Монголчуудын хамгийн ихээр үзэх дуртай телевизийн контентээр тодроод буй "The Voice Of Mongolia" шоуны онцлох нэгэн шүүгч бол С.Ононбат. Түүнийг Монголын рок, поп урлагийн загалмайлсан эцэг гэхэд хилсдэхгүй. Учир нь түүнтэй хамтарч ажиллаагүй, түүний “On”n Off” продакшнаар клипээ хийлгээгүй хамтлаг, дуучид тун цөөн.
Гэр бүл хувийн амьдралаа тэр бүр олон нийтэд дэлгээд байдаггүй шүүгч С.Ононбатын гэргийг Т.Нансалмаа гэдэг бөгөөд уншигчид маань "Mongolian next top model" нэвтрүүлгийн шүүгч гэдгээр нь илүүтэй мэдэх биз. Тэрбээр FM-д ярилцлага өгч байх үеэрээ гэргий Т.Нансалмаадаа анхны харцаар дурлаж байсан гэдэг. Тэд анхны болзоогоороо дуучин Т.Ариунаагийн тоглолтыг үзэж байжээ.
С.Ононбат “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа “Өөрийгөө сайн нөхөр гэж боддог шүү. Сайн ханьтай учирна гэдэг бол аз. Би богино долгионы радиод ярилцлага өгч байхдаа хөтлөгчид нь дурлаж, ханиа болгосон юм шүү дээ. Ханьдаа үе, үе гэнэтийн бэлэг барьж баярлуулахыг хүсдэг. Даанч баригдаад, гэнэтийн бэлэг биш болчихдог юм. Олон жил ханилахаар нэгнээ хараад л мэддэг болдог юм байна. Ханьдаа зориулсан нэг уран бүтээл бий. Гэхдээ олны хүртээл болоогүй. Зөвхөн хань бид хоёрын нандин нууц” гэжээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ