АНУ-ын Хөдөлмөрийн яам өнгөрсөн долоо хоногт нийт 5 сая 245 мянган иргэн ажилгүйдлийн тэтгэмж хүссэн талаар мэдээллээ. Эдгээр иргэдийн дотор сүүлийн үед ашиг олох боломжгүй болсон хувиараа бизнес эрхлэгчид дийлэнх хувийг нь эзэлж байна.
Ийнхүү АНУ-ын ажилгүйчүүдийн тоо өнгөрсөн нэг сарын хугацаанд нийт 22 сая давлаа. Энэ нь 2008 оны эдийн засгийн хямралаас хойш бий болсон бүх ажлын байр устаж үгүй болсонтой ижил үзүүлэлт юм. Их хямралын үед ч ажилгүйчүүдийн тоо 700 мянгаас доош байсан билээ.
АНУ-ын ажилгүйдлийн түвшин одоо 16 хувьд хүрсэн нь их хямралын үеийнхээс ч аймшигтай тоо юм.
Харьцуулж үзвэл өнгөрсөн долоо хоногт ажилгүйдлийн тэтгэмж хүссэн хүмүүсийн тоо өмнөх хоёр долоо хоногийнхоос бага зэрэг буурсан байна. Түүний өмнөх долоо хоног/2020.03.29-04.04/-т 6.6 сая хүн ажилгүйдлийн тэтгэмж хүссэн нь өмнөх долоо хоног/2020.03.22-28/-т 6 сая 867 мянган хүн ажилгүйдлийн тэтгэмж хүссэнээс бага зэрэг буурсан үзүүлэлт байсан юм.
Зарим шинжээчид дээрх үзүүлэлтэд тулгуурлан ажилгүйчүүдийн тоо ирэх долоо хоногуудад ч гэсэн буурна хэмээж харин зарим нь удалгүй дахиад өснө хэмээн таамаглаж байна.
АНУ-ын Холбооны нөөцийн сангаас автомашин, нисэх онгоц үйлдвэрлэдэг үйлдвэрүүд ажилчдаа халдвараас сэргийлэхийн тулд ажлаа зогсоосноор гуравдугаар сард үйлдвэрлэл 5.4 хувиар буурсан хэмээн мэдэгджээ.
Энэ үйл явдал нь 1946 он, дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл үед АНУ-ын үйлдвэрүүд дайны ач холбогдолтой бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ больж хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болон шилжсэнээс хойшхи хамгийн удаан хугацааны саатал болж байна.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ