
Монгол Улсад Мэдээлэл Харилцаа Холбооны салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойн баярын мэндчилгээг Харилцаа холбооны салбарт ажиллаж ирсэн үе үеийн ахмадууд, салбарын нийт ажилтан, албан хаагчид болон тэдний гэр бүлийнхэнд Мобиком Корпорацийн нийт хамт олны өмнөөс болон хувиасаа дэвшүүлж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Энэхүү тэмдэглэлт ойн баяраа манай хамт олон ажил хөдөлмөрийн өндөр амжилтаар угтаж байгаадаа таатай байна. Мобиком корпораци 2010 онд анх удаа хөдөө орон нутагт, 11 аймгийн төв, 4 суурин газарт илүү дэвшилтэт 3,5 G технологийг нэвтрүүллээ. Ингэснээр газрын холоос үл хамааран өндөр хурдаар технологийн дэвшлийг мэдэрч, хэрэглэж, суралцах боломж нээгдээд байна. Бид хэрэглэгчиддээ шинэ дэвшилтэт технологийг хүргэхийн зэрэгцээ хэрэглэгчийн сэтгэл ханамжийг эрхэмлэн дээдлэж, хэрэгцээ шаардлагад нь нийцсэн өндөр чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэхийг мөн хэрэглэгчдэд хүрч байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг дэлхийн стандарт нийцүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж ISO9001 стандартыг нэвтрүүлэн салбартаа томоохон өөрчлөлтийг авчрах зорилтыг тавин ажиллаж байна. Энэ ажлыг хийснээр оновчтой удирдлага, үр ашигтай борлуулалтын сүлжээ бий болсноор хэрэглэгчид очих бүтээгдэхүүн үйлчилгээний чанар дээшлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын уялдаа сайжран синержи бий болох зэрэг олон эерэг дүн гарах болно. Мобиком корпораци Мэдээлэл Харилцаа Холбооны салбартаа хувь нэмрээ оруулаад зогсохгүй нийгмийн сайн сайхны төлөөх үйл хэрэгт тэр тусмаа боловсролын салбарын хөгжилд дэмжлэг туслалцаа үзүүлэхээ компаний нийгмийн хариуцлагынхаа үндсэн чиглэл болгоод байна. Мобикомоос санаачлан, ард түмний саналаар дэмжигдсэн “Моби тэмүүлэл хөтөлбөр”-ийн хүрээнд УБ хотын Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 19 сургуулийн 1576 багш, 34712 сурагчдад зориулан E-learning буюу Цахим сургалтын хэлбэрт шилжүүлэх ажлыг санхүүжүүлж хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү хөрөнгө оруулалт нь та бидний ирээдүй хойч үеийн маань оюуны хөгжилд дорвитой хувь нэмрээ өгнө гэдэгт итгэлтэй байна.
Ирэх жил Мэдээлэл Харилцаа Холбооны салбарын 90 жилийн ой тохионо. Энэхүү түүхэн тэмдэглэлт өдрөө салбарынхан маань олон бүтээлч ажлын амжилтаар угтана гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэндээ, ололт амжилтаа бататган үргэлж аз хийморьтой, эрч хүчтэй байхыг хүсэн ерөөе!
Сайхан баярлаарай!Хүндэтгэсэн, Ерөнхий захирал Д.Болор