“Диплом хамгаалахгүйгээр шалгалт өгөх санал тавьж байна"

Хуучирсан мэдээ: 2020.04.17-нд нийтлэгдсэн

“Диплом хамгаалахгүйгээр шалгалт өгөх санал тавьж байна"

“Диплом хамгаалахгүйгээр шалгалт өгөх санал тавьж байна"

Жил бүр 30 гаруй мянган оюутан их сургуулиа дүүргэж, ажил төрөлтэй болж, хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн аялалд гардаг. Covid-19-ийн халдвартай холбоотойгоор танхимын хичээл, шалгалтыг хориглосон энэ үед их сургуулийн төгсөх ангийн оюутнуудыг хэрхэн яаж төгсгөх, шалгалт, дипломын ажлыг хэрхэн зохион байгуулах нь тодорхой бус байна. Тиймээс их дээд сургуулиуд оюутнуудаа хэрхэн төгсгөхийг энэ удаад сурвалжиллаа.

СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛД ОНЛАЙНААР ШАЛГАЛТ АВЧ БАЙНА

Төгсөх оюутнуудын диплом болон төгсөх шалгалтыг хэрхэн зохион байгуулахыг МУБИС-ийн Сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн албаны дарга Н.Мягмарцоожоос тодрууллаа.


-МУБИС төгсөх оюутнуудын шалгалтыг хэрхэн зохион байгуулах вэ?

-Манай сургуулийн хувьд диплом болон төгсөх шалгалтыг цахимаар явуулах боломжтой гэж үзэж байгаа. Учир нь, манайх 2014 оноос хойш багш боловсрол шинэчлэлийн хүрээнд олон зүйлийг шинэчилж, сургалтын удирдлага мэдээллийн системдээ онлайн хичээл явуулах боломжтой болсон. Энэ хүрээнд онлайн шалгалт, даалгавар, хичээлийн сан бий болгосон. Төгсөлтийн үйл ажиллагаа нь шалгалт, дипломын ажил гэсэн хоёр хэлбэрээр явагддаг. Төгсөлтийн шалгалтыг өндөр голчтой, онц сурч байгаа оюутнууд өгдөг.  Багш боловсрол болон мэргэжлийн шалгалтыг манайх сүүлийн гурван жилд онлайнаар авч байна. Санаа зовж буй нэг л зүйл байна. Тэр нь шалгуулагчийн интернетийн хурд нь ямар байх, ямар утас, компьютер ашиглах зэргийг тодорхой болгох. Бид суралцагчдад маань технологийн бэрхшээл бага учраасай гэж хүсч байгаа. Бидэнд онлайнаар шалгалт явуулах бааз бий болохоор одоо суралцагчдад боломж олгох асуудлыг ярилцаж байна.

-Тухайлбал?

-Төгсөгч шалгалтыг ганцхан удаа өгөх ч шалгалт өгөх цагийн сонголтуудтай байлгана. Хоёрт, үзсэн хичээл, шалгалтын агуулгын талаарх мэдээлэл оюутнуудад өмнө нь хүрнэ. Өөрөөр хэлбэл, багшийн заасан хичээл видео хэлбэрээр, бас текст хэлбэрээр сургуулийн мэдээллийн системд тавигдана. Мөн шалгалтад ихэвчлэн сонгох хувилбарууд оруулж, нөхөх хувилбарыг цөөн оруулж байгаа.

-Шалгалтын чухам хэзээ авах вэ?

-Бидний төлөвлөж буйгаар улсын шалгалтыг тавдугаар сарын 23-30-нд явуулна. Мөн манайд энэ шалгалтаас гадна багш боловсролын шалгалт гэж бий. Энэ шалгалтыг ч мөн цахим хэлбэрээр явуулна.

-Төгсөх шалгалтыг онлайнаар зохион байгуулах юм байна. Харин дипломын ажил, шалгалтыг яаж зохион байгуулах вэ?

-Дипломыг мөн онлайнаар явуулна. Гэхдээ мэргэжлийн онцлогийг харгалзана. Багш нарыг оюутан дипломоо хамгаалахад шаардлагатай материалаар ханга гэдэг шаардлага тавьж байгаа. Энэ бүх нөхцөлөөр хангасан ч оюутан шалгалтаа өгч, дипломоо хамгаалж чадахгүй нь гэвэл ирэх жил шалгалт өгөх боломжтой. Гэхдээ төгсөх курсийн оюутнуудын шалгалтыг хэрхэн явуулах талаар БСШУС-ын сайдын тушаал гараагүй байгаа.

Халдварт өвчин дэгдэх эрсдэлтэй байгаа энэ үед оюутнуудыг танхимд цуглуулах боломжгүй. Тиймээс бид төгссөн оюутнууддаа диплом, ромбыг хэрхэн өгөх асуудлыг ч судалж байна.  Шуудангаар явуулах уу, аймаг, нийслэлийн боловсролын газраар дамжуулан дипломыг нь хүргэх үү гэсэн асуудлыг ч ярилцаж байгаа. Жилд манай сургуулийг 2500-3000 оюутан төгсдөг бол энэ хавар 2000 орчим оюутан төгсөнө.

УР ЧАДВАР ШААРДСАН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫГ ЯАЖ ЯВУУЛАХЫГ ЯРИЛЦАНА

СУИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга М.Амартүвшин “Төгсөх оюутнуудын шалгалтыг хэрхэн зохион байгуулах нь маргааш /2020.4.17/ хуралдаанаар шийдвэрлэгдэнэ. Сургуулийн зүгээс цаг товлоод цахим хэлбэрээр шалгалтыг явуулах байр суурьтай байгаа. Гэхдээ манай сургуулийн хувьд ур чадвар шаардсан мэргэжлийн шалгалтыг яаж явуулахыг хурлаар нарийвчлан ярилцана. Одоогоор ийм шалгалтыг лайв ч юм уу шууд байдлаар зохион байгуулах нь зөв гэж үзэж байгаа. Мөн оюутан хүсвэл төгсөлтөө хойшлуулж, дараа жил төгсөлтийн шалгалтаа өгөх боломжтой" гэсэн юм.

ЦАХИМААР ШАЛГАЛТ ЯВУУЛАХ ТАЛААР УДИРДАМЖ ИРЭЭГҮЙ

Энэ талаар МУИС-ийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Г.Билгүүнээс тодруулахад “Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор Их дээд сургуулиуд төгсөх курсийн оюутнуудын шалгалтыг цахимаар явуулах төлөвлөгөөтэй байгаа ч БСШУС-ын сайдын тушаал одоогоор ирээгүй байна. Ирэх долоо хоногийн эхэнд төгсөх оюутнуудын шалгалтыг хэрхэн зохион байгуулах талаарх мэдээлэл тодорхой болно” гэлээ.

ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫГ ОНЛАЙНААР ӨГСНӨӨР ЯМАР НЭГЭН АСУУДАЛ ҮҮСЭХГҮЙ

Харин БСШУСЯ нь их дээд сургууль төгсөгчдийн шалгалтыг хэрхэн явуулах чиглэл өгснийг Монголын их, дээд сургуулийн консорциумын тэргүүн Т.Хэрүүгагаас тодрууллаа.


-Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор их, дээд сургуулиудын шалгалтыг хэрхэн зохион байгуулах талаар салбар яам ямар байр суурьтай байгаа вэ?

-Хорио цээрийн дэглэмийн үед Монголын их, дээд сургуулиуд, сургалт, судалгааны ажлаа цахим хэлбэрээр явуулж байгаа. Сургалт цахим хэлбэрээр явагдаж эхэлснээс хойш хичээл жигдэрсэн. Өмчийн хэлбэр харгалзалгүй Монголын их дээд сургуулиуд зургадугаар сарын 15-ныг хүртэл цахимаар хичээлээ явуулаад энэ жилийн хичээл өндөрлөнө. Төгсөлтийн ажлыг хэрхэн зохион байгуулах талаар БСШУСЯ-нд мэргэжилтнүүд өнөөдөр /2020.4.16/ хуралдлаа. Товчхондоо төгсөлтийн шалгалтыг цахимаар явуулах бодлого баримталж байгаа. Диплом хамгаалж төгсөх оюутнуудад улсын шалгалт өгөх санал тавьж байгаа. Гэхдээ энэ бүхэн БСШУС-ын сайдын тушаал, удирдамжаар эцэслэгдэнэ.

-Сайдын удирдамж нь хэзээ гарах вэ?

-Өнөөдрийн хурал дээр БСШУСЯ цахим хэлбэрээр улсын шалгалтыг явуулна гэдэг дээр санал нэгдсэн. Сайдын тушаал гарч ирэх долоо хоногоос албажина. Сургуулиуд өөрсдийн онцлогт тулгуурлаад цахим хэлбэрээр явуулах шалгалтын журмыг боловсруулна. Улирлын шалгалт ч юм уу, ямар нэгэн шалгалтыг оюутнууд цахимаар өгч байгаа болохоор онлайн шалгалт өгөөд сурчихсан байгаа. Тиймээс төгсөлтийн шалгалтыг онлайнаар өгснөөр ямар нэгэн асуудал үүсэхгүй. Сургуулиуд ч хичээлийг онлайнаар явуулж эхэлснээс хойш төгсөлтийн шалгалтын бэлтгэлийг хийж эхэлсэн. Их дээд сургуулиудын төгсөлтийн шалгалтын бэлтгэл ажил ямар нэгэн хэмжээнд хангагдсан гэж үзэж байгаа.

-Энэ жил их дээд сургуулийг хэчнээн оюутан төгсөх вэ. Мөн төгсөлтийн шалгалт хэзээ эхэлж, хэдэнд дуусах вэ?

-Монголд төрийн өмчийн 15, хувийн 80 орчим их сургууль бий. Төрийн өмчийн нэг сургуулийг жил бүр 1000-3000 оюутан төгсдөг. Одоогоор энэ жил нийт хэдэн оюутан сургууль төгсөх нь тодорхойгүй байна. Учир нь танхимаар шалгалт өгмөөр байна, ирэх жил шалгалт өгье гэсэн оюутнууд бий.

Сургуулийн бүрийн сургалтын онцлогоор шалтгаалаад төгсөлтийн шалгалтын хуваарь өөр. Зарим сургуулийн төгсөлтийн шалгалт дөрөвдүгээр сарын 20-нд эхлэх бол зарим сургуулийн шалгалт зургадугаар сарын 1-нд дуусна. Ихэнх сургуулийн төгсөлтийн шалгалт тавдугаар сард болно.

-Гэхдээ дуу, бүжиг, зураг зэрэг тусгай ур чадвар шаардсан шалгалтыг арай өөрөөр зохион байгуулах уу?

-Онцлог хөтөлбөрүүд бий. Ийм онцлогтой хөтөлбөрүүдийн төгсөлтийн шалгалтыг наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 1-нд байхаар ярилцсан.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж