“Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 57.2 хувиар нэмэгдсэн”

Хуучирсан мэдээ: 2020.04.17-нд нийтлэгдсэн

“Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 57.2 хувиар нэмэгдсэн”

“Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 57.2 хувиар нэмэгдсэн”

Хорио цээрийн дэглэм үргэлжилж буй энэ өдрүүдэд ахуйн хүрээний архидалтаас үүдсэн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл нэмэгдэж байгааг албаныхан хэлж байна. Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлсэн иргэн эргээд заналхийлэл, хүчирхийлэлд өртөх тохиолдол гардаг. Энэ тохиолдолд тухайн мэдээлэгч иргэнийг хэрхэн хамгаалах талаар Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Мөнхсувдаас тодрууллаа.


 -Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэдийн зүгээс гэр бүлийн хүчирхийллийн дуудлага хэр өгч байна вэ?

-Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос шинэ коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлж, хөл хорио цээрийн дэглэмийг өнгөрөгч хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тогтоосон. Энэ хугацаанд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 43 мянга 823 гомдол мэдээллийг хүлээн авч, шалган шийдвэрлэсэн.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.3 хувиар буурсан үзүүлэлттэй боловч зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 8517 буюу 75.6 хувиар өссөн дүнтэй байна.  Цагдаагийн байгууллага өнгөрсөн хоёр сарын хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн шинжтэй нийт 7468 гомдол мэдээлэл хүлээн авсан. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 57.2 хувь өссөн гэсэн үг.

Харин гэмт хэргийн шинжтэй 137 буюу 1.8 хувь, зөрчлийн шинжтэй 7331 буюу 98.2 хувь гомдол мэдээлэл бүртгэгдээд байна. Ингэснээр өнгөрсөн жилийнхээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8.1 хувиар буурч, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 59.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг, зөрчлийн 90 орчим хувь нь бусдын эрүүл мэндэд халдаж, хохирол учруулсан байдаг.

Мөн дэлхийн улс орнуудад шинэ коронавирусийн халдвар тархсанаас хойш цагдаагийн байгууллагад ирсэн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага, мэдээллийн тоо нэмэгдсэн. Тухайлбал, Франц Улсад хөл хорио цээрийн дэглэмийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл 30 хувиар, Аргентинд 25 хувь, Сингапурт 33 хувиар тус тус өссөн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна.

-Гэр бүлийн хүчирхийллийг мэдээлсэн иргэн мэдээлэл өгснийхөө төлөө хүчирхийлэлд өртөх тохиолдол цөөнгүй гардаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор мэдээлэл өгсөн иргэнийг хамгаалж байгаа юу?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж байгаа болон үйлдсэн талаар заавал мэдээлэх үүрэг бүхий субъектүүд гэж бий. Үүнд, бүх шатны сургуулийн байгууллагын ажилтан, багш, эмнэлгийн байгууллагын мэргэжилтэн, төрийн байгууллагын үүргийг гэрээгээр гүйцэтгэж буй төрийн бус байгууллагын ажилтан, төрийн албан хаагчид ажил үүргээ хийх явцдаа мэдсэн бол цагдаагийн байгууллага, сум, дүүргийн Засаг даргад заавал мэдээлэх үүрэгтэй.

Хэрэв энэ үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.4 зүйлд зааснаар 200 мянган төгрөгөөр торгоно. Иргэдийн зүгээс цагдаагийн байгууллагад мэдээлсний дараа хүчирхийлэл үйлдэгчид дуудлага өгсөн иргэнийг мэдээлснээс заналхийлсэн тохиолдол гарч байсан. Тэгвэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд 2020 оны нэгдүгээр сарын 10-нд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Ингэснээр эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 5.4, 6.20, 6.26 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, гэрчид тусламж үйлчилгээ үзүүлсэн хүний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор зөрчлийн хэргийг холбогдох этгээд, өмгөөлөгчид танилцуулахдаа хохирогч, гэрчийн биеийн байцаалтыг нууцлах арга хэмжээ авна гэж заасан. Хуульд ийм өөрчлөлт байна.

-Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл өгснийхөө төлөө хохирсон хэр олон иргэн цагдаагийн байгууллагад ханддаг бол?

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн талаар мэдээлэл өгсний улмаас заналхийлэлд өртсөн гэж албан ёсоор цагдаагийн байгууллагад хандсан хүн тун цөөн. Иргэдийн зүгээс хөл хорио тогтоосон энэ үед нийт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл багассан хэр нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага тодорхой хувиар нэмэгдэж байна. Хөрш айлуудын хувьд ч хүчирхийллийн тухай дуудлага мэдээллийг цаг алдалгүй өгдөг болсон.

Гэр бүлийн хүчирхийллийн тухай дуудлага мэдээллийг хуульд зааснаар амаар, бичгээр, утсаар, цахимаар авах боломжтой. Сүүлийн жилүүдэд хүчирхийлэлд өртөж буй хохирогчид өөрсдөө цагдаагийн байгууллагад ханддаг болсон. Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх газрын хэлтэс гээд фэйсбүүк хуудас ажиллаад, нэг сар болж байна. Энэ хуудсаар дамжуулан иргэд гомдол, мэдээллээ бичиж байгаа. Бидний зүгээс тэр хүмүүстэй холбогдож, харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст холбож өгдөг.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж