Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга С.Очирбаттай цөөн хором ярилцлаа.
-Та Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын удирлагыг аваад жил орчим хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд юу хийж амжуулав?
-Өнгөрсөн оны тавдугаар сард ажлаа хүлээж авсан. Тухайн үед нам байр байхгүй, гишүүдийн итгэл үнэмшил буурсан, тархай бутархай байдалд орсон, хэл ам ихтэй байсан. Нэлээн хүнд нөхцөл байдал угтсан даа. Өнгөрсөн хугацаанд ямар ч байсан намын байртай болгох, намын хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааг хэвийн болгох, гишүүд дэмжигчид рүү хандсан үйл ажиллагаа явуулах, тэдний бүртгэл судалгааг нарийвчлах, намаас зохион байгуулсан олон аян, ялангуяа залуучууд руу хандсан олон арга хэмжээнд хамрагдлаа. Ерөнхийдөө үйл ажиллагаа хэвийн боллоо. Манай нийслэлийн нам байрлаж байсан энэ байранд ороод, ямар ч байсан Чингэлтэйн Ардчилсан нам гэдэг байгууллага жинхэнэ утгаараа үйл ажиллагаагаа явуулж байна.
-УИХ-ын 2020 оны сонгууль ойртож байна. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
-Сонгууль болдгоороо болох нь тодорхой боллоо. Хэдийгээр хорио цээрийн дэглэм үйлчилж, олныг хамарсан үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа ч гэсэн намаас өгч байгаа үүрэг, чиглэлийн дагуу сонгуульд бэлтгэх салбар хороогоо байгуулаад, нэр дэвшихээр горилж буй хүмүүстэйгээ ажиллаж байна. Мөн үүрүүдтэйгээ энэ сонгуульд яаж оролцох вэ, гишүүдээ яаж идэвхжүүлэх вэ, сонгуулийн хэсэг, хороонд ажиллах хүмүүсээ томилуулахаас эхлээд тодорхой ажлууд хийж байна. Ялангуяа дөрөв, тавдугаар сард, хорио цээрийн дэглэм үйлчилж байгаа нөхцөлд бид ямар хэлбэрээр ажиллах вэ, ямар ямар ажлууд хийж амжуулах вэ гэсэн төлөвлөгөө гарган, зургадугаар сарын 24-нд сонгууль дуустал хүртэл хугацаанд дунд шатны намын байгууллага ямар чиг үүрэг, зорилготой ямар зохион байгуулалттай ажиллах ёстой вэ гэсэн ерөнхий төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ жилийн сонгууль онцлогтой. Өдийд нэр дэвшихээр горилогчид намынхантайгаа ажиллаад явдаг цаг үе. Нөхцөл байдал өөрөөр яригдаж байна. Тухайлбал, нийгмийн сүлжээгээр дамжуулж ажиллах, сонгуульдаа бэлтгэх, хуулийн дагуу календарьчилсан төлөвлөгөөний дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ хийгээд явж байна.
-Тантай уулзсаных, хотын дарга асан Э.Бат-Үүлтэй холбоотой асуудлаар тодруулга авъя. Тухайн үед та Худалдан авалтын газрын дарга хийж байсан. Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор хууль бус ажиллагаа явагдсан юм уу?
-Хууль бус юм байсан уу гэдэгт би үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй. Тэрийг хуулийн байгууллага шалгаж, үнэн зөвийг нь тогтоодог. Энэ ажлын гол хөрөнгө оруулалт хариуцсан орлогч даргын хувьд хэлэхэд, гэр хорооллын дахин төлөвлөлт миний эрхлэх ажлын хүрээнд явагддаг байсан. Энэ бол бидний 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө гол барьж байсан, иргэд рүүгээ хандсан хамгийн том төсөл шүү дээ. Тухайн үед үүнийг авч хэрэгжүүлэх хууль, журам байгаагүй. Тийм учраас бид эхний ээлжинд журмаа боловсруулах хэрэгтэй болсон. Дахин төлөвлөлт хийгээд амжилтад хүрсэн олон орны туршлага судлах хэрэгтэй болсон. Тийм учраас бид 2012 онд сонгуулиар гарсныхаа дараа Солонгос, Япон гээд дахин төлөвлөлтийг хэд дахин хийгээд хөгжсөн орнуудын туршлага болон хууль дүрэм, акцуудыг судалсан. Эхний ээлжинд журмаа гаргасан. Өмнө нь би яаманд ажиллаж байхдаа хотыг дахин хөгжүүлэх талаар Жайкагийн мэргэжилтнүүдийн зөвлөх үйлчилгээг авч, энэ талаар судалж байсан. Иргэдийн хурлын нэг эрх байдаг. Тусгайлан хуулиар заагаагүй бол нутаг дэвсгэр дээрээ журамлах эрх нь иргэдийн хурлын бүрэн мэдэлд байдаг. Хуулийнхаа хүрээнд бид журмаа боловсруулаад, цаг алдахгүйгээр энэ ажлыг эхлүүлж чадсан. Энэ төслийг эхлүүлэхтэй уялдаад 2009 оноос эхлүүлсэн Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2030 оны ерөнхий төлөвлөгөөг өмнө нь Засгийн газар баталдаг байсан бол УИХ-аар баталдаг болсон хуультай байсныг Барилга, хот байгуулалтын яамтай маш нухацтай ажиллаж, 2013 оны нэг, хоёрдугаар сарын үед Монгол Улсын Их хурлаар баталсан. УИХ батална гэдэг чинь нэгд, хотын ерөнхий төлөвлөгөөг хэн дуртай нь өөрчилдөггүй хэн дуртай нь зөрчдөггүй хуультай болж байна гэсэн үг. Хоёрдугаарт, УИХ баталж өгч байна гэдэг чинь тэр ерөнхий төлөлөвгөөг хэрэгжүүлэх улсын төсөв, улсын байгууллагын зээл тусламж юу байдаг вэ энэ бүгдийг дөхөмтэй болгосон үе шаттай эрх зүйн актуудыг гаргаж ирж энэ төслийг эхлүүлсэн.
-Хичнээн аж ахуйн нэгжийг ямар шалгуураар шалгаруулсан юм бэ?
-2013 оны тавдугаар сард анхны аж ахуйн нэгжүүд шалгарч, ажлаа эхэлсэн байдаг. Ер нь энэ төслийг эхлүүлэхэд манай энэ том барилгын компаниуд бараг орж ирээгүй. Дандаа дундаж аж ахуйн нэгжүүд орж ирж байсан. Манайх Гэр хорооллын хөгжлийн газар гээд яг энэ дахин төлөвлөлтийн асуудлыг хариуцсан газар байгуулсан. Энэ газраас ажлын хэсэг байгуулаад, төслөө зарлаад, Ерөнхий төлөвлөгөөний газартай хамтраад, энэ энэ байршил дээр дахин төлөвлөлт хийнэ гээд зарламагц аж ахуйн нэгжүүд төслөө хийж ирүүлсэн. Ерөнхий төлөвлөгөөний газрын ерөнхий төлөвлөгөөтэй уялдаж байна уу, үгүй юү гэдэг дүгнэлт гаргаад энэ төсөл болж байна гэвэл зарлаж байсан. Төслөө хийж ирүүлсэн аж ахуйн нэгжүүд иргэдтэйгээ очиж ажиллаж, иргэдийн санал хураалт хүртэл хийж байсан шүү дээ. Ер нь иргэдийн 70-аас дээш хувийн санал авч байж тэр аж ахуйн нэгж тухайн талбар дээрээ төсөл хэрэгжүүлэх эрх авч байсан. Энэ чинь иргэдийн оролцоотой төсөл байхгүй юу. Тэрнээс албан тушаалтны шийдвэрээр шууд явдаг төсөл биш.
-Тухайн үед Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн компани орж ирснийг та бүхэн мэдэж байсан уу?
-Мэдээгүй. Тэр үед ганц компани орж ирээгүй шүү дээ. Тухайн талбар дээр зургаа, долоон компани өрсөлдсөн байх. “Грандлайн” гэдэг компани түншлэлээр орсон болов уу гэж бодоод байна. Зургаа, долоон жилийн өмнөх юмыг сайн санахгүй байна л даа. Бичиг цаасаа үзэж амжаагүй учраас. Тэр үед Мөнхжин гэдэг захиралтай Грандлайн гэдэг компани байсан. Тэгж байтал дараа нь Бат-Үүл даргын хүүхдийн компани гэнэ ээ гэсэн яриа гарсан. Тэрнээс хэний, ямар аж ахуйн нэгж орж ирж байгааг бид мэдэхгүй шүү дээ. Энэ чинь хэнээс гаралтай юм бэ гэж асуултай биш. Дараа нь дахин төлөвлөлт эхлүүлж байхад, хотын удирдлагууд иргэдтэй уулздаг байсан. “Баянзүрх нэг зүрх” гэдэг байран дээр уулзаж байсан, тэр үед олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл ирсэн байсан санагдаж байна. Тэрэн дээр харин Э.Бат-Үүл дарга өөрөө зарлаж, “Миний хүүгийн компани ороод, шалгараад явчихсан байна. Иргэд та бүхэн энэ аж ахуйн нэгжийг өөрчилж өг өө. Тэгэхгүй бол надад хотын даргын хүүхдийн компани ороод явчихлаа гэдэг асуудал гарна гэж тэр үед хэлж байсан юм. Тэгж бид хүүхдийнх нь компани мөн байна гэдгийг мэдсэн. Иргэд нэгэнт шалгаруулсан, тухайн компани талбай дээрээ иргэдтэйгээ тохироод, ажлаа эхлүүлсэн байсан. Журмыг нь үзвэл ямар хугацаа заасныг нь мэднэ. Тухайн хугацаанд иргэдийнхээ саналыг аваад, хамтраад ажилласан байсан үе учраас иргэд нь зөвшөөрөхгүй байсан. Иргэд саналаа битүүмжилж ирүүлээд, манай Гэр хорооллын газрынхан, Ерөнхий төлөвлөгөөний газрынхан, бас Төрийн сангийнхан оролцсон, ажлын хэсэг дээр бүх юмыг нь үзэж байсан. Тэгээд дүгнэлтээ гаргаад, хурлын даргаар удирдуулсан Төслийн удирдах хороонд ордог. Төслийн удирдах хороо эцсийн шийдвэр гаргадаг процесс. Бид энийгээ 2015 онд байна уу УИХ-аар оруулж, Хотыг дахин хөгжүүлэх тухай хуультай болгосон. Харамсалтай нь, энэ хууль хэрэгжихгүй байна. Бидний дараа 2016 онд МАН эрх барьж эхлээд энэ төсөл үндсэндээ зогссон. Энэ хуулиа хэрэгжүүлээд, хуулийн дагуу төслүүдийг дүүргүүдэд нь өгчих ёстой байгаа юм. Ядаж төвийн зургаан дүүрэгт. Тэгвэл манай энэ дүүргүүд цаасаар биш, бүтээн байгуулалтаараа уралддаг болно.
Б.ЖАРГАЛ