Барууны орнууд хөл хорионы дэглэмээ зөөлрүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.04.17-нд нийтлэгдсэн

Барууны орнууд хөл хорионы дэглэмээ зөөлрүүлж эхэллээ

Барууны орнууд хөл хорионы дэглэмээ зөөлрүүлж эхэллээ

Бүгд найрамдах Чех улсын иргэд тоног төхөөрөмж, унадаг дугуйн дэлгүүрүүдээр үйлчлүүлж, теннис тоглож, усанд сэлэх боломжтой боллоо. Италичууд харин номын дэлгүүр, угаалгын газраар үйлчлүүлж, Данийн залуу оюутнууд анги танхимдаа эргэн ирцгээж байна. Австри жижиг дэлгүүрүүдээ нээж, Герман ч дараа долоо хоногоос уг жишгийг дагах гэнэ.

Эдгээр орон баруунд коронавирусийн тархалтыг зогсоохоор тогтоосон хөл хориогоо цуцалж буй анхны улсууд болж байна. Харин бусад улс үргэлжлүүлэн хөл хорионд байх зуураа дээрх улсуудаас туршлага судалж, тус бүрдээ хэрхэн хөл хорионоос гарах төлөвлөгөөгөө боловсруулах бололтой.

ХБНГУ-ын холбооны Канцлер Ангела Меркель Европын хамгийн том эдийн засаг бүхий Герман улс дараа долоо хоногоос эхлэн зарим дэглэмээ алхам алхмаар, болгоомжтой сулруулахад бэлэн болсноо энэ долоо хоногт зарлаж, “Бидэнд эргэлт хийх зав, зай бага байна” хэмээн мэдэгджээ. Гэсэн ч улсынх нь зарим хэсэг аажим аажмаар хөдөлгөөнд орж эхэлсэн байна.

Чех улсын мэргэжлийн тамирчин Ирена Гилларова өнгөрсөн долоо хоногт хөл хорионы дэглэм суларснаар удаан хугацааны дараа сая Прагийн Жулиска цэнгэлдэх хүрээлэнд бэлтгэлдээ эргэн орох боломжтой болжээ. Тэрбээр “Миний хувьд үнэхээр гайхалтай байна. Би маш их догдолж, бас баярлаж байна. Гэртээ байх хоёр долоо хоногийн хугацаанд би өөрийн мэргэжлийг өмнөхөөсөө ч улам ихээр хайрлах боллоо. Цэнгэлдэх хүрээлэнд нэг дор тоотой хэдэн хүмүүсийг л оруулах хуваарь гаргасан учир би бэлтгэл хийхдээ өөрийгөө 100 хувь аюулгүйгээр мэдэрч байна. Зохион байгуулалт ийм сайн байгаа тул бид ч гэсэн ухаантай, хариуцлагатай байх хэрэгтэй.” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Оксфорд Сайд бизнесийн сургуулийн дэлхийн эрүүл мэндийн мэргэжилтэн доктор Питер Дробак CNN агентлагт “Хөл хорионы дэглэмээ аажмаар сулруулж байгаа эдгээр улсууд барууны бусад орны хувьд чухал үлгэр жишээ болж байна. Бид хөл хорионоос хэрхэн аюулгүй, үр дүнтэй гарах талаар сурах зүйл их байна” хэмээн ярьжээ.

Харин ДЭМБ-ын Европыг хариуцсан захирал доктор Ханс Клуге өнгөрсөн долоо хоногт “Аль ч дэглэмийг сулруулах нь тодорхой хэмжээнд эрсдэл дагуулна. Европ дахь нөхцөл байдал ярвигтай хэвээрээ байна. Одоо бол бүрэн тайвшрах тохиромжтой цаг огт биш. Европ тахлын голомт хэвээрээ байна. Тахалд хамгийн ихээр нэрвэгдсэн 10 улсын долоо нь европ тивд байна” хэмээн хатуу сануулсан байна.

Эрүүл мэндийн The Lancet сэтгүүлд нийтлэгдсэн, БНХАУ дахь коронавирусийн дэгдэлт дээр үндэслэн хийсэн судалгааны үр дүн олон улс коронавирусийн эсрэг вакцин гаргахаас өмнө хөл хориог бүрмөсөн цуцалж болохгүй гэдгийг тайлбарласан байна.

ИЛҮҮ ХАРИУЦЛАГАТАЙ ОРНУУД

Дробакын хэлснээр хөл хорионы дэглэмээ сулруулж буй орнууд Европтоо хамгийн түрүүнд хөл хорио зарласан, түргэн шуурхай оношилж эхэлснээрээ нийтлэг аж. Тэрбээр “Тус улсууд хамгийн түрүүнд шаардлагатай зүйлсийг хийсэн бөгөөд үр дүнд нь одоо хамгийн хүнд үеийнхээ ард гарсан байна. Түүнээс гадна эдгээр орнууд дахь коронавирусээр нас барагсдын тоо бусдынх шигээ хэдэн мянгаар биш, хэдэн арав, хэдэн зуугаар тоологдож байна. Удирдлага нь хариуцлагатай, зөв ажилласан учир дээрх улсууд одоо бусдаасаа илүү таатай нөхцөл бүрдүүлээд байна. Мөн тэдний хөл хориог сулруулах төлөвлөгөө ч хариуцлагатай, ухаалаг харагдаж байна. Энэ бүхэн маш аажмаар хэрэгжих бөгөөд Засгийн газрууд нь шинэ халдварын тохиолдлыг илрүүлж, хянах боломжтой байх болно. Хэрвээ шинэ халдварын тоо хэтэрхий эрчимтэй өсч эхэлбэл хөл хориогоо буцаан чангалах боломжтой. Бусад орнууд ч гэсэн энэ жишгийг дагах хэрэгтэй” хэмээн хэлжээ.

Тэрбээр үргэлжлүүлэн “Дээрх улсуудын жишгийг дагахаар төлөвлөж буй орнууд ялангуяа хоёрдугаар давлагаанаас сэрэмжилж байгаа бол гурван зүйлийг мэдэх шаардлагатай. Нэгдүгээрт, байдлыг эргүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл шинэ халдварын тоог тогтмол бууруулж эхэлсэн байх шаардлагатай. Хоёрдугаарт, тухайн орны эрүүл мэндийн систем эргээд халдварын тохиолдол ихэслээ гэхэд ачааллаа даах чадвартай байх хэрэгтэй. Гуравдугаарт, халдвар авсан хүн бусдад халдвар тараахаас өмнө шуурхай арга хэмжээ авахын тулд олноор нь шинжилгээ хийх, маршрут тогтоох, тусгаарлах систем хэрэгтэй. Эдгээр бол нэн тэргүүний зүйлс бөгөөд бүх улс анхнаасаа ийм системээр ажилласан ч болоосой гэж би хүсч байна” хэмээн зөвлөжээ.

ГЕРМАН ДЭЛГҮҮРҮҮДЭЭ НЭЭХ Ч ЗАЙ БАРИХ ДҮРЭМ ХЭВЭЭР ҮЙЛЧИЛНЭ

Түргэн шуурхай ажиллаж, халдварын оргил үеийн ард нь гарч чадсан Герман улс дараа долоо хоногоос дэлгүүр хоршоодоо нээж эхлэх гэж байна. Тухайлбал 800 м.кв талбай бүрт үйлчилгээ явуулах нэг дэлгүүрийг нээх бөгөөд дэлгүүрээр үйлчлүүлэхдээ урьдын эрүүл ахуйн, зай барих дүрмийг хэрэгжүүлэх ёстой гэнэ.

Мөн эрүүл ахуйн шаардлага хангасан сургуулиуд тавдугаар сарын 4-нөөс эхлэн бага, дунд төгсөх ангийн сурагчидтайгаа хичээллэж болно гэв. Харин өдөр өнжүүлэх төвүүд нээх болоогүй гэнэ. Мөн олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглох, олноороо цугларахгүй байх дүрмүүд хэвээрээ үлдэх ажээ.

Германд өнгөрсөн долоо хоногийн дундуур халдварын хамгийн оргил үе тохиож, нэг өдрийн дотор 285 хүн бүртгэгдсэнээр нийт халдварлагсдын тоог 3254 болгосон билээ. Гэсэн хэдий ч тэр өдөр нас барсан хүний тоо хамгийн цөөн тохиолдол бүртгэгдсэн. Улсын халдварт өвчин хянан сэргийлэх төвийн удирдагч Лотар Вьелер энэ долоо хоногт "Коронавирусийн эсрэг тулаанд Герман ялалт байгуулж эхэллээ. Ариун цэврээ сахиж, хоорондоо зай барьсан хэвээр байх хэрэгтэй" хэмээн хэлсэн байна.

ИТАЛИ АЛГУУРХАН СЭРЖ БАЙНА

Номын дэлгүүр, угаалгын газар, бичиг хэргийн дэлгүүр, хүүхдийн хувцасны дэлгүүрүүд энэ долоо хоногт ажиллаж эхэлжээ. Мөн удалгүй мод үржүүлэг, компьютерийн үйлдвэр, газрын арчилгаа, зохицуулалт, эрүүл ахуйн ажлууд, цаас болон картон цаасны үйлдвэр зэрэг нээгдэх гэнэ.

Эдгээр өөрчлөлтүүд нь Италийг эргээд энгийн амьдралд оруулах гурван алхамын хоёр дахь нь бөгөөд тавдугаар сарын 3-аас хойш эхлэх аж. Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн халдварт өвчин судлалын захирал Гианни Резза энэ долоо хоногийн эхэнд "Италийн халдвар, нас баралтын тоо аажмаар буурч, байдал сайжирч байна" хэмээн мэдэгджээ.

Гэвч улсын зарим хэсэг хөл хориог сулруулахаа хойшлуулсан байна. Тахалд хамгийн их нэрвэгдсэн Ломбарди, Ването хотуудад номын дэлгүүр, бичиг хэргийн дэлгүүрүүд нээгдээгүй байна. Харин Лазиод номын дэлгүүрүүд дөрөвдүгээр сарын 20-ноос үйл ажиллагаагаа эхлүүлэх аж.

Үйл ажиллагаагаа эхлүүлж буй бүх нэгжүүд эрүүл ахуйн шаардлага дүрмүүдийг дагаж нийтийн гар ариутгагч тавих, үйлчлүүлэгчдээс маск зүүхийг шаардах, хүнс, ундаагаар үйлчлэхдээ бээлий өмсөх зэргийг хэрэгжүүлэх шаардлагатай гэнэ.

Мөн Засгийн газрын зүгээс ард иргэддээ гараа угаах, гар барих, тэврэлдэхээс зайлсхийх, ханиаж, найтаахдаа амаа дарах, орчноо хлор, спиртээр ариутган цэвэрлэх зэргийг зөвлөсөн хэвээрээ байна.

МАДРИДАД 300 МЯНГАН ХҮН АЖИЛДАА ОРНО

Испанид улаан өндөгний баярын дараа хөл хорио тогтоосноос хойш нэг сар өнгөрч, олон ажилчид ажилдаа эргэн орж эхэлжээ. Тухайлбал зөвхөн Мадридад л гэхэд 300 мянган хүн эргэн ажилдаа орсон гэнэ.

Барилгын болон бусад үйлдвэрлэлийн ажлууд дахин эхэлсэн ч нэн шаардлагатай бус дэлгүүр, уушийн газар, ресторанууд хаалттай хэвээр байгаа аж. ОУВС Испанийн ДНБ 2020 онд 8 хувиар буурч, 2021 онд 4.3 хувиар эргэн өсөх төлөвтэй байна хэмээн тооцоолсон байна.

Испанийн үйлдвэрчдийн эвлэлийн зүгээс эрсдэлтэй үед ажилчид ажилдаа эргэн орж байгаа учир ажил олгогчид ажилчдаа хувийн хамгаалах хувцас хэрэгслээр хангахыг уриалсан байна. Каталан бүсийн ерөнхийлөгч Куйм Торра харин ажилчдын ажилдаа эргэн орох шийдвэрийг “Хариуцлагагүй, бүдүүлэг” хэмээн тодорхойлсон байна. Энэ мэтээр хэд хэдэн орнууд, сөрөг хүчний намууд, эрдэмтэд хөл хориог сулруулахыг эсэргүүцэж буй билээ.

Испанийн цагдаа нар метро, автобус, галт тэрэгний буудлуудад зогсож, бүх зорчигчдод нийт 10 сая гаруй маск тараажээ.

ДАНИ УЛС ЯАРЧ БАЙНА

Даничууд сүүлийн үед шинэ халдварын тоо буурахын хэрээр хөл хорионы дэглэмээ сулруулах ажлаа хурдасгасныг Ерөнхий сайд Метт Фредриксен  зарлажээ.

Тэрбээр энэ долоо хоногт хэвлэлийн бага хурал дээр Дани хөл хорионоос гарах төлөвлөгөөнийхөө эхний хэсгийг дөрөвдүгээр сарын 15-наас эхлүүлэх бөгөөд үүний дагуу эхний ээлжинд бага сургуулиудыг нээнэ хэмээн мэдэгдсэн байна. Мөн энэ долоо хоногт багтаж Засгийн газрын удирдагчид өөр ямар хязгаарлалтуудыг сулруулах талаар хэлэлцэх гэнэ.

Засгийн газраас өмнө нь өгсөн зааврын дагуу бол тавдугаар сарын 10 хүртэл 10-аас дээш хүн цугларч болохгүй, сүм хийд, кино театр, том худалдааны төвүүд ч мөн үе хүртэл ажиллахгүй, наадам, фестивал, олон хүн цуглуулах арга хэмжээ наймдугаар сар хүртэл хориотой байсан билээ.

Фредриксен “Энэ бүхэн яг л нарийхан олсон дээр алхахтай ижил байна. Бид нэг газраа зогсоод л байвал уначхаж магадгүй, гэхдээ бас хэт хурдан явбал буруудчихна. Тиймээс бид аажим аажмаар болгоомжтой хөдлөх хэрэгтэй” хэмээн ярьсан байна.

5.8 сая иргэнтэй Дани улс Европдоо хамгийн эхэлж буюу гуравдугаар сарын 13-нд хилээ хаасан улс билээ. Мөн тэр долоо хоногтоо багтааж Дани сургууль, кафе, дэлгүүрүүдээ хааж, 10-аас дээш хүн цугларах болон шаардлагагүй бол эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхийг хориглосон байна. “Итали, АНУ-д болсон шиг эмгэнэлт зүйл Данид тохиолдоогүй нь бид маш шуурхай арга хэмжээ авсны ач” хэмээн Фредриксен ярьжээ.

ЧЕХ ДЭЛГҮҮРҮҮДЭЭ НЭЭВ

Бүгд найрамдах Чех улс гуравдугаар сарын 12-нд онц байдал зарлан аялал жуулчлал, олуулаа цугларах үйл ажиллагаануудыг хориглож, нэн шаардлагатай бус бизнесүүдийг хаасан билээ. Мөн Европын бусад орнуудаас ялгаатай нь Чех 10.7 сая ард иргэддээ гуравдугаар сарын 19-нөөс эхлэн гэрээс гарахдаа нүүрээ халхалж байхыг зөвлөсөн байна.

Дээрх шуурхай арга хэмжээнүүд үр дүнгээ өгч эхэлсэнд Засгийн газрын зүгээс зарим хориог цуцлах талаар мэдэгджээ. Чехийн Засгийн газар дөрөвдүгээр сарын 6-нд ард иргэдээ маскгүйгээр ганцаараа дасгал хийх, тоног төхөөрөмж, унадаг дугуйн дэлгүүрээр үйлчлүүлэхийг зөвшөөрч, биеийн тамирын талбайнуудыг нээсэн байна.

Мөн дараа долоо хоногоос эхлэн оюутнууд коллеж, сургуульдаа эргэн орж, ганцаарчилсан зөвлөгөө авч болохоор болов. Ахлах сургуулийн төгсөлт, элсэлтийн шалгалтууд зургадугаар сарын 1-нээс эхлэх бөгөөд ахлах сургуулиудыг есдүгээр сарын 1-нээс нааш бүрэн нээхгүй аж.

Түүнээс гадна Засгийн газар тариачдын зах, автомашины худалдаа зэргийг үйл ажиллагаагаа явуулахыг, 10-аас дээш хүн цуглуулахгүйгээр хурим хийхийг зөвшөөрчээ. Тавдугаар сарын 25-наас эхлэн ресторан, зуушны газар, паб, дарсны газрууд гадаа талбайд болон авч явах байдлаар үйлчилгээ явуулах боломжтой гэнэ. Мөн ижил өдрөөс эхлэн музей, галлереи, амьтны хүрээлэнгүүд задгай талбайгаа ажиллуулж эхлэх боломжтой аж. Түүнээс гадна үсчин, гоо сайхны салонууд мөн өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж болно гэв. Харин зургадугаар сарын 8-наас эхлэн худалдааны төв, ресторан, зочид буудал зэрэг бүх худалдаа, үйлчилгээний газрууд хэвийн ажиллаж эхлэх аж. Мөн Чех улсаас гарах нэн шаардлагатай тохиолдлуудыг зөвшөөрөх гэнэ.

АВСТРИ АЛХАМ АЛХМААР

Хөрш австричууд харин хөл хорионы дэглэмээ өөр аргаар хөнгөвчилж байна. Зальцбург хот есөн дүүргийнхээ наймд хөл хориог цуцалсан гэнэ. Харин Алтенмарктынхан ихэнх халдварын тохиолдол хөгшчүүдийн асрамжийн газарт илэрч байгаа тул хөл хориогоо хоёр хоногоор сунгасан байна.

Австрийн канцлер Себастиан Курц өнгөрсөн долоо хоногт Австри улаан өндөгний баярын дараа хөл хорионы дэглэмийг сулруулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн билээ. Гэхдээ хөл хорионы дэглэм суларсан ч ард иргэд гадуур явахдаа маск зүүх шаардлагатай аж.

Мөн тавдугаар сарын 1-нээс эхлэн бүх дэлгүүр, худалдааны төв, үсчин, гоо сайхны газрууд нээгдэж, харин ресторан, зочид буудлууд хамгийн эртдээ гэхэд тавдугаар сарын дунд үед нээгдэх гэнэ. Мөн эдгээрийг маш чанга хяналтан дор гүйцэтгэхээ Курц амлажээ.

Тэрбээр аюул хараахан арилаагүй байгааг анхааруулж, Сингапурт болсон явдлыг иш татаж, “Байдлыг гартаа авсан гэж бат итгэх нь эрсдэлтэй. Засгийн газар дөрөвдүгээр сарын сүүл гэхэд сургуулийн хөл хориог тавдугаар сарын дунд үеэс хойш, олноор цугларах арга хэмжээ зохион байгуулахыг зургадугаар сарын сүүлээс хойш сунгах эсэхийг шийдсэн байх болно. Бид өвчнийг үе шаттайгаар дарах зорилготой байна” хэмээн ярьсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Австри тандалтын зорилгоор улс даяар 1500 хүнээс шинжилгээ авч судалжээ. Харин судалгааны үр дүнгээс эрдэмтэд эмнэлэгт хэвтээгүй иргэдийн дунд халдвар нэгээс бага хувь байна хэмээн тооцоолсон байна.

НОРВЕГИ БОЛГООМЖТОЙ БАС ӨӨДРӨГ

Норвеги ч гэсэн бусад орноос өөр аргаар эхэлж байна. Тэд гуравдугаар сарын дунд үед сургуулиудыг нээх талаар нэн тэргүүнд ярьж эхэлсэн. Түүнчлэн дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн хөл хорионы дэглэмийг сулруулж, цэцэрлэгүүдийг нээнэ гэж Ерөнхий сайд Эрна Солберг мэдэгдсэн байна. Харин түүнээс долоо хоногийн дараагаас эхлэн сургуулиудыг нээж, 1-4-р ангийн сурагчдын хичээл үргэлжлэх аж. Тэрбээр “Бид бүх оюутан, сурагчдыг зунаас өмнө хичээлд нь эргээд оруулахыг зорьж байна” хэмээн ярьжээ.

“Сүүлийн үеийн статисткаас харахад халдварын тоо аажмаар буурч байна. Тиймээс бид хамтран ажиллаж, өвчнийг хяналтандаа авч, хөл хориог аажим аажмаар сулруулах боломжтой болно. Бид энэ бүхнийг хамтдаа бүтээж чадна” гэж Солберг хэлэв.

Швейцарь ч гэсэн хөл хорионоос гарах аргаа судалж байна. Вирусийн тархалт багассан хэвээр байвал дөрөвдүгээр сарын 26 хүртэл тогтоосон хөл хориог үл хамааран сарын сүүл гэхэд хилийн хорио, сургууль цэцэрлэг, олноор цугларах зэргийн талаар нааштай шийдвэрүүд гаргахыг эрэлхийлж байгаа аж.

Ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа аврахын тулд хутганы ирэн дээгүүр алхаж буй эдгээр орнууд цаашид олон бэрхшээлтэй учрах нь мэдээж. ДЭМБ-ын Кльюг “Вирусийг дарахын тулд бид өмнөхөөсөө хоёр, гурав дахин илүү хамтарч ажиллах хэрэгтэй” хэмээн цохон тэмдэглэсэн билээ. Тэрбээр мөн “Нохойн дуу ойртож байна хэмээн эрт баярлах нь тун аюултай. Бид төлөвлөгөөндөө хөл хориог сулруулах, зай барихыг болих гэх мэт жижигхэн өөрчлөлт оруулахдаа ч асар өндөр сонор сэрэмжтэй байх шаардлагатай” хэмээн ярьжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж