АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама өчигдөр Ардчилсан намаас ерөнхийлөгчид нэр дэвшихийн төлөө өрсөлдөж буй Жо Байденыг дэмжин мэдэгдэл хийжээ. Тэрбээр Жо Байденыг АНУ-ын хамгийн хүнд хэцүү, бараан цаг үед удирдаж, удаан хугацааны сэргэлтэд хөтлөх туршлага, араншинтай хүн хэмээн тодотгосон байна. Жо Байден бол Ардчилсан намын томоохон санхүүжүүлэгчдийн нэг бөгөөд алдартай улстөрч юм. Барак Обама өчигдөр цацагдсан 12 минутын видео бичлэгээрээ дамжуулан коронавирусийн цар тахлын үед Жо Байден л илүү дээр удирдагч байж чадна хэмээсэн байна.
Барак Обама Цагаан ордноос явснаасаа хойш гурван жилийн дараа анх удаа улс төрд оролцон үгээ хэлсэн нь энэ. Түүнчлэн тэрбээр Цагаан ордонд суусан Бүгд найрамдахчууд хөгжил дэвшилд сонирхолгүй, зөвхөн эрх мэдэлд л санаархалтай гэж мэдэгджээ. Тэрбээр бичлэгтээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг нэрээр нь дуудалгүй, Бүгд найрамдах намаар орлуулан ярьсан аж.
Барак Обама видео бичлэгээ цацсаныхаа дараа Жо Байденыг дэмжигчдээс 5-100 ам.долларын хандив өгөхийг уриалжээ.
Энэ долоо хоногийн эхээр Вермонтын сенатор Берни Сандерс АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн сунгаанаас нэрээ татаж, Жо Байденыг дэмжихээ илэрхийлсэн билээ.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS