"Туркийн прокуророос ирсэн захидлыг нуугаагүй"

Хуучирсан мэдээ: 2020.04.17-нд нийтлэгдсэн

"Туркийн прокуророос ирсэн захидлыг нуугаагүй"

"Туркийн прокуророос ирсэн захидлыг нуугаагүй"

Истанбул дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын ажилтнууд хар тамхи зөөсөн хэрэгт сэжиглэгдсэн, Туркийн хуулийн байгууллагаас хэрэгт холбогдсон монгол иргэдээс байцаалт авахыг хүссэн захидал ирүүлсэн гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Энэ талаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнгээс тодрууллаа.


Турк дэх Монгол Улсын дипломат ажилтнуудаас байцаалт авахыг хүссэн захидлыг Гадаад харилцааны яам нуун дарагдуулсан мэдээлэл  зарим хэвлэлээр цацагдлаа. Ийм захидал танай яаманд ирсэн нь үнэн үү?

-Гадаад харилцааны яам энэ талаар нууж хаасан зүйлгүй. Аль хэдийн олон нийтэд тайлбараа өгсөн. Энэ хоёр иргэний нэг нь 2006 оноос Туркт тогтмол оршин сууж буй хүн, харин давхар шалгагдагдаж буй иргэн нь Истанбул дахь Консулын газрын ажилтан. Бид энэ асуудлаар хууль хяналтын зохих байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд энэ ажилтныг шалгуулахаар болсон. Сүүлийн үед төрийн тусгай албаны зарим дипломат ажилтнууд хилийн чанадад хар тамхи хийгээд бусад хориотой зүйлийг тээвэрлэж явсан хэргээр баригдан шалгагдах болсон. Үүний эсрэг манай яамны авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний үр дүн эхнээсээ гарч байгаа.

Германд сэтгэцэд нөлөөт эм зөөвөрлөж явж байгаад баригдсан хэрэг гарч байсан. Монголын нэр хүндийг унагаж, гадаадад хэрэгт холбогдоод байгаа дипломат албаныхантай  тэмцэхэд Гадаад харилцааны яам юу хийж байна. Ийм хүмүүстэй ямар хариуцлага яаж тооцдог вэ?

-Тэдгээр хүмүүс баригдаж, тухайн орондоо шалгагдаж, ялаа сонссон. Ийм хэрэг хийсэн хүмүүс хариуцлагаас мултрахгүй ялаа үүрээд явна. 2018 оны арванхоёрдугаар сард дээрх хэрэг гармагц манай яамнаас Тагнуулын ерөнхий газарт 2019 оны нэгдүгээр сарын 15-нд буюу хар тамхи зөөвөрлөсөн хэрэг гарахаас дөрвөн сарын өмнө 08/248 тоот албан бичиг илгээж, Европт байгаа бүх Элчин сайдын яамдыг аливаа хил дамнасан хууль бус наймаа хийж буй эсэхийг шалгах санал тавьсан. Ер нь ийм сэжигтэй нөхцөлд манай яам шиг аливаа иргэний байгууллага хууль хяналтын байгууллагадаа л ханддаг.

Тэр үед ийм ноцтой хэрэг гарна гэдгийг төсөөлөө ч үгүй байсан. Манай байгууллагад ийм ноцтой хэргийг мөрдөн байцаах, аливаа шалгалт явуулах эрх байхгүй, ийм зүйл хийвэл хууль бус болно. Бид хүний нэг ч цахим захидлыг задалж үзэх эрхгүй. Үүний хажуугаар урд нь янжуур зөөсөн этгээдүүдтэй хариуцлага тооцсон. Янжуур тамхи зөөж яваад 2012 оноос өмнө яамнаас халагдаж байсан хүмүүсийг 2016 он гэхэд эргүүлээд бүгдийг нь ажилд авсан байсан. Эдгээр хүмүүсийг бүгдийг ажлаас халж чөлөөлсөн. Өнөөдөр зарим нь шүүхдээд явж байна.

Мөн урд өмнө 2008, 2009 онд Польшийн цагдаад эрэн сурвалжлагдаж байгаа болон 90-ээд оноос хойш тамхины наймаанд холбогдсон байж болзошгүй 69 хүний нэрсийг Польшийн цагдаагийн газраас манайд ирүүлсэн албан тоотыг бид 2019 оны зургадугаар сарын 17-нд 08/3570 тоот албан бичгээр Цагдаагийн ерөнхий газарт шалгуулахаар шилжүүлсэн. Үүний дагуу хэд хэдэн улсад сууж байсан дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн болон дипломат ажилтныг эгүүлэн татсан. Хариуцлага тооцож эсвэл хууль хяналтын байгууллагаар шалгуулж байна. Нөхцөл байдал ийм байхад хүмүүст хариуцлага тооцоогүй мэтээр улстөржүүлэх нь зохисгүй. Тэр дээр гарсан томилолт шийдвэрүүд, түүний дагуу явсан хүмүүс гэмт хэрэгт холбогдоод буйг өнөөгийн удирдлагатай холбох нь утгагүй.

-Цаашид ийм асуудал гаргахгүйн тулд Гадаад харилцааны яам ямар арга хэмжээ авч байна?

-Энэ асуудалд бид өөрийн улсын тусгай албадтай нягт хамтран ажиллаж байгаа. Хил дамнасан эрүүгийн гэмт хэргийн шинж чанартай үйлдлүүд тул манай яам дангаараа арга хэмжээ авах нь үр дүн бага. Яг энэ асуудал дээр хууль хүчний байгууллага голлох үүрэгтэй. Үүний зэрэгцээ гадаадын хууль сахиулах байгууллагыг өөрийн ижил үүрэгтэй байгууллагатай холбох асуудал дээр онцгой анхаарч ажиллаж байна.

Бид олон улсын байгууллага мөн европын улс орнуудтай хоёр талт харилцааны түвшинд асуудлыг хурцаар тавьж, дэмжлэг үзүүлэх, анхааралдаа авч ажиллах саналыг тавьсаар ирсэн. Энэ санал үр дүнд хүрч байгаа. Тийм учраас ийм бусармаг зүйл хийсэн хүн бүр баригдана. Тэр ч байтугай урд өмнө нь баригдаагүй хийсэн нүглүүд нь хүртэл ухагдаж гарч ирнэ, хэрэг хуучрахгүй ээ. Хэрэг хийгээгүй хүмүүс нь шалгагдаад гараад л ирнэ, хийсэн нь хариуцлагаа үүрнэ. Ийм гэмт хэрэгтнүүд баригдахад янз бүрээр улстөржүүлж байна, бараг л барилаа гээд шүүмжлээд, ундууцаж байна. Одоо тэгээд яахав, илрүүлэхгүй байх уу гэж асуумаар байна. Иймэрхүү нөхдүүдийг цаашид ч илрүүлж, хариуцлага тооцох болно.

Туркт дипломат албанд шинээр томилогдож очиж байгаа ажилтнуудаа ашиглаж, гэмт хэргийн бүлэглэлдээ элсүүлж байна гэсэн хардлага бий. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Яг тэгж харагдаж байгаа. Энэ хэрэгт шалгуулахаар болоод буй хоёрын нэг нь 15 жил орчим Туркт байнга оршин суусан Монгол Улсын иргэн. Харин манай консулын ажилтан 2016 онд тийш томилогдож очсон хүн юм билээ.

-Танай яам олон улсын гэмт бүлэглэлүүд монгол иргэдийг хар тамхи зөөвөрлөхөд ашиглаж байгаатай тэмцэх үүднээс Европын хэд хэдэн орон, дэлхийн томоохон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах санал тавьсан гэж сонссон. Үр дүн нь хэр байгаа вэ?

-Хар тамхи зөөх, тээвэрлэх гэмт хэрэг нь олон улсын шинж чанартай, зохион байгуулалттай тул Монгол Улсын хувьд дангаараа тэмцэх, шийдэхэд маш хэцүү шүү дээ. Иймд олон улсын анхаарлыг ийш хандуулж, дэмжлэг хүсч ирсэн. Өнгөрсөн онд Улаанбаатар хотноо болсон Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагатай хамтран зохион байгуулсан бүс нутгийн дээд хэмжээний бага хурал болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы үеэр болсон Аюулгүйн зөвлөлийн хурал дээр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ “Жижиг, буурай хөгжилтэй орны иргэдийг хар тамхи хууль бус наймаанд зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд ашиглаж байгааг онцлоод энэ нь дэлхий нийтийн аюулгүй байдалд заналхийлсэн терроризмыг санхүүжүүлэх гол эх үүсвэр болдгийг” тэмдэглэсэн. Иймд олон улсын хамтын нийгэмлэг хар тамхины хууль бус наймаатай тэмцэхдээ жижиг, хөгжиж буй орнуудын энэ чиглэлийн чадавхыг бэхжүүлэхэд туслалцаа үзүүлж хамтран ажиллахын чухлыг онцлон хэлсэн байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл дэлхийн улс орнуудад ялангуяа, хөгжилтэй орнуудад манай улсын тусгай байгуулагуудтай энэ чиглэлээр хамтран ажиллахыг албан ёсоор уриалж хүссэн гэсэн үг.

Үүнээс гадна хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн газрын гүйцэтгэх захирал, Чех, Польш, Унгар улсын Гадаад хэргийн сайд,  ХБНГУ-ын дэд сайд нарт хандан оюутан залуус, энгийн иргэд хар тамхи зөөвөрлөх хэрэгт татагдаж, дипломат ажилтнууд ч холбогдож байна. Үүнтэй тэмцэхэд туслалцаа үзүүлж, хамтран ажиллах саналаа манай зүгээс тавиад буй. Эдгээр орнууд ч манай саналыг дэмжин хамтран ажиллах боломжтойгоо мэдэгдсэн. Мөн Туркийн талд хандан холбогдох хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг илүү нягтруулах, харилцан мэдээлэл солилцох зэрэг саналаа тавиад байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
6
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж