"БНХАУ цар тахал болж болзошгүйг эрт мэдсэн ч хав дарсан"

Хуучирсан мэдээ: 2020.04.16-нд нийтлэгдсэн

"БНХАУ цар тахал болж болзошгүйг эрт мэдсэн ч хав дарсан"

"БНХАУ цар тахал болж болзошгүйг эрт мэдсэн ч хав дарсан"

Нэгдүгээр сарын дунд үед Хятад улс коронавирус маш аюултай цар тахал болж болзошгүйг олж мэдсэн ч айх зүйл байхгүй хэмээн дэлхийн улс орнуудаас нуусаар байсныг өчигдөр/2020.04.15/ Associated Press мэдээлжээ.

Үндэсний эрүүл мэндийн хорооны дарга Ма Шиаовэй болон бусад мэргэжилтнүүдтэй нэгдүгээр сарын 14-нд нууцаар утсаар ярьсан тэмдэглэлд “Шинэ вирус хүнээс хүнд халдах боломжтой”, “Бүх нутгууд бэлтгэлтэй байж, тахал үүсэхээс сэргийлэх шаардлагатай” гэх зэрэг мэдээлэл бичигдсэн байна.

Хятадын өндөр албан тушаалтнууд коронавирус тахал болох гэж байгааг мэдсэн даруйдаа арга хэмжээ авах ёстой байсан ч оронд нь тас нууж, эрүүл мэндийн байгууллагууд шинэ вирус хүнд халдах эрсдэл маш бага хэмээн зарлаж байсан. Мөн энэ хугацаанд өвчний голомт Ухань хотод цагаан сарын бэлтгэл эхэлж, сая сая хүн хөл хөдөлгөөнд орж, хэдэн арван мянган хүн цугларсан билээ. Ухань хотын эрүүл мэндийн хороо ч гэсэн нэгдүгээр сарын 14 буюу дээрх нууц яриа болсон өдөр “Шинэ вирус хүнээс хүнд халддаг гэх нотолгоо байхгүй” хэмээн мэдээлсэн юм. Бас дараа өдөр нь/2020.01.15/ Хятадын халдварт өвчний хяналт, судалгааны төвийн дарга Ли Чун телевизээр “Шинэ коронавирус хүнээс хүнд халдах эрсдэл маш бага” хэмээн ярилцлага өгсөн байна.

Тухайн үед ДЭМБ ч Хятадын үгэнд итгэж, олон улсад ижил мэдээлэл хүргэж байсан юм. Жишээлбэл, нэгдүгээр сарын 14-нд ДЭМБ “БНХАУ-ын эрх баригчдын явуулсан судалгаа, шинжилгээний ажил шинэ коронавирус хүнээс хүнд халддагийг нарийн батлах баталгаа олоогүй байна” хэмээн жиргэжээ.

Тэр үед коронавирусийн халдвар аль хэдийнэ Тайландад бүртгэгдээд байсан бөгөөд өмнөд Азийн орнууд ДЭМБ-ын зөвлөснөөр тайван байцгааж байлаа. Дэлхий бүгдээрээ БНХАУ-ыг чагнаж, цаашид хэрхэх ёстойгоо бодож байсан ч зургаан өдрийн турш БНХАУ юу ч хийгээд хэрэггүй, айлтгүй хэмээн зөвлөж байв.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 20 буюу Ши Жиньпин коронавирус хүнээс хүнд халддаг, тахал болох аюултайг мэдсэнээсээ хойш долоо дахь өдрөө олон нийтэд зарлаж, ард иргэдээ хоорондоо зай барьж гэрээсээ хол аялахгүй байхыг сануулжээ. Мөн Хятадын халдварт өвчин судлаач Жон Наншань телевизэд “Өвчин яг үнэндээ хүнээс хүнд халддаг байжээ” хэмээн ярилцлага өгсөн байна. Харин тэр үед аль хэдийнэ 3000 гаруй хүн халдвар авсан байжээ.

Ийнхүү чухал мэдээллийг зургаан өдрөөр хоцорч мэдээлсэн нь тэдний эхний бөгөөд хамгийн том алдаа биш байв. Уршгаар нь дэлхийн олон оронд засгийн газрууд өвчтөн илрүүлэх гэж хэдэн долоо хоногийн турш хөлөө чирч зовсон.

Өвчний дэгдэлт дөнгөж эхэлж байсан хамгийн чухал үед өвчний голомт улс ийнхүү бодит мэдээллийг хэт удаан нууцалсанд олон эрдэмтэд БНХАУ-ын дээд албан тушаалтнуудыг буруутгаж байна. БНХАУ-ын олон нийтэд мэдэгдэхгүй, үймээн самуун үүсгэхгүй байх гэсэн энэ оролдлого өдгөө хоёр сая гаруй хүний эрүүл мэнд, 133 мянга гаруй хүний амь насны үнэтэй байж. БНХАУ нэгдүгээр сарын 14-нд энэ тухай мэдсэн даруйдаа ард иргэддээ зарлаж, гэртээ байж, маск зүүхийг зөвлөсөн бол өдгөө нийт халдварын тоо 66 хувиар бага байх байсан хэмээн Английн эрдэмтэд тооцоолсон байна.

Нэгдүгээр сарын 20-нд БНХАУ халдварын 224 тохиолдол бүртгүүлсэн ч мэргэжилтнүүд бодит байдал дээр энэ тоо хэд дахин өндөр байгаа хэмээн мэдэгдсэн билээ. Мөн нэгдүгээр сарын 17-нд шинээр 50 тохиолдол бүртгэгдсэн ч бодит байдал дээр энэ тоо 35 дахин их байсан хэмээн Лондоны коллежийн эрдэмтэд тооцоолсон байна.

Хятадаас гадуурх анхны тохиолдол нэгдүгээр сарын 13-нд Тайландад бүртгэгдсэн. Улмаар Хятадын эрх баригчид дотооддоо халдварыг зогсоох талаар ямар арга хэмжээ авахаа бодож, багагүй сандарсан ч ДЭМБ-д мэдээлсэнгүй.

Уг нь арванхоёрдугаар сарын 6 хавьцаа Ухань хотын хэд хэдэн эмч коронавирус хүнээс хүнд халдах боломжтой тухай олж мэдсэн аж. Жишээ нь, хэдийнэ олны танил болсон нүдний эмч Ли Вэнлиан агсан энэ тухай мэдсэн бүхнээ мэргэжил нэгтнүүддээ сэрэмжлүүлж байсан ч цагдаа нар түүнийг чимээгүй болгож, худлаа ярьсан гэж олонд зарласан юм.

Нэгдүгээр сарын 15 болон түүнээс хойшхи долоо хоногт Магийн заавраар халдварт өвчин хяналт, судлалын төвийн мэргэжилтнүүд улс даяар тарж, эмнэлгийн ажилчдад сургалт явуулан, сан байгуулж, вирусийн тухай мэдээлэл цуглуулж, лабораторын судалгаа хийн, Хубэй мужийн онгоцны буудал, вокзал, автобусны буудлуудад хүмүүсийн халууныг хэмжиж эхэлжээ. Гэвч зөвхөн энэ хүрээнээс гадуурх тэрбум гаруй хятад өдөр тутмын энгийн амьдралаараа амьдарсаар байв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн үед ДЭМБ-ыг Хятадын талд орж, Хятадыг өмөөрөн, тэр ч байтугай дэмжин ажиллаж байна хэмээн буруутгаад зогсохгүй санхүүжилтийг нь царцаасан билээ.

Харин ДЭМБ-ын мэргэжилтнүүд цар тахлын эсрэг БНХАУ-ын арга хэмжээг үргэлж сайшаасаар байна. Нэгдүгээр сарын 29-нд ДЭМБ-ын тэргүүн Тедрос “БНХАУ үнэндээ коронавирус бусад улсад дэгдэхээс сэргийлж чадлаа” хэмээн мэдээлж байжээ. Мөн тэр өдөр ДЭМБ-ын яаралтай тусламжийн салбарын Гүйцэтгэх захирал Майкл Райан “БНХАУ зөв зүйлс хийж байна. Бидний зүгээс БНХАУ-ын ил тод байдалд асуудал алга гэж үзэж байна” хэмээн ярьжээ.

Өвчний тархалтын хүнд үед Хятадын эрх баригчид мэдээллүүдийг хязгаарлаж, сэтгүүлчид, эмч нарыг чимээгүй болгож, цахим орчин дахь элдэв мэдээллийг устгасаар байсан билээ. ДЭМБ коронавирусийн тархалтыг гуравдугаар сарын 11-нд цар тахал боллоо хэмээн албан ёсоор зарласан юм. Харин өдгөө дэлхий даяар нийт 2 сая 83 мянга 607 хүн халдвар авч, 134 мянга 632 хүн нас баржээ.

Эх сурвалж: APNEWS.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
БурууБуруу
6
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж