ДЭМБ-ын мэргэжилтэн Африк, Энэтхэгийн алс бөглүү нутгуудыг маш сайн шалгахгүй бол дэлхий дахинд дахин "Covid-19" дэгдэх аюултайг санууллаа.
ДЭМБ-ын Олон нийтийн эрүүл мэнд, хүний эрхийн төвийн захирал профессор Лауренс Гостин өчигдөр/2020.04.16/ “Бид гинжний хамгийн хэврэг хэсэг шиг л аюултай байдалд байна. Нэг л хүн эдгээгүй үлдлээ гэхэд орчин үеийн даяарчлагдсан нийгэмд вирус эргээд Европ, АНУ-д ирэх болно. Өвчнийг бүх улсад ижилхэн эмчлэхгүй бол эргээд хоёр, гурав, тэр ч байтугай дөрөв дэх давлагаа болон ирж болно. Ерөнхийлөгч Трамп ДЭМБ-ын санхүүжилтийг царцаасан нь муу үр дагавартай” хэмээн ярьсан байна.
Мөн олон нийтийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд “Зуунд ганц дэгдэж байгаа тахлын үеэр Ерөнхийлөгч санхүүжилтээ зогсоож байгаа нь маш их санаа зовоосон, харамсмаар үйл явдал” хэмээн байр сууриа илэрхийлцгээж байна.
Дээрх байдлаар коронавирус олон давлагаагаар дахин дахин дэгдэх тухай ярианаас гадна өөр нэгэн мэргэжилтэн хоорондоо зай барих арга хэмжээ 2022 он дуустал үргэлжлэх ёстой хэмээн сануулсан билээ.
Шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд “Нэг удаагийн хөл хорио тахлыг зогсооход хангалтгүй. Хоёр дахь давлагаа улам том байж болзошгүй” хэмээн дурджээ. Мөн Харвардын их сургуулийн эрдэмтдийн тооцоолсноор байдал хамгийн муугаар үргэлжиллээ гэж бодоход коронавирусийн эсрэг вакцин 2025 он хүртэл амжилттай болохгүй аж.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ