“Уушиг орлуулах амьсгалын аппаратанд орсон өвчтөн байхгүй”

Хуучирсан мэдээ: 2020.04.17-нд нийтлэгдсэн

COVID-19

“Уушиг орлуулах амьсгалын аппаратанд орсон өвчтөн байхгүй”

“Уушиг орлуулах амьсгалын аппаратанд орсон өвчтөн байхгүй”

НЭМЭЛТ: 

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр зарим зүйлийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодрууллаа.

ХӨСҮТ-д халдвартай иргэдийг эмчлэхэд зориулсан уушиг орлуулах амьсгалын аппарат хүрэлцээтэй байгаа юу?

-Одоогоор ХӨСҮТ-ийн албан ёсны шинжилгээгээр батлагдсан 31 тохиолдол дунд уушиг орлуулах амьсгалын аппарат хэрэглээгүй байгаа. Ерөнхийдөө өвчтөнүүд эмнэл зүйн шинж тэмдэг бага зэрэг илэрсэн, нууц үеийнхээ төгсгөлд бид халдварын тохиолдлыг барьж авч чадсан. Тэр өвчтөнүүдэд хэд хоногийн дараагаар уушиг нь сүүдэртэй болох, хатгалгаа тусах шинж тэмдэг илэрч байна. Гэхдээ одоогоор уушиг орлуулах амьсгалын аппаратанд орсон хүнд өвчтөн байхгүй. Өвчтөнүүдийн биеийн байдал харьцангуй гайгүй байгаа.

-Халдвар авсан Франц улсын иргэний биеийн байдал ямар байгаа вэ?

Франц улсын иргэний бие сайн байна. Бид халдвар авсан өвчтөнүүдийг эмнэлгээс гаргахдаа лабораторийн шинжилгээгээр шинэ коронавирус илрээгүй болсон үед нь эмнэлгээс гаргана. Франц иргэний биеийн байдлын бүх шинжилгээнүүд нь болохгүй байгаа учраас ажиглалт, тандалт үргэлжилж байна.

-БНХАУ-ын Эрээнээс ирсэн 58 иргэнээс нэг сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарласан гэлээ. Сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу хэзээ гарах вэ?

Эрээн хотоос ирсэн иргэдийг Замын-Үүд дээр хоёр зочид буудалд хуваан, тусгаарласан. Нэг сэжигтэй тохиолдол гарсныг эмнэлгийн байгууллагынхаа байранд тусгаарлаад байна. Одоо шинжилгээ нь хот руу ирж байгаа. Хариу нь маргааш гарна. Бусад хүмүүсэээс үргэлжлүүлэн шинжилгээ авна. Ард иргэдээ орж ирэхэд нь урьдчилсан байдлаар түргэвчилсэн тест тавьж, оруулсан. Одоогийн байдлаар бүгд сөрөг гарсан.


“ХӨСҮТ-ИЙН ЛАБОРАТОРИ ДЭМБ-ЫН ГЭРЧИЛГЭЭТЭЙ УЧРААС ЭРГЭЛЗЭХ ХЭРЭГГҮЙ”

ЭМЯ-ны тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл

“Өчигдөр та бүхэнд цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэснээс хойш дэлхийн 213 улс орон, бүс нутагт өвчлөл бүртгэгдэж, 2 сая 182 мянган хүн өвчилж, 145 мянга 515 хүн нас барж, 547 мянга 94 хүн эдгэрч эмнэлгээр гарчээ. Нийт 1.4 сая хүн эмнэлэгт энэ өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байна.

Өвчлөлийн байдлаар АНУ, Итали, Иран, Испани, Франц, Герман, Швейцарь, Их Британи, Турк улсад өвчлөл өндөр, тархалт ихтэй байна. Мөн ОХУ-ын бүх мужид коронавирусийн өвчлөл бүртгэгдсэн. Өчигдөр бид Алтайн бүгд найрамдах улсад өвчлөл бүртгэгдээгүй гэж хэлж байсан боловч харамсалтай нь хоёр тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Энэ улс нь манай Баян-Өлгий аймагтай хиллэдэг. Москва, Санкт-Петербург хоёр хотод өвчлөлийн голомт зонхилон тархаж байна. Ийм учраас эдгээр хотоос ирж байгаа зорчигч иргэдээ бусад мужууд нь 14 хоног тусгаарлаж байх шийдвэрийг өчигдрөөс мөрдөж байна. Ялалтын баярыг хойшлуулж, 2020 оныг ахмад дайчдаа хүндэтгэх жил болгон зарласан. Москва хотын Захирагч коронавирусийн дэгдэлтийн үед эмч нарыг ажилдаа ирж, очиход үнэгүй таксигаар үйлчлэх, зочид буудалд үнэгүй байрлуулах шийдвэрийг гаргаж байгаа юм байна.

Манай улсын хэмжээнд ажиглалтад нийт 1642 хүн байна. Эдгээр иргэнээс хоёр хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн. Тусгай 119 утас руу 24 цагийн дотор 148 дуудлага хүлээн авсны ихэнх нь Д.Нямхүү доктороос “Эсрэг бие гэдгийг сайн тайлбарлаж өгөөч” гэдэг хүсэлтийг тавьсан.

“УБ-Сонгдо” эмнэлгээс илэрсэн хоёр тохиолдолтой холбоотойгоор хоёр өдөр дараалан шинжилгээ хийсэн. Уг шинжилгээгээр хоёр тохиолдолоос вирус илрээгүй, эсрэг бие ч үүсээгүй байна гэдгийг илрүүлсэн. ХӨСҮТ-ийн лаборатори бол дэлхийн томуугийн сүлжээ лабораторит орсон ДЭМБ-ын гэрчилгээтэй, үндэсний лавлагаа лаборатори учраас та бүхэн шинжилгээний хариунд эргэлзэх хэрэггүй гэдгийг албан ёсоор хэлж байна. “УБ-Сонгдо” эмнэлэгт халдвартай тохиолдол илрээгүй учраас бусад хүмүүсийг тусгаарлах шаардлагагүй.

“ЕВРОПЫН ЗАРИМ УЛСАД ХӨЛ ХОРИОГ СУЛРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ”

Дэлхийн дахинд шинэ коронавирусийн халдварын талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаар тус яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа  мэдээллээ. Тэрбээр “Европын зарим улсуудад хязгаарлалтын арга хэмжээг цуцлах, хөл хориог сулруулж эхлэх шийдвэрийг гаргаж эхэлж байгаатай холбогдуулан ДЭМБ-ын Европын бүсийн захирал улс орнуудад хандаж, хамтын эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах талаар уриалсан байна. Итали, Испани, Франц зэрэг улсуудад халдварын тархалтын эрчим саарч байгаа ч тивийн хэмжээнд нийт халдварын тохиолдлын тоо сүүлийн 10 өдрийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн болохыг бүсийн захирал анхааруулжээ. Бас Европ тив хөл хорионы арга хэмжээг сунгаж байгаа Их Британид дахин гурван долоо хоногийн хугацаагаар сунгасан.

Мөн Польш улс хөл хорио гаргасан шийдвэрээ тавдугаар сарын 3-н хүртэл сунгаж байгаагаа мэдэгджээ. Франц улсад 24 цагийн хугацаанд 753 хүн нас барж, шинээр эмнэлэгт хэвтэх, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй хүний тоо бага зэрэг буурч байгаа ч нас баралт өндөр хэвээр байна. Тухайн улсын хувьд хөл хориогоо сунгасан талаар өмнө нь мэдээлсэн. Турк улсад шинэ коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж, 24 цагийн хугацаанд 125 хүн нас барсан. Тус улсад одоогийн байдлаар нийтдээ 74 мянган хүн халдвар авсан нь тогтоогдоод байна. АНУ-ын Нью-Йорк мужийн захирагч тогтоосон хөл хориог тавдугаар сарын 15-ныг хүртэл сунгаж байгаагаа мэдэгдсэн. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дахин 606 хүн нас барж, халдварын тархалт, нас баралтыг бууруулахаас нааш хөл хориог цуцлах аргагүй гэдгээ мэдэгджээ.

“ДЭЛХИЙН 90 ГАРУЙ ОРНЫ ЭРДЭМТЭД НЭГДЭЖ, ДӨРВӨН ЭМ ТУРШИЖ БАЙНА”

Дэлхий дахинд хийгдэж буй шинжлэх ухааны судалгаа шинжилгээний тоймоос ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, анагаах ухааны доктор н.Оюунсүрэн мэдээлэл хуваалцсан юм. Тэрбээр “Цар тахлын эсрэг дэлхий нийтээрээ тэмцэх нэг арга зам бол шинжлэх ухаан. Шинэ коронавирустэй холбоотойгоор дэлхийд 6000 гаруй тойм, нийтлэл хэвлэгдсэн. Үүнээс 1700 гаруй өгүүлэл шинжлэх ухааны судалгаатай холбоотой нийтлэл байна. Дэлхийн бүх эрдэмтэд вирус судлал, вакцин, эмчилгээ, оношлогоо, урьдчилан сэргийлэх чиглэлээр илүү судалгаа шинжилгээг хийж байна. Хүн амын эрүүл мэндийг хамгаалахын төлөө дэлхийн олон эрдэмтэд судалгаа хийж, гарсан үр дүнгээ нийтлэх, харилцан туршлага судалж байна.

Монгол улсын эрдэмтэн судлаачид бусад орны эрдэмтэн судлаачидтай туршлага судлан ажиллаж байна. ДЭМБ-ын санаачилгаар “Эв санааны судалгаа”-г дэлхийн 90 гаруй оронд вирусийн эсрэг өндөр үр дүнтэй эм гарган авахаар судалгааны ажлыг эхлүүлээд байна. Эм бүтээх судалгаа нь олон жилийг шаарддаг боловч уг судалгааны хүрээнд дэлхийн эрдэмтэд нэг санаа дээр ажиллаж нэгтгэснээр судалгааны хугацааг 80 хувиар богиносгох боломж бүрдээд байна. Учир нь энэ судалгаанд туршигдаж буй дөрвөн эм вирусээр үүсгэгддэг ДОХ, хумхай, үе мөч эмгэг, эболо өвчний үед хэрэглэгдэж байгаа үр дүн өндөртэй эм ажээ. Дэлхийн 70 гаруй эрдэм шинжилгээний байгууллагад вакцины туршилтуудыг хийж байна.

“ХӨСҮТ-ИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД ИЛҮҮ ЦАГИЙН МӨНГӨТЭЙ НИЙЛЭЭД 4.5 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВЧ БАЙНА"

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү

“Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораториор нийт 373 шинжилгээ хийсэн. Бүгдэд нь шинэ коронавирус илрээгүй. Үүнээс гадна ХӨСҮТ-д тусгаарлагдсан 194 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 164 хүний шинжилгээ, тандалтын зорилгоор эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж буй уушигны хатгалгаатай 15 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. “Сэлбэ”, “Ивээлэн”, “Батсүмбэр”, “Баянхангай”, “Баянбайгаль” сувилалд ажиглалтад байсан 164 хүнийг ажиглалтын хугацаа дууссан учраас хоёр удаагийн шинжилгээгээр гэрийн ажиглалтад шилжүүлсэн.

Өнгөрөгч нэгдүгээр сарын 27-ноос өдийг хүртэл 1124 хүнд тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн. Томуугийн тандалтын тогтолцоо гэж 2004 оноос хойш хэрэгжиж эхэлсэн АНУ-ын халдварт өвчин судлалын төвтэй нийлж эхлүүлсэн тандалтыг тогтолцоо Монголын 156 цэгээс томуугийн шинж тэмдэг бүхий хүмүүсээс хамар, залгиурын замаар шинжилгээ  хийдэг цэг байгаа. Тэрийг тандан хянаж, 2004 оноос хойш хийсний дагуу давхар шинэ коронавирусийн шинжилгээг хийгээд явж байна. Энэ бол бас том систем юм.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 243 хүн эмчилгээ хяналт, тандалт, лабораторийн шинжилгээг хийгдэн эмчлүүлж байна. Замын-Үүд боомтоор Эрээн хотоос 58 хүн орж ирсэн. Үүнээс нэг сэжигтэй тохиолдол гэж үзэн тусгаарласан. Шинжилгээг аваад хот руу илгээсэн. Бусад хүмүүсийг ажиглалтад авсан. БНХАУ-ын талаар шинжилгээг бүрэн хийж, хилээр нэвтрүүлсэн.

Манай эмч, ажилчдын хувьд ажлын илүү цагийн мөнгөн дээр гомдол гаргасан зүйл байхгүй. Жишээлбэл, өмнө нь 1 сая 500 мянган төгрөгийн цалин авдаг байсан эмч коронавирусийн халдвар урьдчилан сэргийлэх ажилд дайчлагдан ажиллаад, илүү цагийн мөнгөтэйгээ нийлээд 4.5 сая гаруй төгрөгийн цалин авч байна. Сувилагчид хоёр дахин илүү цалин авч байна. Өмнө нь 2009 онд гарч байсан халдварт өвчний үед эмч мэргэжилтнүүдийн ажилласан илүү цагийн мөнгийг цаг тухайд нь олголгүй, сүүлд аравдугаар сард нөхөн авч байсан.

Энэ удаа эмч, мэргэжилтнүүд маань цаг тухайдаа цалин хөлсөө аваад ажиллаж байна. Сая “Голомт” банкнаас 100 сая төгрөг өгөхөд зөвхөн тусгай тасагт ажилладаг хүмүүстээ гэхгүйгээр бүх ажилчдадаа хуваан өгсөн. ХӨСҮТ-ийн 800 ажилтан бүгд л адилхан нэг нэгнийхээ ажлыг хариуцаад ажиллаж байгаа. Сүүлд халдвар авсан Франц улсын иргэний ажилладаг компаниас 100 сая төгрөг өгсөн. Тэрийг бүх ажилчдадаа ижил хэмжээгээр хуваасан. Бас Улсын онцгой комиссоос нэмэлт мөнгө өгөхөд ажил үүрэг гүйцэтгэж буй ажилчдадаа урамшуулал болгон өгсөн.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Thursday, April 16, 2020

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж