МХЕГ: “Монос”, “Нахиа”-д төр төмөр нүүрээ харуулна

Хуучирсан мэдээ: 2020.04.16-нд нийтлэгдсэн

МХЕГ: “Монос”, “Нахиа”-д төр төмөр нүүрээ харуулна

МХЕГ: “Монос”, “Нахиа”-д төр төмөр нүүрээ харуулна

Төр хувийн хэвшлүүдийн хоорондох зөрчилдөөнөөс болж олон нийтийн дунд төөрөгдөл үүсээд байна. Дотоодын зах зээлд эмийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Монос групп”, “Нахиа” эмийн үйлдвэрүүд гар ариутгагч бодистоо техникийн спирт ашигласан гэж МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат мэдэгдсэн. Иргэдийг цочирдуулсан энэ мэдээллийг зөрчил гаргасан гэх эм үйлдвэрлэгчид эрс үгүйсгэснээр эргээд төрийн байгууллагууд хувийн хэвшлүүдээ гүтгэчихэв үү гэх хардлага ч төрүүлээд юм. Учир нь “Монос”, “Нахиа” эмийн үйлдвэрээс техникийн спирт биш улаан буудайн цэвэршүүлсэн шүүснээс гарган авсан гуравдугаар зэрэглэлийн этилийн спирт ашигласан гэх тайлбарыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан өгсөн билээ.

Тус газрын мэдээлснээр “Монос”, “Нахиа” эмийн үйлдвэрүүдтэй өчигдөр өглөө уулзах үеэр эм үйлдвэрлэгчид гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрснөөр торгуулиа төлж, олон нийтэд залруулга хийнэ гэж “ам өчиг"-өө өгсөн ч хэлсэн үгнээсээ буцжээ.

Үүгээр ч зогсохгүй мэргэжлийн хяналтын байгууллагад буруугаа “чихэж” гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрөөгүй тул дээрх байгууллагууд нь зөрчил гаргасныг дахин мэдэгдэж, гурван сая хүртэлх төгрөгийн торгууль ногдуулсныг олон нийтэд зарласан билээ. Ингэснээр гар ариутгагч бодист техникийн спирт ашигласан нь батлагдаж, маргаанд цэг тавиад буй. Харин цаашид төрийн байгууллагаас гаргасан шийдвэр, дүгнэлтийг хувийн хэвшлийн компаниуд үгүйсгэсээр байвал төр төмөр нүүрээ харуулна гэдгийг ч Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас санууллаа.

ЗӨРЧИЛ ГАРГАСАН БАЙГУУЛЛАГУУД ХЭЛСЭН ҮГНЭЭСЭЭ БУЦАЖ АЛДААГАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨГҮЙ

“Монос”, “Нахиа” эмийн үйлдвэрийн гар ариутгагчийн асуудлаар МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболдоос дараах зүйлийг тодрууллаа.

-“Монос”, “Нахиа” компаниуд гар ариутгагч бодист техникийн спирт ашигласан зөрчил илэрлээ. Хэрэв ийм бодис орсон гар ариутгагч ашигласан тохиолдолд эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөл нь хэр их вэ?

-Техникийн спирт гэдэг нь спирт үйлдвэрлэх явц дахь завсрын бүтээгдэхүүн. Нэрлэгийг нь үргэлжлүүлбэл хүнсний этилийн спирт гардаг гэсэн үг. Техникийн этилийн спиртийг олон улсад гар ариутгах халдваргүйжүүлэх бодист хэрэглэдэг. Гар ариутгагч бодист 96 хувийн найрлагатай тансаг зэрэглэлийн хүнсний спирт ашигладаг. Хүний биеийн арьсанд ямар нэгэн хор нөлөө байхгүй ч мэдрэмтгий хүмүүст харшил өгөх байдлаар илэрч болно. Стандартаар гар ариутгагч бэлдмэлийн үндсэн түүхий эд нь тансаг зэрэглэлийн хүнсний спирт байна гэдгийг зааж өгсөн. Үүнийг “Монос”, “Нахиа” компани зөрчсөн. Өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжоор хүнсний этилийн спирт дотор ангилагддаг тансаг зэрэглэлийн спиртээр үйлдвэрлэх стандарттай. Мэргэжлийн хяналтын байгууллага хууль тогтоож, дүрэм журмыг хангуулж ажилладаг.

Стандарт хангаагүй ААН-үүдийг албадан хангуулдаг чиг үүрэгтэй. “Монос”, “Нахиа” эмийн үйлдвэрүүд нь гар халдваргүйжүүлэх бэлдмэл үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг эрүүл мэндийн асуудал хариуцсан тусгай төв байгууллагаас аваагүй үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илрүүлсэн.

Яах вэ, өнөөдрийн байдлаар гар ариутгагчтай холбоотой хүний эрүүл мэнд хохирсон гэх гомдол мэдээлэл иргэдээс мэргэжлийн хяналтын байгууллагад ирээгүй. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний бус бараа бүтээгдэхүүнд тодорхой үе шаттай хяналт тавьдаг. Учир нь хүнсний бүтээгдэхүүнтэй харьцуулахад эрсдэл бага гэж үздэг учраас хяналтыг нэлээн зайтай хийдэг. Гэтэл үйлдвэрүүд нь төрөөс олгож байгаа итгэлийг даахгүй, зөрчилтэй үйл ажиллагаа явуулсан учраас мэргэжлийн хяналтын байгууллага эрсдэлийн үнэлгээнд тодорхой үнэлэлт өгч, хяналт шалгалтын давтамжаа нэмэгдүүлэх шаардлагатай байна гэдэг нь ч харагдаж байна.

-“Монос”, “Нахиа” эмийн үйлдвэрлэгчдийн зүгээс Мэргэжлийн хяналтын байгууллага нэршилд алдаа гаргаж, техникийн спирт гэж хэлсэнд харамсаж байгаагаа илэрхийлсэн. Эм үйлдвэрлэгчдийн зүгээс хүнсний гуравдугаар зэрэглэлийн этилийн спирт ашигласан гэх байр суурийг илэрхийлж байна билээ?

-Мэргэжлийн хяналтын байгууллага бол стандарт дүрэм журам боловсруулдаг газар биш. Стандарт дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьдаг. Өнөөдөр үйлдвэрлэлүүд тусгай зөвшөөрлөө авч бүтээгдэхүүнийхээ чанар аюулгүй байдалд анхаарсан бол өмнө нь стандарт гэдэг зүйлээ  өөрсдөө өөрчлүүлж Стандарт хэмжилзүйн төвөөр баталгаажуулах бүрэн эрх нь байсан.

Үйлдвэрлэгчид өөрсдөө санаачилга гаргаагүй мөртлөө одоо мөрдөгдөж буй стандартыг санаатайгаар зөрчиж байгаа нь хууль зөрчсөний томоохон хэлбэр мөн.

ХХААХҮЯ-наас ч бас дээрх үйлдвэрүүдэд техникийн спирт олгосон албан бичиг нь бий. Тэгэхээр техникийн этилийн спиртээр үйлдвэрлэсэн байна гэж хэлэхээс өөр аргагүй болж байна.

-Танай байгууллагын зүгээс буруу дүгнэлт хийгээгүй гэдгээ мэдэгдсэн. Нөгөө талаас буруу дүгнэлт гаргасан юм биш үү гэх хардлага байна?

-Мэргэжлийн хяналтын байгууллага бол нотолгоонд суурилсан хяналт хийдэг. Тухайн үйлдвэрүүдэд биечлэн шалгалт хийж, төрийн байгууллагуудаас эм үйлдвэрлэгчдэд олгосон спиртийн хэмжээ зэрэг нотолгоонд суурилсан хяналтаар мэдээлэл өгсөн. Өмнө нь ч бас ийм мэдээлэл өгдөг байсан. Тиймээс биш бид хэн нэгний хэлсэн үг, сураг ажиг, шар мэдээнд үндэслэж ажлаа хийдэггүй. Тиймээс манай байгууллага хариуцлагатайгаар УОК-ын шуурхай штабт мэдээлснийг та бүхэн мэднэ. Иймд манай мэдээлэлд эргэлзэх шаардлагагүй.

Коронавирусийн улмаас зах зээл хүндэрсэн үед бид үйлдвэрлэгч байгууллагуудаа дарамталж нухчин дарж байгаа юм биш. Хамгийн гол нь стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хэрэглэгчдээ хангаач гэдэг шаардлага тавьж байгаа юм.

Хяналт шалгалтын зорилго нь гар халдваргүйжүүлэгч үйлдвэрлэж буй үйлдвэрүүд спиртийн хангамж дутагдалтай учраас зах зээлд хомсдол үүсч байгаа тул архи спиртийн үйлдвэрүүдэд нөөц хэр байна, гар халдваргүйжүүлэх бэлдмэл үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүдэд нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг тодорхойлж буй. Тиймээс биш зөрчил илрүүлж, үйлдвэрлэгчдээ хяхан боогдуулъя гэх зорилго байгаагүй. Харин хяналт шалгалтын дүнгээр техникийн этилийн спирт ашиглаж байсан нөхцөл байдал илэрснийг нь ард иргэдэд үнэн бодитойгоор шуурхай мэдээлэх үүрэгтэй. Энэ үүргийн дагуу мэдээллээ хийсэн.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан шийдвэрийг “Монос”, “Нахиа” эмийн үйлдвэрүүд үгүйсгэсэн.  Ийм тохиолдол “Монос” компанид өмнө нь бас давтагдсан. Төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийг хувийн хэвшил нь үгүйсгэдэг энэ байдалд цаашид ямар арга хэмжээ авах вэ?

Энэ бол тухайн байгууллагуудын хүсэл зорилго эрмэлзлээр явдаг асуудал биш. Төрийн байгууллагаас гаргасан шийдвэрүүд нь Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу гардаг. Бид “Монос” болон “Нахиа” эмийн үйлдвэрийн удирдлагуудтай уулзах үеэр гаргасан зөрчил дутагдлаа бүгд хүлээн зөвшөөрсөн.

“Монос”-ын зүгээс гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч торгуулиа төлж, олон нийтэд буруу ойлголт өгснөө залруулж буруу арга хэмжээ авснаа хэлсэн. Гэтэл зургаан цагийн өмнө хэлсэн үгнээсээ буцаж эсрэг мэдээлэл өгч байгаа учраас бид дахин мэдэгдэл хийхээс өөр аргагүйд хүрлээ.

Нэг талдаа бизнесийн эрх ашгийн асуудал хөндөгдөж байгаа ч төрийн байгууллагын гаргасан шийдвэрийг олон нийтэд буруугаар ойлгуулах нь ёс зүйгүй. Мэргэжлийн хяналтын байгууллагаас уян хатан бодлого баримталж байна. Учир нь Монголд төдийгүй дэлхий нийтээр коронавирусийн цар тахал дэгдсэн эдийн засаг хүндэрч, аливаа нөөцийн хомсдол үүссэн тул гаргасан зөрчил дутагдлыг арилгуулах, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх чиглэлийн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Бидний зүгээс гаргасан зөрчил дутагдлыг арилгуулж өвчний дэгдэлтийн үед хямд үнэтэй стандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлүүлье гэдэг зорилго агуулсан учраас эм үйлдвэрлэгчдэд боломж олгосон. Бидний зүгээс аль болох зөрчил дутагдлыг нь арилгуулж үйл ажиллагааг нь үргэлжлүүлж байна.

"Өрөвдөхөөр өр лүү өшиглөнө" гэдэг шиг даварч, бидний эсрэг үйл ажиллагаа явуулж, төрийн байгууллагын гаргасан шийдвэрийг эсэргүүцэж байвал төр төмөр нүүрээ харуулна.

Хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авна, торгоно, орлогыг нь хураана. Цаашлаад үйл ажиллагааг нь бизнесийн эрх чөлөө буюу тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох асуудлыг зөвшөөрөл өгсөн байгууллагуудад нь өгч шийдвэрлүүлдэг. Тэгэхээр бидний хувьд эхний ээлжийн арга хэмжээгээ авсан гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
7
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж