Коронавирусээс шалтгаалсан санхүүгийн хямрал арилтал насанд хүрсэн бүх америк хүнд сар бүр 2000 ам.доллар өгөх төлөвлөгөөг Ардчилсан намын хоёр төлөөлөгч танилцууллаа.
Онцгой тохиолдолд хүмүүст тэтгэмж олгох тогтоолын дагуу 16 болон түүнээс дээш настай, жилийн орлого нь 130 мянган ам.доллар хүрдэггүй иргэд ажилгүйдлийн түвшин тахлаас өмнөх үеийнхтэй тэнцүү болж бууртал дор хаяж зургаан сарын турш төрөөс бэлэн мөнгө авах боломжтой аж.
Энэхүү хуулийн төслийг Ардчилсан намын Тим Райан, Ро Ханна нар дөрөвдүгээр сарын 14-нд танилцуулж, тус намын бусад 17 гишүүн дэмжсэн байна. Насанд хүрэгчид 2000 ам.доллар авахаас гадна шаардлага хангасан гэр бүлийн хүүхэд бүрт 500 ам.доллар олгох аж.
“Долоо хоног бүр сая сая америк ажилгүйдлийн тэтгэмж хүсч байна. Иймд бид маш түргэн ажиллаж, далан барих хэрэгтэй. Ингэхийн тулд хэцүү байдалтай байгаа гэр бүлүүдэд бэлэн мөнгө өгөх нь зөв” хэмээн Райан ярьжээ.
Энэ долоо хоногт гарсан Ерөнхийлөгч Дональд Трампын нэртэй чек бүхий "Covid-19" тусламжийн багц тараагдахад бэлэн болсонтой холбоотойгоор дээрх хуулийн төслийг танилцуулж буй аж. Ханна тэргүүтэй шүүмжлэгчид тэдгээр чекүүд өнгөрсөн дөрвөн долоо хоногт ажилгүйдлийн тэтгэмж хүссэн 22 сая иргэнд хангалтгүй хэмээн шүүмжилж, “Ганцхан удаа 1200 ам.долларын чек өгөөд асуудал шийдэгдэхгүй. Тахлын дараа бүгд амьд мэнд, эрүүл саруул, эргээд ажилдаа ороход бэлэн байхын тулд тэдэнд бэлэн мөнгө хэрэгтэй” хэмээсэн байна.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ