УИХ дахь АН-ын зөвлөл мэдээлэл хийж байна. Ардчилсан намын зөвлөлөөс Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын дарга Г.Занданшатар нарт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Мэдэгдэлд, манай улсад COVID-19 вирусийн батлагдсан халдвар огцом нэмэгдэж байгаа нь эрсдэлийг улам өсгөж байна. Үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд эрх баригчид түргэн шуурхай оновчтой шийдэл бүхий шийдвэр гаргах нь чухал бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр баталсан “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол нь иргэн аж ахуйн нэгжид бодит дэмжлэг болж чадахгүй гэж бид үзэж байна. COVID-19 вирусийн халдвар дэлхий нийтэд эрчимтэй тархаж цар тахлын хэмжээнд хүрснээс улбаалан дэлхийн эдийн засаг, томоохон эдийн засагтай орнуудын эдийн засаг огцом уналтад орж, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн харилцаанд ноцтой хямрал үүсэх магадлал өндөр болж байна. Импортын хараат, дан ганц уул уурхай эрдэс баялгийн орлогын эх үүсвэртэй, үйлдвэрлэл буурай хөгжсөн, хэрэглээний өндөр хамааралтай манай улсад энэхүү хямрал хүчтэй сөрөг нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Саяхан явуулсан эдийн засаг, бизнесийн байгууллагуудын судалгаагаар энэхүү цар тахал нь үндэсний аж ахуй нэгжид маш ихээр нөлөөлж, ялангуяа хүнсний үйлдвэрлэл, худалдаа, эм үйлчилгээ, барилгын салбарын бизнес эрхлэгчдэд хүндээр тусахаар байна. Бараа үйлчилгээний эргэлт огцом буурч, бэлэн мөнгөний хомсдлын шинж тэмдгүүд илэрч бүх салбарын орлого 30 хувиас дээш хэмжээгээр буурахаар байна. Иймд ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд үүсээд байгаа хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны төсөвт тодотгол хийж, УИХ болон Засгийн газар эдийн засгийн дараах багц арга хэмжээ авахыг шаардаж байна.
Үүнд:
- Эрүүл мэндийн зардлын төсвийг тусгайлан баталж, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжиж, яаралтай уушиг, амьсгалын замын эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх тэдэнд амьдралын дэмжлэг үзүүлэх багц санхүүжилтийг хэлэлцэн шийдэх,
- Гадаадад сурч амьдарч байгаа оюутнуудад яаралтай дэмжлэг үзүүлэх санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх,
- Цар тахлын улмаас ажлын байраа алдсан иргэдэд сар бүр амьжиргааны доод түвшингөөс багагүй хэмжээний санхүүгийн дэмжлэгийг төрөөс үзүүлэх,
- Үйл ажиллагаа нь хүндрэлд орсон бүх аж ахуй нэгжид мөнгөний бодлогоор 3 хувийн бага хүүтэй зээл авах боломжийг нээж, санхүүгийн эх үүсвэрийг шийдэх,
- Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалтад төрийн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих,
- Илүү, үр ашиггүй урсгал зардлууд болон хөрөнгө оруулалтыг танаж гамшгаас хамгаалах эрсдэлийн санд төвлөрүүлэн яаралтай зарцуулах эрхийг нээх,
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлөөс Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх 5 багц 38 арга хэмжээ бүхий “Коронавирусийн гамшиг болон түүнээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газар яаралтай санал, дүгнэлтээ өгч Улсын Их Хурлаар хэлэлцэх,
Бидний тавьсан шаардлагыг хүлээн аваагүйгээс үүсэх нийгэм эдийн засгийн сөрөг, үр дагаврыг эрх баригчид хариуцна гэдгийг үүгээр мэдэгдэж байна гэжээ.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ