Олон улсын Стандартчиллын байгууллага ISO стандартын шинэчлэлийн талаар хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.03.14-нд нийтлэгдсэн

Олон улсын Стандартчиллын байгууллага ISO стандартын шинэчлэлийн талаар хамтран ажиллана

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Швейцарийн Женев хотод ажлын айлчлал хийж байгаа бөгөөд энэ үеэр Олон улсын Стандартчиллын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Роб Стилтэй уулзлаа. Тус уулзалтаар хоёр тал энэ оны таван сард манай улсад болох Стандартчиллын байгууллагуудын олон улсын семинарын талаар ярилцаж, санал бодлоо солилцсон юм.

Тэргүүн шадар сайд уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Монгол улс зах зээлийн эдийн засаг руу шилжээд 20 жил болж байгаа боловч хуучин стандартууд шинэчлэгдээгүй,  олон улсын шаардлага хангахгүй байгаа нь ихээхэн хүндрэл үүсгэж, улмаар нийгэм эдийн засгийн хөгжилд саад болж байгаа. Иймээс Монгол Улсын Засгийн Газрын Тэргүүн стандартын салбарыг шинэчлэх, Европын стандартыг нутагшуулах талаар тодорхой арга хэмжээ аваад ажиллаж байгааг” онцоллоо. Үүнтэй уялдуулан Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартыг сайжруулах, нэн ялангуяа уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа энэ үед тус салбарын стандартыг шинэчлэх талаар анхаарал хандуулж хамтран ажиллахыг хүслээ.

 Ноён Роб Стил Стандартчиллын салбарын үйл ажиллагаа Тэргүүн шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтаж байгаа нь танай улс энэ салбарт ихээхэн анхаарал хандуулж байгаагийн илэрхийлэл гэлээ. Тэрээр Тэргүүн шадар сайдын хүсэлтийг талархан хүлээн авахын хамт Олон Улсын Стандартчиллын Байгууллага /ISO/ олон улсад хэрэгцээ шаардлагатай салбарын стандартыг хөгжүүлэх чиглэлээр Монгол улсын стандартын байгууллагаар дамжуулан хамтарч ажиллах бодолтой байгаа бөгөөд таван сард болох арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийллээ.
    
Л.Халиу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж