаа юм. Товчхондоо, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн ахалж ажилласан ажлын хэсгийн дүгнэлтээр. Харин М.Энхсайхан шүүхэд хандаж, УИХ-аас гаргасан тогтоол, Засгийн газрын шийдвэрийн дагуу ажилласан учраас юуны өмнө З.Энхболд, Ч.Сайханбилэг, Х.Баттулга нараас тодруулга авахыг шаарджээ.

Өнөөдрөөс яг арван жилийн өмнө УИХ-аас Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай 39 дүгээр тогтоолыг батлахдаа “…ордыг түшиглэж үйлдвэр, зам, дэд бүтцийн барилга байгууламжийг барьж байгуулах, ашиглахад олон улсын жишиг стандартыг баримтлах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой уялдуулж, Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах, дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд авч хэрэглэх нөхцөл, болзлыг хэрэгжүүлэх”-ийг Засгийн газарт даалгасан байдаг.  Гэвч, энэ “даалгавар”-ыг биелүүлсэн засаг байхгүй. Учир нь, засаг болгоны шийдвэр нь улс төрөө даахгүй унасан хэрэг. Тогтоол батлагдсанаас хойш тоолбол таван засаг солигдсон байна.

Уг тогтоолын дагуу Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг УИХ жил бүр батлахдаа Тавантолгойн ордыг түшиглэн нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугам, төмөр зам, авто зам барих асуудлуудыг тусгаж ирсэн. Ч.Сайханбилэгийн Засгийн газар Тавантолгойн гэрээг боловруулах даалгаврыг М.Энхсайханд өгсөн. Тэгээд одоо тэр яллагдагч болчихоод байна.

Мэдээж, гэрээ бол батлагдаагүй. УИХ-аар ч хэлэлцээгүй. Төсөл төдий.  Одоо, Засгийн газрын архив "бүрэн эхээр"-ээ хадгалагдаж байгаа. Гэхдээ төсөлд, олон нийтийн сүлжээнд сэвээд байгаа “Гэрээний хугацаанд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” нь уул, уурхайн үйл ажиллагаатай холбоотой бүх эрх болон газар эзэмших эрхээ “Энержи ресурс”-т  үнэ төлбөргүй шилжүүлнэ” гэсэн өгүүлбэр байхгүй. Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан Б.Наранхүү, С.Ганбаатар, Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн нар юугаа ч олоод уншчихсан юм, бүү мэд. Ямар хуульчид гэхээрээ нягтлаад шалгачих чадваргүй байдаг байна аа.  Монголын хууль шүүхэд, эдийн засгийн, тэр тусмаа мега төслөөр мэргэшсэн хуульч, шүүгч байхгүй. Тэд ерөнхийдөө "дээрээс өгсөн заавар"-ын дагуу л ажилладаг. Тэр нь М.Энхсайханы хэрэг дээр нотлогдож байна.

М.Энхсайханы боловсруулсан, архив хадгалагдаж байгаа гэрээнд бол, миний ойлгож уншсанаар “Эрдэнэс Тавантолгой лицензээ өөртөө хадгалж үлдэхээс гадна, үйл ажиллагааны эрсдэл хүлээхгүй, алдагдлыг хуваалцахгүй нүүрсний борлуулалтын орлогоос хамтын ажиллагааны төлбөр авна” гэж тусгасан байсан.  Эндээс  “Эрдэнэс Тавантолгой”-н  ашиглалтын найман лиценз “Эрдэнэс Тавантолгой”-н мэдэл байна гэдгийг бичиг үсэгт тайлагдсан хэнд ч ойлгомжтой бичжээ.

Хамтын ажиллагааны төлбөр нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд цэвэр ашиг болох байв. Цанхийн талбайгаас бус мөн Ухаахудгаас олборлож борлуулсан нүүрсний борлуулалтын орлогоос “Эрдэнэс Тавантолгой” хамтын ажиллагааны төлбөр авахаар М.Энхсайханы боловсруулсан гэрээнд тусгажээ.

УГ ГЭРЭЭНД:

  • Хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилээр хийнэ. Хөрөнгө оруулагч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болон хөрөнгө оруулагч хүссэн бол зөвхөн Монголын Засгийн газар зөвшөөрсөн тохиолдолд сунгана.
  • Хөрөнгө оруулагч тал Чалко компанийн өр төлбөрийг бүрэн төлөх, нүүрс боловсруулах үйлдвэр, төмөр замын дэд бүтэц барих, бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд хүргэх үр дүнтэй механизм бий болгох үүрэг хүлээсэн.
  • Гэрээ зурагдсанаас хойш шууд төлбөрт 650 орчим сая ам.доллар, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад 3 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.
  • Монгол Улсын хуульд заасан бүх татвар хураамжийг төлнө.
  • 5-8 хувийн рояалти төлнө.
  • Хөрөнгө оруулагч тал нүүрсэн бүтээгдэхүүнийг 2-оос доошгүй зах зээлд борлуулна. Бүтээгдэхүүний 75 хувийг БНХАУ-ын зах зээлд, 25 хувийг Япон, Солонгос, Энэтхэг зэрэг улсад экспортолно.

Уг гэрээг зурсан бол нүүрсний зах зээлд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн борлуулж, Монгол дэлхийн хэмжээний өрсөлдөгч болох, борлуулалтын орлого, хөрөнгө оруулалт, төсөл дагасан санхүүжилтээр дамжин гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн бууралтыг зогсоох, жилд 340 гаруй тэрбум төгрөгийн татвар хураамж олох боломжтой байсан. Одоо энэ тухай яриад яахав,  Монголын “аманд ор ирсэн шар тос”-ыг З.Энхболд, Х.Баттулга нарын бүлэглэл  хэлээрээ түлхээд гаргачихсан нь үнэн юм даг. Ямар сайндаа л Тавантолгойг гацаасандаа баяртай байгаагаа Л.Эрдэнэчимэг нуугаагүйгээр барахгүй "Оросын эрх ашгийг бодох ёстой" гэж нэгэн хэвлэлийн хурал дээр хэлсэн нь сонин, сайтын архивт үлджээ.

М.Энхсайхан хэлж байна лээ. “Хэрэвзээ, гэрээг боловсруулахдаа бусдад давуу байдал үүсгэсэн гэж буруутгаж байгаа Хятадын “Шинхуа”, Японы “Сумитомо”, мөн “Энержи ресурс”-аас ч гэсэн мэдүүлэг авах ёстой шүү дээ” гэж. Зөв л дөө, тэднийг дууд. Бүр шүүх хурлаа  нээлттэй явуулах хэрэгтэй. Ингэж байж л шударга шүүх болно. М.Энхсайхан Монголын “эсрэг ажилласан” уу эсвэл түүнийг хэлмэгдүүлж байна уу гэдгийг иргэд  хармаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ТэнэглэлТэнэглэл
29
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж