Адагт үлдсэн Сонгинохайрхан

Хуучирсан мэдээ: 2020.04.17-нд нийтлэгдсэн

Адагт үлдсэн Сонгинохайрхан

Адагт үлдсэн Сонгинохайрхан

“Хотын захиргааны шинэ байрыг Ханын материалд барь. Баянхошуу, Зүүн салаа, Толгойтын гэр хороолол барилгажиж, хөгжинө” гэж хэлэхэд үг авалгүй сөрсний уршгаар Сонгинохайрхан дүүрэг адагт үлдлээ. Худлаа гэвэл энэ дүүрэгт ажиллаад үзээрэй.  Гэр, байшин нь усанд автсан, жорлон нь хальсан, гудамж нь хогондоо дарагдсан, зам нь улаан шороогоороо эргэсэн дүр төрх угтана. Худгийнх нь шугам сүлжээг шинэчлэх нэрээр газрыг нь эвдэн, шороо овоолсон газар ч бишгүй.  Хоёр жил болоход газрыг тэгшлэх ажил хийгээгүй бодвол тэр чигт нь орхисон хэрэг биз.

Уг нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал/НИТХ/-аар 2017 онд хотын захиргааны шинэ байрыг Яармаг руу нүүлгэн шилжүүлж барих асуудал хэлэлцэгдэх үед Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон төлөөлөгчид нь эсэргүүцэж, шийдвэрийг хэвээр үлдээсэн бол өнөөдөр эл дүүрэг бусдын адаг болохгүй л байсан болов уу.

Үгүй ядах нь ээ, эсэргүүцсэн бол дүүргээ хөгжүүлэх сэтгэл зүтгэл төлөөлөгчдөд байна гэх итгэл үнэмшил төрүүлэх байсан. УИХ-д төлөөлөл болж сонгогдсон зургаан гишүүн нь ч энэ асуудал дээр хуруугаа хөдөлгөх нь байтугай амаа ч билүүдээгүй.  Албан тушаал л чухал байснаас  дүүрэг хөгжих эсэх хорьдугаар асуудал байжээ гэдэг нь тодорхой болсон.

Сонгинохайрхан дүүрэг нь 320 мянган хүн амтай.  Дүүргүүдээсээ хамгийн том нь. Хэдийгээр хотын захиргааны шинэ байрыг Ханын материалд барих санаачлага нь хотын экс дарга Э.Бат-Үүлийнх байсан ч гэлээ намчирхалгүй хөгжил гэдэг өнцгөөр хандаж харсан бол хамгийн асуудалтай дүүргээ хөгжүүлэх бололцоо байв.

Яармагийн дэнжид сүндэрлэсэн хотын захиргааны шинэ байрыг хараарай.  Зөвхөн барилга нь 5 га газрыг хамарч буй.  Тохижилт, цэцэрлэгжүүлэлт хийгдэхэд талбайн хэмжээ нэмэгдэнэ.  Өөрөөр хэлбэл, Ханын материал орчмын 5 га газар зөвхөн хотын захиргааны шинэ байрыг дагаад шинэчлэгдэх байв.

Нийслэлийн төр захиргааны байгууллага нь 30 гаруй агентлагтай. Тэр бүгд энэхүү шинэ барилгад төвлөрөхөөр дагаад орон сууцны хорооллууд олноор босно. Хувийн хэвшлүүд гэр хорооллынхноос газрыг нь үнэлж авснаар орон сууцны хороолол хэдэн зуугаараа сүндэрлэн босно. Яндангийн тоо буурна л гэсэн үг. Харин өнөөдөр хотын захиргааны шинэ байр Яармагийн талд боссоноор газрын ченжүүд хөлжиж, сайд, дарга нар амьдардаг Нүхт орчмын газрын үнэ тэнгэрт хадаж байна. Нэг ёсны жинхэнэ асуудал болоод буй иргэдийн газар эдийн засгийн эргэлтэд орж чадаагүй, харин төр засгийнхныг лоббидож, хөлжсөөр ирсэн хэсэг бүлэг хүмүүсийн бизнесийг дэмжсэн ажил болоод л өнгөрч байна.

Гэтэл энэ дүүргийг төлөөлж сонгогдсон хүмүүс нь  ”Сонгинохайрхан дүүрэгт хамгийн том цэцэрлэгт хүрээлэн баригдана”,  “Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд үерээс хамгаалах байгууламж барина”,  “Баянхошуунд агаарын дүүжин барина” гэж ярих нь ичгэвтэр биш үү.

Сонгинохайрхан дүүрэгт шинэ эмнэлэг ашиглалтад орох тухай ярьж буй. Дүүрэг бүрт л шинээр эмнэлэг баригдсан. Чингэлтэй дүүргийнхэн Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгээс үйлчилгээ авах боломжтой бол Баянзүрх дүүргийн иргэд Япон технологиор баригдсан Анагаахын үндэсний шинжлэх ухааны их сургуулийн харъяа эмнэлэгт үйлчлүүлж байна. Хан-Уул дүүрэгт ирэх зургадугаар сард 300 ортой төрөх эмнэлэг шинээр ашиглалтад орно. Бусад дүүргийнхээ жишгээр л нэг шинэ эмнэлэгтэй болж байна. Энэ бол хийх ёстой л ажил. Одоо байгаа эмнэлэг нь оршин сууж буй иргэдийнхээ ачааллыг дийлэхгүй хэдэн жил болж буй билээ дээ.  Ичих нүүртэй л байгаарай.

Сонгинохайрхан дүүргийн иргэд ч хэдэн үеэрээ энэхүү шавар балчигтаа амьдармааргүй байгаа бол парламентын ордныг Сонгинохайрхан дүүрэгт барьж чадах улс төрийн хүчинд л итгэл үзүүл. Тэр цагт газрын үнэ тань өснө, хашааны газраа та байраар солино,  хашаандаа хаус бариад амьдрах бололцоо бүрдэнэ. Төр захиргааны томоохон барилга баригдсан цагт л дэд бүтцийн шугам татагдаж, агаар, хөрсний бохирдолд идэгдсэн дүүргийг хөгжүүлнэ.

Ардын намынхан парламентын ордныг Сонгинохайрхан дүүрэгт барих төлөвлөгөө ч байхгүй, сонирхол ч байхгүй. Газрын шинэ, агаарын цэнгэгийг дагаж сонголт хийдэг. Түүнийгээ ч хотын захиргааны шинэ байр барихад хэрэгжүүлсэн.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн танилцуулсан 2050 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр нийслэл ирээдүйд Богд уулыг тойрч хөгжих дүр зураг гарсан.Харин хамгийн том асуудал нь гэр хороололд бий.

Улс орнуудын туршлага ч бэлээхэн бий. БНСУ-ын Сөүл хот хэдхэн жилийн дотор орчин үеийн хот  болж хөгжихдөө гэр хорооллоо л барилгажуулж чадсанд байдаг. Хүн бүрийн очиж үзэх дуртай Ганнам дүүрэг тухайн цаг үедээ Сонгинохайрхан дүүрэг шиг хамгийн  хоцрогдсон нь байсан ч зөв төлөвлөлтийн дүнд дэлхийн хамгийн чинээлэг дүүрэг болж, өөрчлөгдсөн юм.

Одоо Сонгинохайрханыг хөгжүүлэх ганц боломж парламентын ордныг дүүрэгтээ бариулах. Үүний төлөө тэмц, зүтгэ.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж