Хүний амьдралын өдөр тутмын хэрэглээ боловч тэр болгон анхаарал хандуулаад байдаггүй ‘бие засах газар” буюу жорлон монголчуудын тулгамдсан асуудлын нэг болсон ч шийдэлгүй өнөөг хүрэв. Энэ нь зөвхөн гэр хорооллоор хязгаарлагдахгүй зорчигч тээврийн вагонуудад ч тулгамдсан асуудал болжээ.
УБТЗ-ын тээвэрт оролцдог нийт 3324 ачааны вагоны 46.6 хувь буюу 1400 орчим вагоны ашиглалтын хугацаа хэтэрч энгийн жорлонтой вагонууд тээвэрт оролцож байна. Шинэ вагон худалдан авч паркаа шинэчлэх шаардлагатай боловч УБТЗ-д тээврийн тарифын алдагдлаас үүдэлтэй орлогын хуримтлал бүрдэхгүйгээс техникийн шинэчлэл хийх боломжийг нь хязгаарлаж буй.
Хэдийгээр дотоод нөөц боломжоо ашиглан УБТЗ 2014 онд шинээр зорчигч тээврийн 15 вагон, нэг төмөр замын автобус, 2007 онд 16 вагон шинээр худалдан авч парк шинэчлэлтийг хийсэн. Эдгээр вагон нь бүгд вакум ажиллагаатай, эко жорлонтой вагонууд юм.
Харин үлдсэн 90 орчим нь 1962 оноос хойш үйлдвэрлэсэн энгийн жорлонтой вагонуудыг зорчигч тээвэрт ашигладаг. Энгийн жорлонтой вагон бохирдлоо гадагш шууд хаяж, байгаль орчныг бохирдуулах, өвлийн улиралд мөстөж галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, хот суурин, өртөө зөрлөгүүд дээр зорчигчид бие засах бололцоогүй зэрэг олон сул талтай.
Өндөр насжилттай вагонуудыг эко жорлонгоор тоноглох нь эдийн засгийн хувьд зардал ихтэй учраас зорчигчдын ая тухтай нөхцөлийг хангасан орчин үеийн вагоноор парк шинэчлэлтийг хийх шаардлагатай байгааг албаныхан хэлж байна. Нэг вагоныг эко жорлонгоор тоноглоход 90 сая орчим төгрөгийн зардал гардаг аж.
ЗУРАГ ДЭЭРХ ЭНГИЙН ЖОРЛОНТОЙ ВАГОН
Энэ талаар УБТЗ-ын Зорчигчийн вагон депогийн засвар эрхэлсэн орлогч дарга Б.Батдэлгэр “Эко жорлонгийн тоноглолтоос гадна галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах, явах ангийн засвар, цахилгаан тоноглол, халаалт усан хангамжийн систем, дотоод тоноглолын засварт нэг вагоны дундаж төсөв нь 75 сая төгрөг. 2019 онд зорчигчийн хоёр вагоныг эмнэлгийн явуулын амбулатори вагон болгон өөрчлөн тоноглосон. Эдгээр вагонуудын эмнэлгийн тусгай хог хаягдлыг хадгалах бохирын савыг өөрсдийн нөөц боломжоо ашиглан тоноглосон. Өндөр насжилттай вагонуудыг эко жорлонгоор тоноглох нь эдийн засгийн хувьд зардал ихтэй учир аль болох шинэ вагон худалдаж авсан нь дээр” гэв.
Ачааны шинэ вагоныг 70-80 мянган ам.доллараар худалдан авах боломжтой юм байна.
Одоогоор УБТЗ-ын олон улсын чиглэлийн нийт 32 вагон эко жорлонтой. Аяллаас ирэх бүрт нь бохирыг бохир сорох машинаар соруулдаг.
Тус нийгэмлэгийн зорчигч тээвэр жилдээ тарифаас үүдэлтэй 25-30 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг нь парк шинэчлэлт хийхэд хүндрэл болж иржээ. Тийм учраас алдагдалтай тээврийн тарифыг өөрчлөх шаардлага тулгарсныг харуулж байна. Тээврийн тарифыг нэмснээр УБТЗ-ын орлогын хуримтлал үүсч ажилтан, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхээс гадна УБТЗ-ын цаашдын хөгжилд нэн шаардлагатай зарим техник технологийн шинэчлэл хийх санхүүгийн чадамж тодорхой хэмжээгээр өсөх юм.
Өнөөдөр “УБТЗ” орон нутгийн харилцаанд нэг зорчигчийг нэг километрт 30 төгрөгөөр тээвэрлэн үйл ажиллагаа явуулдаг. Харин нэг зорчигчийг нэг километрт тээвэрлэх тээврийн өртөг нь 52 төгрөг байна. Өөрөөр хэлбэл, нэг зорчигчийг нэг километрт дунджаар 22 төгрөгийн алдагдалтай тээвэрлэдэг гэсэн үг. Ийм алдагдалтай тариф мөрдөж байгаагаас УБТЗ-ын зорчигч тээвэр жил бүр 25-30 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг.
УБТЗ тээврийн тарифын алдагдлаа бууруулах зорилгоор ШӨХТГ-т хандан, тарифаа 3-30 хувиар нэмэгдүүлэх зөвшөөрөл авсан хэдий ч хэрэгжихгүй өнөөдрийг хүрч, УБТЗ өөрийн нуруун дээр нийгмийн шинж чанартай олон ачааллыг үүрч байна.
Нийгэмд чиглэсэн ачааны тээврийн тариф нь хэрэглэгчдэд очдог эцсийн бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг учраас нийгмийн шинж чанартай ачааны тээврийн тарифыг тогтвортой байлгах үүргийг УБТЗ хүлээдэг. Энэ үүргийнхээ дагуу тодорхой хэмжээний ачаанд тус нийгэмлэг алдагдал хүлээдэг. Тухайлбал, дотоодын нүүрсний тээврийн тариф. Манай улсын бүх цахилгаан станцын нүүрсийг УБТЗ алдагдалтай тарифаар тээвэрлэдэг. УБТЗ жилд ойролцоогоор 10-12 тэрбум төгрөгийн алдагдлыг зөвхөн нүүрсний тээврээс хүлээж, бусад ашигтай тээврийнхээ тарифаар нөхдөг.
Үндсэндээ алдагдалтай тээврийн тарифуудыг УБТЗ-ын нуруунаас чөлөөлөөд өгвөл вагонуудаа эко жорлонтой болох мөн техник технологийн шинэчлэлдээ чиглэсэн хөрөнгө босгох зэрэг хөгжлөө хурдасгахад нэг алхам ойртох юм.
Холбоотой мэдээ