Posted by News.mn on Thursday, April 16, 2020
“Тэрбумаас дээш хөрөнгөтэй гишүүд НӨАТ-ын татварыг буулгах төслийг унагаалаа”
УИХ-ын үдээс хойших чуулганаар хэд хэдэн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Тухайлбал, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Тус төслийн Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганболд, Н.Учрал, Л.Энхболд нар ажилласан байна. Ажлын хэсэг хуралдаад төслийн зарим нэр томьёог холбогдох бусад хуулийн нэр томьёотой нийцүүлэх, цахим архивын санг төлбөртэй болон төлбөргүй үйлчилгээний талаарх зохицуулалтыг тусгах, Үндэсний архивын сан хөмрөгт төрийн чиг үүргийг хууль эсвэл гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийн архивын баримтыг хамруулах, төрийн архивын үндсэн чиг үүрэгт хамаарах хөмрөгийн баримтын агуулга, байршил, бүрэлдэхүүн цахим мэдээллийн санд оруулах, төрийн архивын ажилтны нийгмийн баталгааг хангах, төслийн дагаж мөрдөх хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх зэргийг тусгасан гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Төрийн архивын хөтлөлт хэр байгаа вэ. Зарим яам, агентлагийн газруудын дарга нар өмнө нь гаргасан албан бичгүүдээ аваад явчихдаг. Үүнээс болж архивын хөтлөлт алдагдсан зарим архив байна. Энэ хууль батлагдсанаар энэ алдаа, дутагдлыг засаж чадах уу. Хамгийн сайн архив бол сонинууд. Гэхдээ дугаар бүрээр нь архивлах нь цөөхөн байна. Монгол Улсын санах ой болсон архивын хөтлөлтийг сайжруулах чухал хууль орж ирлээ. Алдаа, дутагдлыг нь хэрхэн засахаар хуульд тусгасан бэ.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Миний хариуцаж буй хүрээнд 12 орчим байгууллага бий Тус бүрийг нь хөл дээр нь зогсоочих юмсан гэж 12 жил зүтгэж байгаа юм. Архивын ерөнхий газрын шинэ байшин баригдсан. Дундуур нь удсан тал бий. Энэ байгууллага байгуулагдсанаар 100 жилийн архивын баримтыг хадгалах нөхцөл бүрдсэн. 19 сая ам.долларын өртөгтэй Солонгосын төсөл хэрэгжинэ. Удахгүй гүйцэтгэх компани нь шалгарна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа
Төрийн түүх болоод Монголын ард түмний түүх ой санамжийг архивлаж үлдээх асуудлыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Архив гэдэг тухайн улсын түүх гэдэг утгаараа бүртгэлийн системийг архивтайгаа хэр холбож хуулийн хүрээнд эрх зүйн баталгаа гаргаж байгаа вэ. 21-р зуунд дэлхийн улс орнууд түүхээ аль болох цаасан архиваас гадна дижиталчлах чиглэлээр ололттой байгаа. Энэ чиглэл дээр шинэ хуулийн төсөлд ямар зохицуулалтууд хийсэн бэ.Гадаадад байгаа Монгол иргэдийн бүртгэл, энэ хүмүүст хүүхдүүдэд Монгол өв соёл түүхийг ойлгуулахад архивлан үлдээх зүйлийн жагсаалт байна уу. Иргэдийн хаана амьдарч байгаагаас үл хамааран Монгол улсын хамгийн үнэтэй зүйл бол Монгол хүн.
Төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулж дууссанаар төслийг эцсийн хэллүүлдэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Үргэлжлүүлэн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төсөлтэй холбогдуулж асуулт асуух гишүүн байгаагүй тул Хууль зүйн байнгын хорооноос дэмжсэн зармын зөрүүтэй таван саналаар санал хурааж дууссанаар эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг буцаалаа
Дараа нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, төслийг хууль санаачлагчид буцаалаа.
Төсөл санаачлагч гишүүн Б.Пүрэвдорж танилцуулгадаа, НӨАТ нь бараа, ажил үйлчилгээний эрэлт нийлүүлэлтийн түвшингээс хамаардаг. Энэ нөлөөлөл нь инфляцын түвшинг өсөхөд нөлөөлдөг. Түүнчлэн НӨАТ нь өндөр орлоготой хүмүүст бага дарамттай байдаг бол жижиг, бага орлоготой аж ахуйн нэгжүүдэд маш их дарамт болдгийг танилцуулгадаа тодотгосон.Мөн тэрбээр эдийн засгийн хүндрэлтэй үед иргэдийн орлого эрс багассан. Түүнчлэн жижиг, дунд ААН-үүд цалингаа тавьж чадахгүй ажилчдаа цомхотгох зэрэг нөхцөл байдал бий болсон энэ үед НӨАТ-ын татварыг таван хувь болгох нь иргэн бүрт очих чухал арга хэмжээ. НӨАТ-ын татварын эцсийн хэрэглэгч нь дэлгүүрээс худалдан авалт хийж буй иргэд. Хөдөөгийн иргэд НӨАТ-ын падаан огт авдаггүй учраас НӨАТ-ын буцаан олголтын сугалаанд оролцдоггүй” гэв.
Уг төслийг Төсвийн байнгын хороо дэмжээгүй саналаар санал хураахад, гишүүдийн олонх нь дээрх төслийг хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаав.
Мөн үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Н.Оюундарь нарын 13 гишүүний өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцлээ. Төсөл санаачлагч гишүүн Н.Оюундарь танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг хангах, олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр тодорхой үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлсний нэг нь 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталж, 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар татварын хуулийн хэрэгжилтэд татвар төлөгчийн оролцоотойгоор хяналт тавих, татвар төлөгчийг урамшуулах, бүртгэл, хяналтын тогтолцоог сайжруулах замаар бизнест ээлтэй, тэгш шударга өрсөлдөх орчныг бий болгох, далд эдийн засгийг бууруулах эрх зүйн орчин бүрдсэн болно. Байгууллага, аж ахуйн нэгжид ногдуулах татварын хэмжээ жил бүр нэмэгдэж, татвар төлөлтийн хэмжээ ч сүүлийн жилүүдэд өссөн байна. Монгол Улс 2015 оноос хойш иргэн, аж ахуйн нэгжид худалдан авсан бараа үйлчилгээний үнийн дүнгийн тодорхой хувийг буцаан олгодог болсон бөгөөд сар бүр дунджаар 700 мянган татвар төлөгч баримтаа бүртгүүлж байгааг онцлов. Хуулийн төсөл батлагдсанаар татвар төлөгч иргэдэд буцаан олгогдох мөнгө тодорхой хэмжээгээр нэмэгдэж, татварын тэгш, шударга байх зарчим бүрэн хангагдана. Олон улсын жишигт нийцсэн, тогтвортой татварын орчинг бий болно гэж төсөл санаачлагчид үзжээ.
Төсвийн байнгын хороогоор Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй юм.
Төслийн хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: НӨАТ-ын татварыг дэлгүүрээс бараа авч байгаа иргэд эцсийн хэрэглэгч нь. Нийт иргэдийн гуравны нэг нь ядуу амьдарч байна гэсэн судалгаа бий. Ядарсан хүн бүр 1300 төгрөгийн талх дэлгүүрээс аваад 1300 төгрөгийн НӨАТ төлж байгаа. Ингэж цугларсаар нийт төсвийн гуравны нэгийг бүрдүүлж байгаа. Энэ мөнгийг нь манай гишүүд хайр найргүй үрдэг. НӨАТ-ын татварыг таван хувь болгох миний төслийг тэрбумаас дээш хөрөнгөтэй 50 гишүүн нь унагаалаа. НӨАТ-ыг төлдөггүй бизнес эрхэлдэг гишүүд ч энэ дотор бий. Жишээ нь банктай дөрвөн гишүүн, даатгалын компанитай гурван гишүүн, ББСБ-тай 15 нөхөр, шашинтай хамаатай хоёр гишүүн мөн эмнэлгийн үйлчилгээтэй гурван гишүүн, 4-5 алтны компанитай 5 гишүүн бий. Газар тариалан эрхэлдэг долоон нөхөр, тендер авдаг компанитай 30 гаруй гишүүн, уул уурхайн компанитай 20 гаруй гишүүн бий. Бүгд НӨАТ төлдөггүй бизнес эрхэлдэг учраас тэдэнд энэ хууль хамаагүй байгаа юм. Ард түмний нуруун дээр ачааны хүндийг үүрүүлчхээд өөрсдөө төлөхгүй явж байна шүү дээ. 2020 оны АН-ын мөрийн хөтөлбөрт НӨАТ-ыг таван хувь болгох асуудал тусгагдсан. Удахгүй татвар нэмдэг МАН-ынхан ард түмний өмнө очно. Ганцхан татварыг нь буулгаад өгчих гэсэн санал дээр нь та нар эсрэг кноп дарлаа. Та нарт сонгуулиар хариуг чинь өгнөө.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
Сонгууль дөхсөнийг ойлгож байна. Гэхдээ сонгуулийн дараа Монголчуудын амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Дэлхий нийтэд гарсан цар тахлын сөрөг нөлөө нь манай эдийн засагт орж ирснийг бүгд мэдрээд явж байгаа. Коронавирусийн сөрөг нөлөөнд өртөөгүй иргэн, ААН, төр гэж байхгүй. О.Баасанхүү, Б.Пүрэвдорж нарт хандаж хэлье. УИХ-ын танхим дотор өөрсдөө вирус болмооргүй байна. Бий болгосон тогтолцоонуудыг нураадаг, сөнөөдөг ийм вирус болмооргүй байна. Гадна талд хангалттай коронавирус байхад дотроо коронавирус шиг санал гаргаад бий болсон тогтолцоонуудыг нураах санаачилга гарч байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш 2012 оноос хойших өрөөс 8.5 их наядыг төлөөд дөрвөн төсөвтэй явж ирснийг нэг төсөвтэй болгож төсвийн сахилга батыг бий болгосон. Гадаад нөөцөө 4 тэрбум доллар болгож амаргүй нөхцөлд бид энэ бүхнийг болгосон. Сонгууль дөхөөд олон хүнд таалагдах гэснийг чинь ойлгож байна. Гэхдээ сонгуулийн дараа Монголчуудын амьдрал үргэлжилнэ.
Ингээд гишүүд асуулт асууж дууссаны дараа УИХ-ын гишүүн Н.Оюундарь нарын 13 гишүүний өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж гишүүдийн олонх үзлээ.
Үүгээр өнөөдрийн хэлэлцэх асуудлууд дууссан тул Баасан гаригийн чуулганы хуралдааныг хаалаа.
Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс нь чөлөөллөө
УИХ-ын үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Б.Батзориг гишүүнийг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөх эсэх асуудлаар тооллогын комисс гаргаж, нууц санал хураалт явуулав. Нууц санал хураалтад оролцсон нийт 47 гишүүний 27 нь дэмжсэнээр Б.Батзоригийг гишүүнээс нь чөлөөллөө. Ийнхүү 65 гишүүнээс бүрдсэн МАН-ын олонхын бүлэг бүрэн эрхийн хугацаандаа гурав дахь гишүүнээ явууллаа.
Д.Лүндээжанцан: Монголын төр зүтгэсэн хүндээ халтай, Ж.Бямбадорж муугүй ажилласан
Posted by News.mn on Thursday, April 16, 2020
Хүний эрхийн үндэсний комиссын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, баталлаа.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
Хүний эрхийн үндэсний комиссын даргатай холбоотой асуудлыг өнгөрсөн нэг жилийн хугацаанд нэлээд тавьсан. Одоо оронд нь томилох хүнийг зөв тавих нь зүйтэй. Олон мянган эмэгтэй хуульчид байна. Эмэгтэй хүнийг томилоосой гэж би хүсч байна. Хүний төлөө дуугарч чаддаг, ажлаа хийж чаддаг эмэгтэй хүнийг томилох тал дээр анхаарч ажиллаарай.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
Ж.Бямбадорж дарга эрүүл мэндийн шалтгаанаар өргөдлөө өгсөн гэж би ойлголоо. Сүүлийн үед шуугиад байгаа шиг дарамт шахалтаас болоод чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй юм байна гэж өргөдлөөс харагдаж байна. ХЭҮК эхлээд орон тооны бус, төсөвгүй ажиллуулсан. Яваандаа орон тооны болсон. Өнгөрсөн хугацаанд муугүй ажилласан гэж бодож байна. Олон асуудал үүсч байхад ХЭҮК хаана байв гэдэг асуудал яригдаж байсан. Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын чуулганаар тайланг нь сонсдог ч үе үеийн парламент тэгээд л орхидог байсан. Харин ХЭҮК үүний хойноос нэлээн шаргуу хөөцөлдөж, өнөөдрийн хэмжээнд хүрсэн. Монгол төрд чөмгөө дундартал зүтгэсэн хүн бол Ж.Бямбадорж. Төр зүтгэсэн хүндээ халтай байдаг. Олон жилийн дараа түүх үлдэнэ, хэн юу хийсэн нь харагдана. Хэн ямар өв үлдээв гэдэг асуудал бий. НҮБ-ын Хүний эрхийн хуралд оролцож байхад хүний эрхийн чиглэлээр манай улсын хийж ирсэн асуудал, хүний эрхийн хэрэгжилт яахаа алдаагүй, ямартай ч Монголын нүүр царайг тахалж байна. Эцсийн эцэст хүний эрхээр ардчиллыг хэмждэг. Хийх ажил мэдээж их бий. Ганцхан ХЭҮК хийхгүй. Ж.Бямбадорж дарга эрдэмтэй, багш хүн. Цаашдынх нь ажилд амжилт хүсье.
УИХ-ын гишүүн С.Жавхлан: Энэ хүн бие нь өвдөөд ажлаасаа гарч байгаа гэж хэлж байна. Монгол түмнээ наанаа гоё дүр эсгэчхээд цаанаа ёвроод муулаад л. Ер нь Монголыг муулсан хүн хол явдаггүй шүү дээ. Монголоо муулахаар бие нь өвдөлгүй яах вэ дээ. Монгол түмнээсээ сайхан уучлалт гуйчихсан бол. Боловсролтой царайтай дүр эсгэсэн ийм хүмүүсийг албан тушаалд нам дагаж тавихаар Монгол Улсын хөгжил асар их хохирч байна. Дараагийн хүнээ сэтгэлтэй, зөв хүн тавь. Хүний төлөө гүйдэг хүн тавь. Үүний цаана бас нэг хүн бий. Би хэнийг ч шоронд хийнэ гээд нэг эмэгтэй яриад байсан. Наанаа гоё, цаанаа атгаг хорон санаатай хүмүүс байна. Ийм хүмүүсийг болиулаад тэр хүнийг дараа нь оруулж ирэх хэрэгтэй. Монголчууд цагаан цаас шиг юу ч гэж хэлж болно гэж байсан. Монгол дархлаагаа гэсэн чин сэтгэлтэй хүнийг дэмжиж томилмоор байна. Гадаадаар хольж ярьж, монгол хэлийн дархлаагаа сулруулдаг байж болохгүй. Гадаад хэл усаа гадаад оронд нь ашигла.
Үүгээр санал хураалтыг гар өргөж явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх УИХ-ын тогтоол ийнхүү батлагдлаа.
Үргэлжлүүлэн УИХ-ын үдээс өмнөх чуулганаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцээд, санал хураалтыг үдээс хойших хуралдаанаар явуулах болов.
Уг хэлэлцсэн асуудлын талаар асуулт асуух гишүүн байгаагүй тул УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлсэн юм. Тэрбээр “Эрх баригч нам маань одоо яана даа. Нэг нэг хүнээр туг тахихаа болихгүй юм уу. Н.Номтойбаярын ард хэдэн хүн байгаа билээ, манай энэ гишүүний ард хэдэн хүн байгаа билээ. Энэ хүмүүсээ яах вэ. Сонгууль гэж яриад л байдаг. Ухамсраараа өргөдлөө өгөхгүй юм уу. Хэн нь юунд холбогдсон гээд шударга ёсыг УИХ-аас эхлүүлмээр байна. Тэгэхгүй бол 76 ийм, тийм гээд л сошиалоор балбах юм. Энэ дунд нь би биш гээд ганцаараа хэлэх эвгүй байна. “Нэг үхрийн эвэр доргивол 100 үхийн эвэр доргиодог” гэдэг. Тиймээс манай 49 ЖДҮ-чин та бүхэн өргөдлөө өгөөд, сонгуульдаа шударга оролц” гэв.
УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөх асуудлаар нууцаар санал хураалт явуулах бөгөөд санал хураалтын дүнг үдээс хойш 15.00 цагаас танилцуулна гэж УИХ-ын дарга хэлснээр, чуулганы хуралдааныг түр завсарлууллаа.
О.Баасанхүү: БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат огцрооч
Цахим чуулганы хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэж байна.
Тус хуулийн төсөлд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд оруулах нэмэлтийг Тусгай хамгаалалттай дархан цаазат газарт байрлах барилга, байгууламжаас өмчлөгч болон зориулалтаас үл хамааран аж ахуйн нэгжээс Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулан 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар иргэнээс 1м кв талбайгаас 1000 төгрөг, 6.3-д зааснаар хуулийн этгээдээс 1м кв талбайгаас 3000 төгрөг байхаар хуульчлан татвар авахаар зохицуулсан. Хуулийн төсөл батлагдсанаар дээр дурдсан эерэг нөхцөл байдал бий болохоос гадна тухайн орон нутаг болон холбогдох төрийн захиргааны байгууллагад хуулийг хэрэгжүүлэх эдийн засгийн эх үүсвэр шийдвэрлэгдэнэ гэдгийг хууль санаачлагч онцлов.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хуулийн танилцуулгад сайхан сайхан л зүйл бичигдэж. Гэтэл байнгын хороогоор Богд ууланд баригдсан байшинд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь өгч албан ёсоор өгөөд хууль зөрчсөнийг нь хуулийн дагуу болгож өгнө гэж ойлгож болох уу. Өөрөөр хэлбэл дархан цаазат газар амралтын газар барина гэчхээд хувийн орон сууц хэдэн давхраар нь барьчихдаг.Гэтэл хууль зөрчсөн шийдвэрийг нь татвар нэрээр хуулийн дагуу болгож зөвшөөрөл өгөх гэж байгаа юм уу. Найрамдал зуслангийн хууль бус объектуудыг нь буулгана гэсэн яасан бэ, ийм байгаль орчны сайд байдаг юм уу. Огцрооч. Хан-Уулаас сонгогдсон гишүүд яагаад дуугардаггүй юм.Авлагчдад бууж өгөх гэж үү. Хуультай орон бол кранаар буулгаад л хаяна шүү дээ. Хэнд нь зөвшөөрөл олгоод, хэнд нь өгөхгүй байгаа юм бэ. Би ч гэсэн тэнд байшин баримаар байна. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд насаараа амьдарсан хүмүүс хавчин гадуурхагдаж, зөвшөөрлөө авч чадахгүй байхад хажуу талд нь баахан хотхон, таунууд барьчихсан. Ингэж болж байгаа юм уу. Төсөвт хэдэн төгрөгийн ашиг тус өгөх гээд байгаа юм. Мянган төгрөгийг нь яаж тооцсон юм. Дархан цаазтай газрууд яг энэ жишгээр явна гэсэн үг үү. Аялал жуулчлал нэрээр зөвшөөрөл аваад байшин барихад дараа нь зөвшөөрөл өгчих юм уу. Дуучинг хүртэл газрын даргаар нь томилчихсон байна лээ. Ингэж ажиллах ёстой юм уу. Хэний шахаа, лобби бэ.
УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат:
Хууль зөрчсөн асуудал чинь шүүх дээр очоод шийдэгдэхгүй олон жил болж байна. Тасралтгүй маргаан, олон жил бугшсан асуудлыг нэг талд нь гаргая гэж байгаа юм. Хан-Уул дүүргийн 11-р хороо ч биш нийтдээ 111 иргэний гомдлыг би хүлээж аваад 68 хүний асуудал шийдэгдсэн. Үлдсэн 23 хүний гомдол хуулийн дагуу биш гээд буцаагдсан. Найрамдал зуслангийн асуудал манай яамтай хамаагүй. Энэ мөнгө хэтэрхий бага байгаа бол зарчмын зөрүүтэй санал гаргаад төлбөрийг нэмэх боломж бий.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа:
Төслийг дэмжиж байна. ААН-үүд аялал зуучлалынхаа чиглэлээр зөвшөөрөл ажиллаж буй ААН-үүдэд хүндрэл болох уу. Хуулийнхаа заалтад салгаж өгсөн үү?
БОАЖ–ын сайд Н.Цэрэнбат:
ААН-үүдэд хүндрэл учрахгүй. Сардаа 1 мкв талбайд 252 төгрөг төлнө. О.Баасанхүү гишүүн бага байгаа юм биш үү гэж байна. Гишүүд зарчмын зөрүүтэй санал байвал хэлэлцэх явцад нь саналаа оруулж болно. ААН-үүд дархан цаазат, Богдхан уулын хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа бол үл хөдлөх хөрөнгийнхөө татварыг төлөөд явах нь зүй ёсны зарчим.
Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэнээр анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
"Хөгжлийн бодлого буруу байгаагүй, хэрэгжүүлдэг хүмүүст нь асуудал байсан"
Хэлэлцэх асуудлын эхэнд УИХ-ын 13 гишүүний өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм.
Улсын Их Хурлаас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Уг нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт "… Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, …" гэж, Хорин тавдугаар зүйлийн 25.1.7-д “төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах; Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна…" гэж тус, тус заасан.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг харилцан уялдаатай, хоорондын нийцлийг ханган боловсруулж батлах шинэ тогтолцоог бий болох ач холбогдолтой. Түүнчлэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх төдийгүй хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг системчилж, тэдгээрийг урт хугацаанд тогтвортой, хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж буйгаа хууль санаачлагч илтгэлдээ онцлов.
Хуулийн төсөлтэй холбогдуулан хууль санаачлагчдаас гишүүд асуулт, асууж байна.
УИХ-ын гишүүн О.Батнасан:
Хуулийн төслийг дэмжиж байна. Цар тахалтай УОК, Эрүүл мэндийн яам маш сайн ажиллаж байгаа. Дэлхийн нийтийн анхаарал Монгол Улс руу хандаж байгааг бүгд мэдэрч байна. Энэ үед хоёр асуудалд анхаармаар байна. Нэгдүгээрт, аялал жуулчлал. Цар тахлын үед л хөл хорио тогтоосон болохоос биш дэлхий 7 тэрбум хүний 3 тэрбум нь хөдөлгөөнд байгаа. Үндсэндээ нэг тэрбум хүн аялал жуулчлал хийж байгаа талаар судалгаа бий. Тиймээс манай улс аялал жуулчлалаа хөгжүүлэхэд анхаарал хандуулж юуны түрүүнд агаарын тээврээ чөлөөтэй болгох шаардлагатай. Зах зээлийнх нь зарчмаар өрсөлдөөний бий болгох нь чухал. Жуулчид ирээд муухай, сайхныг ярьдаггүй. Коронавирусээс сайн хамгаалж байгаа нь манай улсыг дэлхий нийтэд таниулж байгаа. Мөн мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбараа ашиглаж байж Монгол Улс хөгжинө. Энэ талаар төсөлд хэрхэн тусгагдсан бэ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
1945 оноос хойш Монгол Улс бодлогын хөгжлөө тав таван жилээр тодорхойлж ирсэн. 1990 оноос хойш хөгжлийн бодлогын асуудал нэлээд орхигдсоныг төлөвлөх гэж оролдсон боловч төдийлөн хэрэгжээгүй. 1996 онд Жасрай гуай Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг төлөвлөж Их хурлаар батлуулж байсан. Мөн 1998 онд М.Энхсайхан Ерөнхий сайдын үед хөгжлийн бодлогыг боловсруулж байсан. 2016 онд мөн Үндэсний хөгжлийн цогц бодлого 20:30 хөтөлбөрийг баталсан. Харамсалтай нь амьдрал дээр хэрэгжихгүй байгаагийн шалтгаан нь хэрхэн яаж зохицуулж, зөв төлөвлөж, хэрхэн зохион байгуулж, улмаар хэрэгжилтэд хяналт тавьж үр дүнг нь үнэлэх асуудал орхигдож ирсэн. Тийм учраас энэ төслийг боловсруулсан.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
Өнгөрсөн 30 жилд ололт, амжилт аль аль нь бий. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Орхигдсон асуудлын нэг нь хөгжлийн бодлого төлөвлөлт, худалдаатай холбоотой асуудал. Үйлдвэрийн хүчин чадал сул ийм үед худалдааны чиглэлээ сайтар төлөвлөдөг байдал мөн хаягдсан. Нэг Засгийн газар гарч ирээд хөгжлийн бодлого төлөвлөдөг. Үндсэндээ 1990 оноос хойш дөрвөн хөгжлийн бодлого гарсан ч хэрэгжилт байхгүй. Энэ бүхнийг зангидан бүтцийн өөрчлөлт хийх бодлогын хууль орж ирж байгаа юм. Тогтвортой хөгжил 20:30 хөтөлбөрийн хүрээнд энэ жил бид 1 сая жуулчин хүлээж авах төлөвлөгөөтэй. Тахалтай холбоотойгоор энэ тоо хэд дахин буурах байх. 2025 онд 1.5 сая, 2030 онд 2 сая жуулчин хүлээж авна гэж төлөвлөсөн. Монгол Улсын хөгжлийн гол суурийн нэг нь аялал жуулчлалын салбар. Хоёрдох хөдөө аж ахуйн салбар. 1990 ээд оны дунд үеэс хойш эдийн засагт эзлэх хөдөө аж ахуйн салбар 38 хувь орчим байсан бол өнөөдөр 9 орчим хувь болж уул уурхай голлох болсон. Уул уурхай хөгжих хэрээр бусад салбараа орхигдуулдаг. Тиймээс салбаруудын хөгжлийг тэгш авч явахад энэ хууль асар ач холбогдолтой.
УИХ–ын гишүүн Ц.Цогзолмаа:
Өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудал зайлшгүй чухал. Дөрвөн жилийн хугацаатай богино бодлогын төлөвлөлттэй явах нь алсаа тодорхойлж чаддаггүй. Дэлхийн улс орнууд хөгжлийн бодлогоо технологийн шинэчлэлтэй холбон төлөвлөх болсон. Тийм учраас технологийн чиглэлд хүний нөөцөө бэлтгэх асуудал нь энэ баримт бичгийн үндсэн хэсэг байгаасай гэж хүсч байна.
УИХ–ын гишүүн Б.Баттөмөр:
Өнөөг хүртэл явж ирсэн эдийн засгийн загвар уламжлалт. Хөгжлийн бодлого төлөвлөлтийнхөө дагуу бид явж чадвал Монгол Улс хөгжлийнхөө хоцрогдлыг гүйцнэ. Дэлхийн нийтийн шинэ технологи, шинэ хөгжил санааг хөгжлийн бодлогын хуулийн дагуу хийх ёстой.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
Ардчилал зах зээлд шилжсэнээс төлөвлөлт гэх үгнээс сэжиглэж, зугтааж байсан. Төлөвлөлт гэдэг үг хэлбэл коммунист гэж үзэж байсан үе бий. Бусад хөгжилтэй орнуудын туршлагыг харахад төлөвлөлтийг маш сайн хийсэн байдаг. 1990 оноос хойш чөлөөт зах зээл юу ч хийж болно, эрэлт, нийлүүлэлт зах зээлд юу ч хийж болно гэсэн зарчмаар явж ирсэн. 1990 оноос хойш нийт 10 гаруй удаа төлөвлөлтийн байгууллага 30 жилд төлөвлөлт, хөгжлийн бодлогыг тодорхойлж иржээ. Хөгжлийн төлөвлөлтийн хуулийг иж бүрнээр нь авч үзэхгүй бол дараагийн алсын хараагаа тодорхойлохгүй. Шадар сайд хариуцаад хөгжил бодлогын төлөвлөлт явж байх хэрэгтэй. Нэг гар дээр хариуцуулъя. Төлөвлөгөөг иж бүрнээр нь харж, хөдөө аж ажуй, технологи, хүний хөгжлийн бодлоготой холбож өгөөд боловсон хүчин, хүний хөгжлийн бодлогыг чухалчлах хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
Энэ асуудал төсөлд тусгагдсан. Шадар сайд хариуцахаар заасан. Босоо тогтолцоотой уялдуулсан.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Улстөрчид нь өөрсдөө хувийн юмаа хөгжүүлэх гэж оролддог. Өөрсдийн бизнесээ хөгжүүлэх, бизнес талдаа байхаар шийдвэр гаргуулах явдал цөөнгүй байсан. Үүнийг энэ хуулиар хэрхэн хааж байгаа вэ. Цогц, судалгаа шинжилгээнд тулгуурлан хөгжлийн бодлогоо тодорхойлсон гэж тусгасан нь сайшаалтай. Улс төрийн намууд хөгжлийн бодлого төлөвлөлтөө барих, хөгжлийн бодлого хариуцсан яам байх юм уу хэрхэн шийдэж байна вэ?
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Дагалдах хуулийн төсөлд Засгийн газрын тухай хуульд хөгжлийн бодлого хариуцсан үндсэн чиг үүргийн яам байх бөгөөд Шадар сайд толгойлно гэж орж ирсэн. Ингэхээр статус нь тодорхой болж өгнө.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
Улсаа хөгжлүүлэх талаар бичиг баримт мундахгүй олон гарсан. Ингэж гаргаснаараа улс аль хэдийн хөгжчихсөн байх байлаа. Бүх хөгжлийн баримт бичгийн нэг нь ч хэрэгжээгүй. Үндсэн санаа нь буруу байвал ямар ч баримт бичиг гаргаад хөгжихгүй. Энэ байдлаараа Монгол Улс хөгжихгүй. Монгол Улс өдөр ч биш шөнө биш, өөх биш булчирхай биш байдлаар явж байна. Төрд төсвийн мөнгөний бодлого нь социализмынх хэвээр. Бичиг баримт гаргаад өөрчлөгдөх юм юу байгаа юм бэ. Орон нутагт эрх мэдэл нь байхгүй. Орон нутаг өөрсдөө орлого олоод хөгжих гэсэн хүсэл эрмэлзэл байдаггүй. Дээрээс мөнгө тавьж байвал амаа ангайгаад ангаахай шиг авна. Гишүүд нь хүртэл их мөнгө тойрогтоо тавиулах гэж ажилладаг. Ингэж чадвал сайн ажилласан гэж ойлгогддог. Энэ байдлаа хэзээ болих юм бэ. Дэлхийн бүх оронд муж тосгонд нь бие даасан байдлыг нь шууд өгдөг. Сайн ажиллуулаад илүү гарсан орлогыг нь авдаг. Энэ байдлаа өөрчлөх хэрэгтэй. Дээрээ үргүй зардал гаргаж, аль ч сайд, Засгийн газар нь эрх мэдлээ тавихыг хүсдэггүй. Энэ байдлаа өөрчлөхгүй юм уу. Ардчилсан нам харин ч зах зээлийн зарчмаар нь явуулах гэж үзсэн шүү. Орон нутаг өөрөө өөрийнхөө орлогыг олох тэр байдлыг хангасан. Тухайн үед 10 гаруй аймаг бие дааж эхэлж байсан юм.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
30 жилийн хугацаанд хөгжиж ирсэн загвар буруу байна. Эрэлт нийлүүлэлт гээд задгай хаячихсан. Мөнгөтэй, мөнгөгүйдээ биш. Аймгуудад эрх олгосонгүй гэж байна. Төвлөрүүлдэг зарчим гэж бий. 21 аймгаас дөрвөн нь л татаасгүй, үлдсэн нь бүгд татаас авдаг. Бүгд ашигтай ажиллаад хөгжүүлье. Бүгдийг нь хувьд өгчхөөд хөгжсөн улс дэлхийд байхгүй.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Бодлогын баримт бичигтэй болохоос гадна эргэж тайлагнадаг байх ёстой. Хэн, юу хэрэгжүүлж чадах вэ түүнийгээ зорилт болгодог, түүнийгээ эргээд тайлагнаж, дүгнэлт өгөх боломжтой байдлаар тодорхойлж явмаар байна. Сая улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө аудитын газар танилцуулсан. Манай намын мөрийн хөтөлбөр ч нэлээн том бодлогын баримт тусгагдсан. Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан зүйлээ илүү хялбаршуулмаар байна. Тухайн жилийн нийгэм эдийн засгийн зорилтод нэг үйлдвэр барина гээд газрыг нь шийдсэн гээд 10 хувиар биелсэн гэдэг. Тэгэхээр чадах зүйлээ тусгаад эргэж тайлагнаж байя.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
Хууль санаачлагчийн нэг нь Үндсэн хуульдаа хөгжлийн бодлого тогтвортой байна гэж оруулсан нь хамгийн том алхам гэж үзэж байгаа. Гишүүдийн хэлж байгаа саналуудыг дараагийн хэлэлцүүлгүүдэд тусгаад явах нь зөв. Өмнө нь төлөвлөгөөний комисс гэж байсан. Энэ байгууллагаа улс орны төлөвлөгөөг бүхэлд нь харж хийж байсан. Үүний дараа Үндэсний хөгжлийн яам бий болсон. Энэ хүрээнд мөн л салбаруудаа жигд төлөвлөдөг байсан. Харин одоо яамд, салбарууд харилцан адилгүй үйл ажиллагаатай байна. Сайдаасаа шалтгаалаад салбарууд харилцан адилгүй байна. Тиймээс хөгжлийн бодлогын хуулийнхаа дагуу яамдыг нэгдсэн чиглэл гарч, улс орны хөгжил тогтвортой болгох боломж гарах учраас энэ хуулийг дэмжээрэй гэж гишүүдээсээ хүсч байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Би дэмжихгүй байна. 30 жилийн бодлого буруу байгаагүй. Харин хэрэгжүүлж байсан хүмүүс нь буруу байсан. Та нар хар даа. Хэдэн Ерөнхийлөгч чинь, хэдэн Ерөнхий сайд шоронгийн хаалга татах гэж байна. 1990 оноос өмнө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг зөв байсан юм байна гэж яриад байна. Үгүй буруу байсан. Тэр үед ёс зүйтэй байсан. Танай намын буруутай үйлдлээс болоод өнөөдөр ядуурал өндөр байна. Хөгжлийн бодлого буруу байсан гээд одоо ярьж байгаа чинь ичмээр. 567 цаасанд чинь буруу байхгүй. Хэрэгжүүлэхдээ зөв хэрэгжүүлэхгүй яасан юм бэ. Хэрэгжүүлдэг хүмүүст нь асуудал байсан.
Үүгээр Гишүүд үг хэлж дууссанаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Цахим чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Холбоотой мэдээ