УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр /2020.04.17/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ хангалттай буусан. 2020 оны эхэнд 70 ам.доллар байсан бол өнөөдөр 22 ам.доллар руу буурлаа. Иран, Иракт 10 ам.доллар болсон.
Монголд өнөөдөр газрын тосны үнэ 300-400 төгрөгөөр буурсан. Зарим газраа хангалттай буухгүй байна.
2018-2019 онд хилээр орж ирж байсан газрын тосны дундаж ханш нэг тонн нь 650 ам.доллар байсан бол өнөөдөр 370 ам.доллар болсон. Энэ нь нэг литр тутамд 930 төгрөгийн зөрүү гарч байгаа гэсэн үг. Газрын тосны үнэ 600 төгрөгөөр буурах нөхцөл бий болсон гэсэн үг. Тийм учраас өндөр үнэтэйгээр газрын тос борлуулагдаж байгаа асуудлыг Засгийн газар дахин хэлэлцэж, компаниудтайгаа хэлцэлд орж, хямралтай үед үнийг нь зайлшгүй бууруулах шаардлага үүсч байна.
2018 онд би хуурамч дизель түлш борлуулж байгаа талаар асуудал хөндөж байсан. Үүнээс хойш керосин, нафта зэрэг бүтээгдэхүүн орж ирэх нь багассан. Керосин, нафта зэргийг импортоор оруулж ирээд нэг тонных нь 15 хувьд нь энэхүү бүтээгдэхүүнийг хольдог. Ийм бүтээгдэхүүн нь автомашины эд ангийн эвддэг учраас ард иргэдийг эдийн засгийн хувьд хохироодог.
Газрын тос импортлогчид хоёр аргаар ашиг олдог. Нэгдүгээрт, татварын зөрүүгээр ашиг олдог. 2018, 2019 онд газрын тос нэг тонн нь 650 ам.доллар байхад 47 тэрбумын ашиг олсон.
Керосин, нафта гэсэн бүтээгдэхүүнд онцгой албан татвар тогтоодоггүй. Хоёр жилийн дотор нийтдээ 110 тэрбум төгрөгийн ашиг хийсэн. Эдийн засгийн гэмт хэрэг хийж байна, иргэдийн автомашиныг сүйтгэж байна. Керосин нафта зэрэг бүтээгдэхүүнд онцгой албан татвар тогтоох хуулийн төслийг миний бие өргөн барьсан байгаа. Засгийн газар хуулийн төслийг дэмжээгүй ч УИХ-ын гишүүдийг дэмжинэ гэж найдаж байна. Хуулийн төсөл батлагдсанаар ард иргэд маань чанартай газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэдэг болно.
Засгийн газар хуулийн төслийг дэмжээгүй нь керосин, нафта зэрэг бүтээгдэхүүнийг импортолдог аж ахуй нэгжийн нөлөөнд орсон гэсэн үг. Эл бүтээгдэхүүнийг оруулж ирдэг 10-аад аж ахуй нэгж байдаг. Татвар ногдуулах төслийг маш их эсэргүүцдэг, лобби явуулдаг.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ