С.Чинзориг: ААН-ийн ажилчдад 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.04.16-нд нийтлэгдсэн

COVID-19

С.Чинзориг: ААН-ийн ажилчдад 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

С.Чинзориг: ААН-ийн ажилчдад 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Засгийн газраас коронавирусийн халдварын улмаас аж ахуйн нэгж, иргэдэд тодорхой үе шаттайгаар эдийн засгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэрээр дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)-ийг тэглэж, хүүхдийн мөнгийг 30 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн билээ. Энэ талаар ХНХЯ-ны сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газраас аж ахуйн нэгжүүдийн НДШ-ийг зургаан сарын хугацаанд тэглэх, Ажилгүйдлийн даатгалын сангаас ажлын байраа хадгалж үлдсэн аж ахуйн нэгжүүдийн ажилчдад гурван сарын хугацаанд 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу дээрх харилцааг зохицуулсан журмын боловсруулж, яамдаас саналыг нь авахаар явуулсан. Энэ журмыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

Нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-аас чөлөөлөх хууль батлагдсан. Одоо хуулийг дагаж гарах журам батлагдана. УИХ-ын шийдвэр гараад ажилтны болон ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлж, улсаас төлж байгаа учраас ажилтны нийгмийн даатгалыг төлснөөр тооцож бичилт хийнэ. Ингэснээр тэтгэвэр тэтгэмж авах, ажилласан жил тасалдахгүй байх, ажилтны нийгмийн хамгааллын асуудлыг зохицуулахаар журамд тусгаж байгаа. Хувийн хэвшилд ажиллаж байгаа ажилтнуудыг сүүлийн хоёр сарын цалингийн дунджаар бодож нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилт хийнэ.

Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ бас зургаан сар чөлөөлөгдөнө. Ингэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 мянган төгрөгөөр бодож нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилт нь хийгдэнэ. Харин үүнээс илүүгээр төлөх хүн байвал түүнийг нь нээлттэй үлдээхээр журамд зааж өгч байгаа.

Ирэх долоо хоногийн эхээр журмаа боловсруулж, УИХ-д оруулж батлуулна. Нийтдээ НДШ төлж байгаа 600-700 мянган ажилтан НДШ-ээс чөлөөлөгдөнө.

Нэгэнт хууль 04.01-10.01 хүртэл гэж батлагдсан учраас журам нь хэзээ батлагдаж гарахаас үл хамааран хууль хэрэгжээд явна гэж ойлгох хэрэгтэй. Тодруулбал, энэ сараас эхлэн байгуулагууд ажилтныхаа цалингаас шимтгэл авахгүйгээр бүтэн тооцож, цалинг нь олгоно. Дөрөвдүгээр сарын НДШ-ийг төлчихсөн байгууллага байвал журмаараа ажилчиддаа буцааж олгоно” гэлээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй хувийн хэвшлийн ажилчдад сар бүр 200 мянган төгрөг олгохоор болсон бол хувиараа хөдөлмөр эрхлэгчид энэ дэмжлэгт хамаарахгүйгээр журамд тусгажээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй 700 мянга гаруй ажилтан хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах тооцоо гарчээ.

Хүн амын амьжиргааны түвшинг бууруулахгүйгээр хүүхдийн мөнгөний хэмжээг 10 мянган төгрөг нэмж олгохоор болсон. Нийт 34 тэрбумын нэмэлт эх үүсвэрийг Засгийн газраас шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, хүүхдийн 20 мянган төгрөг 30 мянга болж байгаа юм. Хүүхдийн мөнгөний нэмэгдсэн тэтгэмжийг энэ сарын 20-25-ны хооронд олгохоор тооцжээ. Хүүхдийн мөнгөн тэтгэмжид 1.130.000 хүүхэд хамрагдсан байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж