Хөндөх сэдэв: Чимээгүй "заналхийлэгч"

Хуучирсан мэдээ: 2020.04.17-нд нийтлэгдсэн

Хөндөх сэдэв: Чимээгүй "заналхийлэгч"

Хөндөх сэдэв: Чимээгүй "заналхийлэгч"

Хар, ногоон, цэнхэр, саарал гээд бид нүдний өнгөө өдөр бүр өөрийн хүссэнээрээ өөрчлөх боломжтой. Ингэхдээ нүдний линзний тусламжтайгаар гоёлын, харааны гээд олон төрлийн нүдний линзийг ашигладаг. Сүүлийн үед нүдний линз охид, залуучуудын өдөр тутмын хэрэглээ болж, гоё өвөрмөц өнгөтэй линзүүд ч үнэтэй, хямдханаар худалдаалагдах болжээ. Ялангуяа охид, эмэгтэйчүүд нүдний линзийг хамгийн их хэрэглэдэг. Гэхдээ нүдний линзийг буруу хэрэглэснээс үүдэж нүдний өвчлөлд өртөх, цаашлаад хараагүй болох ч эрсдэл байгаа эмч нар анхааруулж байна.

Бид өдөр бүр амьдралын сайн сайхан, гэрэл гэгээ тэр бүү хэл хайртай хүмүүсээ өмнө чинь байгаагаар харж мэдэрч чадна гэдэг өөрөө гайхамшиг. Харин түүнийг бид нүд хэмээх эрхтний тусламжтайгаар тольдож чаддаг.  Хүний хамгийн чухал эрхтэн. Нүд гэрлийг мэдэрч, хүлээн аваад тархинд мэдээлэл дамжуулах үүрэг бүхий эрхтэн юм. Гэрэл тусах хамгийн эхний давхарга нь нулимсан бүрхүүл юм. Нүдний гадаргуу нь ямагт чийгтэй байх ёстой. Хэрэв эвэрлэг бүрхэвч гэмтвэл нүдэнд харагдах гэрлийн тусгал өөрчлөгддөг учраас хүн хэвийн харж чадахаа больдог.

Нэг ёсондоо харааны түвшинд нөлөөлж буй хэрэг билээ. Харин эвэрлэг бүрхүүлийг гэмтээдэг нэг хүчин зүйл нь контакт линз болжээ.

Хараа муудах үед заавал шил зүүх шаардлагатай гэх ойлголтыг үгүйсгэн эмэгтэйчүүдийн хэрэглээнд хүчтэй нэвтэрсэн зүйл бол яахын аргагүй нүдний линз. Гоёлын, харааны гээд линзийг өргөн хүрээнд ашигладаг болсон. Ингэхдээ хүний хөдөлгөөн, үйлдэлд саад болохгүй давуу талтай байдлыг л ашиглан хэрэглэж байна. Магадгүй баяр ёслол, арга хэмжээ гэх мэт хүндэтгэлийн ёслолын үеэр л хэрэглэдэг байсан контакт линз одоо өдөр тутмын хэрэглээ болсон. Линзинд зүүх ёстой хугацаа, арчлах тодорхой заавар гэж бий. Харин манайд энэ дэглэмийг баримталдаг хүмүүс маш цөөн. Зарим нь бүр линзтэйгээ унтчихдаг, нэг линзийг маш удаан ашигладаг.  Энэ мэтчилэн линзийг хэрэглэхдээ бид өөрсдөө мэдэлгүйгээр маш олон төрлийн алдаа гаргадаг байна. Энэ нь ч эргээд нүдэнд сөрөг үр дагавартай болохыг мэргэжлийн эмч нар онцолдог. Жишээлбэл, нүүр будалт хийхийн өмнө линзээ зүүх ёстой байдаг байна. Учир нь сормуусны будаг, нүдний эргэн тойронд байгаа будагнууд линзний гадаргуу дээр буудаг ба линз нүдний эвэрлэг хоёрын завсар будагны ширхгүүд орсноор эвэрлэг бүрхүүлээ зурж гэмтээх эрсдэлтэй байдаг аж.

Аливаа зүйлд ариутгал цэвэрлэгээ гэдэг зүйл маш чухал байдаг. Линзний хувьд ч ялгаагүй байдаг аж. Охид бүсгүйчүүдийн дунд олдсон шингэн, крантны усаар линзээ угаах цэвэрлэх тохиолдол байдаг ба  крантны усаар дамжсан олон төрлийн амиоб, бактер нянгууд линзний гадаргуу дээр наалдаж нүд үрэвсэх шалтгаан болдог юм байна. Иймд зориулалтын шингэнээр цэвэрлэж, тохирсон хугацаанд нь хэрэглэж сурах шаардлагатайг эмч нар зөвлөж байна.

Линзний хэрэглээний талаар охид бүсгүйчүүд ямар ойлголттой явдгийг тодруулахад дараах байдлаар хариулсан юм.

Эмэгтэй С:

-Гоо зүй талаасаа линзийг хэрэглэх сонирхол их байдаг болохоос биш эрүүл мэндээ бодвол яавч хэрэглэх нь зүйтэй биш байх. Сайхан харагдах хүслийн хажуугаар маш их эрсдэлийг дагуулж байдаг. Хэт халуун, хэт хүйтэн газар байх нь линзийг хайлуулах, хатууруулах аюултай байдаг болохоор зүүх тохирсон үеийг нь тааруулах, зохисон хугацаанд нь зүүж хэвшил дадал шаардагддаг нь төвөгтэй. Хэт удаан линзийг зүүхээр нүд аргаж, бага зэргийн улайлт өгөх гээд байдаг. Миний хувьд хэрэглэхдээ аль болох зохистой хугацаа, нөхцөлийг нь дагахыг хичээдэг. Гэхдээ зарим ядарсан үедээ линзээ авахгүй түр зуур унтчих тохиолдол байдаг. Энэ нь ямар эрсдэлтэй талаарх мэдээллийг тэр бүр мэддэггүй.

Эмэгтэй Ө:

-Найзынхаа линзийг анх сонирхоод зүүж үзсэн. Тэгээд зүүхэд эвгүй, нүд жаахан хорсоод байсан болохоор түүнээс хойш ахиж хэрэглээгүй ээ.

Эмэгтэй О:

-Харааны линз зүүхэд шил гэхгүй амар л байдаг. Өдөрт зургаагаас илүү цаг зүүж болдоггүй бас линзүүд өөр өөр зүүх хугацаатай байдаг. Нүд их чухал эрхтэн болохоор линзээ байнга цэвэрлэх шаардлагатай. Зориулалтын усанд нь хийх хэрэгтэй байдаг. Зүүх цагаас нь хэтэрсэн тохиолдолд нүд улайх, хавдаж өгөх тохиолдол байдаг юм байна лээ. Ер нь зааврын дагуу зөв зүүвэл зүгээр гэж боддог доо.

-Эмэгтэй М:

-Ер нь шил зүүж байхаар линз зүүсэн нь харагдах байдлаасаа ч тэр өөрт эвтэйхэн талаасаа ч тэр хамаагүй дээр байдаг.

“ЛИНЗИЙГ БУРУУ НӨХЦӨЛӨӨР УДААН ХЭРЭГЛЭСНЭЭС НҮДНИЙ ЭВЭРЛЭГ БҮРХҮҮЛ ГЭМТЭЖ БАЙДАГ”

Энэ мэтчилэн иргэдийн дунд мэдээлэл дутмагаас үүдэлтэй өөрийн харааны чухал эрхтэнг гэмтээх тохиолдол ихсэх хандлагатай байгаа энэ үед охидын дунд байгаа эх сурвалжгүй өргөн ойлголтод цэгцтэй мэдээллийг хүргэх үүднээс линзний буруу хэрэглээ, арчилгааны улмаас үүдэх өвчлөл, хор уршгийн талаар “Солонго” нүдний эмнэлгийн их эмч Н. Баасанжаргалаас тодрууллаа.

-Сүүлийн үед охид бүсгүйчүүдийн дунд линзийг хэрэглэх нь эрс нэмэгдсэн. Линз хэрэглэснээс үүдэх сөрөг үр дагавар, нөлөөллийн талаар мэдээллийг хүргээч?

-Линзийг хэрэглэх зааврыг буруу дагаснаас линзний сөрөг үр дагавар үүсч эхэлдэг. Линз зүүснээр нүдний эвэрлэг бүрхүүл дээр ямарваа нэгэн халдварын төрлийн асуудал үүсэх нь элбэг. Ингэхдээ халдвар авч үрэвсэх, цаашлаад сохролд хүргэх хүртэл аюултай. Нүдний эвэрлэг бүрхүүл нь судасны тэжээл байхгүй байдаг тул тэжээлээ нулимсан давхарга болон нүдний шингэнээс нэвчих замаар авч байдаг. Гэтэл энэ үед линз зүүснээр нулимсан бүрхүүл маань эвэрлэгтээ тэжээл өгөх нь багасдаг тул нүдний эвэрлэг бүрхүүл хүчилтөрөгчийн дутагдалд ордог. Улмаар хүчилтөрөгч дутагдсан эд эрхтэнд шинээр судсууд ургаж эхэлдэг ба судасгүй байдаг эрхтэн маань линзийг удаан хугацаанд буруу хэрэглэснээс эвэрлэг судасжих, цаашлаад сорвижих, эргэшгүй өөрчлөлтөнд орох зэрэг сөрөг үр дагаврууд үүсч болдог.

-Монголын нөхцөлд линзийг хэрэглэх нь хэр тохиромжтой вэ?

-Монгол орон бол хуурай, эрс тэрс уур амьсгалтай орон шүү дээ. Шороо тоос, хуурайшилт ихтэй. Хуурай нөхцөлд хуурайшилт үүсгэдэг зүйлийг хэрэглэж байна гэсэн үг. Иймд монгол орны уур амьсгалын нөхцөлд линзийг хэрэглэх нь тийм ч тохиромжтой биш.

-Охид бүсгүйчүүдийн дунд  линзийг сольж, дамжуулж зүүх тохиолдол бий. Энэ нь байж болох зүйл үү. Үүний сөрөг нөлөө нь юу вэ?

-Хүн хоорондоо солих нь бүү хэл нэг хоёр нүднийхээ линзийг хооронд нь сольж зүүж болохгүй. Учир нь линзээр дамжин нян бактери, өвчлөл дамжих боломжтой байдаг. Өвдсөн баруун нүднийхээ линзийг андуурч нөгөө талын нүдэндээ зүүсэн тохиолдолд баруун нүднээсээ зүүн нүд нь халдвар авч өвдөнө гэсэн үг шүү дээ. Ийм байтал хүний линзийг дамжуулж зүүнэ гэдэг өөрөө байж болшгүй асуудал.

-Харааны контакт линзийг хийлгэх, сонгоход юуг анхаарах ёстой вэ?

-Шил зүүдэг хүн контакт линзийг сонгохдоо шилний хэмжээнээсээ бууруулж зүүх ёстой байдаг. Яагаад гэвэл шил нь хүний нүднээс тодорхой хэмжээний зайтай оршдог. Харин линз маань өөрөө эвэрлэгийн гадаргуу дээр шууд хүрэлцэж байрладаг учраас зүүж байгаа шилний хэмжээнээс бага хэмжээтэй линз зүүх ёстой байдаг гэсэн үг. Мөн линзийг авахаас өмнө мэргэжлийн эмчид хандаж линз зүүж болох эсэхийг үзүүлж зөвлөгөө авсны үндсэн дээр авах хэрэгтэй. Чанарын шаардлага хангаагүй, ямар материалаар хийгдсэн нь тодорхойгүй хямдхан линз авч зүүх нь эргээд нүдэнд асар их хор уршиг дагуулах учраас аль болох баталгаагүй бүтээгдэхүүн авахаас зайлсхийх, анхаарах хэрэгтэй юм.

-Нүдний линзнээс үүдэлтэй үүссэн асуудлаар иргэд хэр их ханддаг вэ?

-Би ямар линз зүүх хэрэгтэй вэ. Надад сонгоод өгөөч гээд ирдэг хүн нь цөөхөн. Харин линз зүүгээд нүдэнд зовиур үүссэн үед хандах хүмүүс нь их байдаг. Ихэнхдээ линзтэйгээ унтсанаас, хугацаа хэтрүүлсэн, линзний буруу арчилгаа, буруу хэрэглээнээс үүдэлтэй асуудлаас ихэнхдээ ханддаг.

-Нүдний эвэрлэг бүрхүүл үрэвсэж мэргэжлийн эмчид хандалгүй удаан явснаар үүсч болох ямар өвчлөл байдаг вэ?

-Нүдний эвэрлэг бүрхүүл удаан үрэвсэж явснаар нүд цоорох, сорвижилт үүсэх, улмаар эргэж засрахгүйгээс гадна нүдний хараа муудахад нөлөөлдөг. Цаашилбал эвэрлэг бүрхүүлийг авч солихоос өөр аргагүй хэмжээнд хүрдэг. Иймд зовиур үүсэх, эмнэлзүйн шинж тэмдэг /нулимс гоожих, хараа бүрэлзэх, нүд нуухдах, гэрэлд гялбах/ илэрсэн тохиолдолд линз зүүхээ даруй зогсоох, нүдний эмчид яаралтай хандах шаардлагатай. Ер нь хүн бүр эмчид хэзээ хандах вэ гэдгээ мэдэж байх ёстой.

Охид бүсгүйчүүддээ мэргэжлийн эмчийн зөвлөснөөр линз зүүхэд юуг анхаарах ёстой талаарх мэдээллийг хүргэж байна.

  • Линзийг хэрэглэхдээ гарын ариун цэврийг маш сайтар сахих хэрэгтэй. Ингэхдээ маш сайтар саван болон гарын угаагч шингэнээр угаасны дараагаар цэвэр усаар сайтар зайлж угааж хуурайшуулах шаардлагатай. Гараа сайн угаагаагүй үедээ хурууны өндгөн дээр линзээ тавьснаар тухайн линзний гадаргуу дээр савангийн үнэр оруулагч, тос бодисууд наалдаж нүдэнд харшил өгөх, үрэвсэх гол шалтгаан болдог.
  • Нүүр будалт хийхийн өмнө линзээ зүүх шаардлагатай.
  • Линзээ зүүх болон авах үедээ хумстай гараар аль болох харьцахгүй байх хэрэгтэй
  • Линзийг хэрэглэхдээ зөвхөн зориулалтын шингэнийг ашиглах шаардлагатай
  • Линзний саван дахь усыг байнга шинээр сольж байж линзээ хийх
  • Линзийг цэвэрлэхдээ гарын алган дээрээ тавьж зориулалтын уусмалаар 10 секунд орчим үрж линзэнд наалдсан жижиг хэсгүүдийн бохирдлыг цэвэрлэх
  • Линзний савыг гурван сар тутамд нэг удаа солих
  • Шөнө унтахдаа линзээ заавал авах
  • Зүүх зориулалтын хугацаанд нь зүүж хэвших, хэтрүүлэхгүй байх
  • Линз зүүсэн үедээ шүршүүр, усан бассейн зэрэгт орохгүй байх
  • Линз зүүсэн үедээ халуун газар байх, халуун уур савссан зүйлд ойртохыг хориглох
  • Линз зүүх үед эмнэлзүйн ямарваа нэгэн шинж тэмдэг илэрвэл яаралтай мэргэжлийн эмчид хандах

Сайхан харагдах нууц нь нүдэндээ зүүсэн линзээр бус эрүүл  сайхан нүдээр хэмжигддэг гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэйг мэргэжлийн эмч нар онцолж байна. Өдөр тутамдаа хэрэглэхээс татгалзаж, зохистой, шаардлагатай тохиолдолд хэрэглэж, зүүх ёстой хугацааг чандлан сахих нь чухал. Маргааш учирч болох эрсдэлээс өнөөдөр бид сэргийлж, өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй.

Ц. ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж