АНУ-ын Техас мужийн Хьюстон хотноо хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-29-ний өдрүүдэд боллоо. Энэ удаагийн тэмцээнд 100 гаруй орны 740 орчим баг тамирчид өрсөлдсөнөөс манай улсаас дасгалжуулагч Ц.Хосбаяр, Я.Дөрвөнжин, Д.Чинзориг, туслах дасгалжуулагч Х.Одхүү нарын удирдлагад 13 тамирчин оролцов.
Манай тамирчид эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцсоноос эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд М.Анхцэцэг наймдугаар байрт орсон нь хамгийн өндөр амжилт байлаа.
Энэ удаагийн ДАШТ-д эрэгтэйчүүд жиндээ эхний 29-д, эмэгтэйчүүд эхний 25-д орсон тохиолдолд олимпийн эрхийн оноо авах байсан. Эмэгтэй багаас М.Анхцэцэг өндөр амжилтыг үзүүлсэн ч бусад тамирчдаас 25-р байрт нэг л тамирчин орлоо.
Багийн дүнгээр БНХАУ 6 алт, 4 мөнгөн медаль хүртэж тэргүүлсэн бол ОХУ (3+3+3), Казахстан (2+2+1) улсууд удаалав.
НЭМЭЛТ:
Эрэгтэй, эмэгтэй багийн дүн гарсан байна. Эмэгтэй 58 улс жагсаалтад бичигдсэнээс БНХАУ тэргүүлж, ОХУ, БНАСАУ, Казахтсан, Тайланд улсын баг удаалав. Манай эмэгтэй баг 41 оноог цуглуулснаар 31-р байрт орж, олимпийн эрхээ авч чадсангүй. Энэ удаагийн ДАШТ-ээс Азийн 14 орон олимпийн эрхээ авчээ.
Эрэгтэй багуудаас ОХУ, Казахстан, БНАСАУ, Беларус, БНХАУ, Египет улс эхний зургаад багтсан бол манай эрчүүд 58-р байрт жагслаа.
Манай туйваанчдын хувьд олимпийн эрхээ авах ганц тэмцээн үлдсэн. Энэ нь ирэх онд Казахтсан улсад болох Азийн аварга шалгаруулах тэмцээн юм. Эрэгтэй, эмэгтэй багийн хувьд тивийн аваргаас 1-2 авах бүрэн боломжтой. Учир нь энэ удаагийн ДАШТ-ээс Азийн 14 орон эрхээ авсан болохоор манай туйваанчдын хувьд боломж нээлттэй байна.
Манай тамирчид:
Дасгалжуулагч Ц.Хосбаяр, Я.Дөрвөнжин, Д.Чинзориг, туслах дасгалжуулагч Х.Одхүү.
Эрэгтэй:
- 56 кг: ОУХМ Ө.Чагнаадорж 235 кг (105+130) 25-р байр. /нийт 33 тамирчин/
- 62 кг: ОУХМ Э.Мөнхдөл 258 кг (116+142) 41-р байр /нийт 47 тамирчин/
- 69 кг: спортын мастер Б.Оргилсайхан 256 кг (116+140) 40-р байр /нийт 46 тамирчин /
- 77 кг: спортын мастер Ч.Очирхуяг 273 кг (120+153) 40-р байр /нийт 51 тамирчин/
- Спортын мастер М.Гантулга 262 кг (115+147) 41-р байр
Эмэгтэй:
- 52 кг: ОУХМ Г.Баасанжаргал 157 кг (73+84) 32-р байр /нийт 39 тамирчин/
ОУХМ О.Баярцэцэг 153 кг (68+85) 35-р байр
- 58 кг: ОУХМ А.Бум-Аюуш 148 кг (67+81) 36-р байр. /нийт 37 тамирчин/
- 63 кг: ОУХМ Г.Анужин 178 кг (81+97) 31-р байр /нийт 36 тамирчин/
- 69 кг: ОУХМ М.Анхцэцэг 243 кг (110+133) VIII байр /нийт 43 тамирчин/
- 75 кг: ОУХМ Б.Энхтамир 209 кг (95+114) 25 байр /нийт 33 тамирчин/
ОУХМ Э.Билэгсайхан 179 кг (84+95) 31-р байрт тус тус орлоо.
Ч.БОЛОР