Нийслэлийн зүүн захын хэрэглэгчдийг дулаанаар хангана

Хуучирсан мэдээ: 2015.11.29-нд нийтлэгдсэн

Нийслэлийн зүүн захын хэрэглэгчдийг дулаанаар хангана

“Амгалан” дулааны станцын нээлт өнгөрөгч баасан гариг/11.27/ болсон. Тус бүтээн байгуулалтыг Монголын Засгийн газар, БНХАУ-ын “Чайна Машинери Инженеринг” корпорацитай түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр концессын гэрээ байгуулж хийсэн юм. Дулааны станцын ажил 2013 оны наймдугаар сард эхэлж, энэ оны дөрөвдүгээр сард дууссан билээ. Улмаар өвлийн ид ачаалал эхлэх үеэр буюу өнгөрөгч аравдугаар сараас туршилтын галлагаа хийж, дулаан өгч эхэлсэн. Аравдугаар сараас эхлэн “Амгалан” дулааны станцыг туршилтын журмаар ажиллуулж байжээ. Тэгвэл станцыг албан ёсоор нээж, нийслэлийн зүүн захын хэрэглэгчдийг дулаанаар хангах боломж бүрдэж байна.

Нээлтийн ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд, Эрчим хүчний сайд Д.Зоригт болоод нийслэлийн удирдлага, салбарынхан оролцсон юм.

“Амгалан” дулааны станц нь тус бүр 116 мвт-ын хүчин чадалтай гурван зуухтай. 2020 он хүртэлх хугацаанд зөвхөн Улаанбаатар хотын дулааны хэрэглээ 1,000 гаруй гига-калор, цахилгааны хэрэглээ 700 гаруй мегаваттаар өсөх тооцоо гарсныг Эрчим хүчний яам өмнө нь танилцуулж байсан. Өсөн нэмэгдэж байгаа энэ хэрэглээг хангахад “Амгалан” дулааны станц болон цаашид хэрэгжих бусад төслүүд чухал нөлөөтэй гэдгийг салбарынхан онцлов.

Дашрамд дуулгахад, Монголд анх удаа цахилгаан болон дулааны эрчим хүчийг тусгаарласан нь “Амгалан” дулааны станц юм. Энэ дулааны станц нь сүүлийн 30 гаруй жилд Монголын эрчим хүчний системд шинээр холбогдсон хамгийн том хүчин чадалтай станц юм байна. Мөн Салхитын салхин паркаас хойш ашиглалтад орж буй  эрчим хүчний салбар дахь анхны бүтээн байгуулалт гэдгийг ч салбарынхан дурьдсан юм.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж