Уушгины өвчний "толь бичиг" Жон Наншань

Хуучирсан мэдээ: 2020.04.16-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Уушгины өвчний "толь бичиг" Жон Наншань

Уушгины өвчний "толь бичиг" Жон Наншань

“Ньюс” агентлаг энэ удаагийн “Хүмүүс” буландаа Хятадын Засгийн газрын зөвлөх эмч, академич Жон Наншанийг онцолж байна.


Өдгөө 83 настай Жон Наншанийг Хятадын ард түмэн төдийгүй дэлхийн анагаах ухааны салбарынхан андахгүй. Өөрийгөө “уушгины эмч” хэмээн даруухан танилцуулах түүнийг Хятадын ард түмэн “SARS-тай тэмцэгч баатар” хэмээн өргөмжилдөг. Учир нь тэр дэлхийд анх SARS өвчин дэгдэх үед уг өвчнийг үүсгэгч вирусийг хамгийн анх оношлон илрүүлж, улмаар эмчлэх аргыг боловсруулахад голлох үүрэг гүйцэтгэж, дэлхий нийтийг илүү том аюулаас аварсан хүн юм.

Арав гаруй жилийн дараа дэлхийд SARS-аас ч айхтар "Covid-19" өвчин гарахад тэр мөн л өргөсөн тангаргаа умарталгүй, эмч хүний мохошгүй зоригоор энэ өвчинтэй тэмцэхээр Хятадын Засгийн газрын кампанит ажлын зөвлөх эмчээр ажиллаж байна.

ТАМИРЧНААС ЭМЧ БОЛОХООР СЭТГЭЛ ШУЛУУДСАН НЬ

Тэрбээр 1936 оны аравдугаар сарын 20-нд Наньжин хотноо мэндэлжээ. Түүний эцэг Жон Шифан орон нутагтаа хүндлэгдсэн хүүхдийн эмч хүн байсан бол ээж Ляо Юйекин нь Гуандун мужийн Хавдрын эмнэлгийг үндэслэгчдийн нэг юм. Наншань эцэг эхийнхээ мэргэжлийг өвлөхөөр 1955 онд Бээжингийн анагаах ухааны их сургуульд элссэн байна. Гэхдээ түүнийг ард түмэнд хүндлэгдсэн мундаг эмч гэдгээр нь хүмүүс сайн мэддэг ч залуудаа мэргэжлийн тамирчин байсан гэдгийг тэр бүр мэддэггүй аж.

Усанд сэлэлт, сагсан бөмбөг, хөнгөн атлетик гээд олон төрлийн спортоор хичээллэдэг байсан тэр их сургуулийнхаа 110, 400 метрийн саадтай гүйлтийн дээд амжилтыг тогтоож, 1959 онд БНХАУ-ын анхны үндэсний сдортын их наадамд оролцож, улсын дээд амжилтыг тогтоож явжээ.

Энэхүү тэмцээний дараа Бээжин хотын хөнгөн атлетикийн холбоо үндсэн тамирчнаар элсүүлэх хүсэлт тавьсан ч эцэг эхийнхээ замналыг үргэлжүүлж, эмчийнхээ мэргэжлээр ажиллахаар эргэлт буцалтгүй шийдсэн байна.

Эмч болох шийдвэр гаргаснаа тэр хожим нэгэн хэвлэлд “Би өөрийнхөө биеийг мэднэ. Би сайндаа л Азийн түвшний тамирчин болох байсан. Дэлхийн түвшинд хүрэхэд миний биеийн байдал арай хүрэхгүй байсан. Тиймээс ч би тамирчин болохоос татгалзсан” хэмээн ярьжээ.

Хэдий мэргэжлийн тамирчин болж чадаагүй ч тэр спортод хайртай хэвээр байгаа. Маш завгүй, шахуу хуваарьтай ажилладаг долоо хоногтоо заавал 3-4 удаа дасгал хийдэг аж. Нас өндөр болсон хэдий ч хөнгөн шингэн, дасгал хөдөлгөөн хийж буй, залуусаас дутахгүй булчинлаг биетэй түүний зураг саяхан Хятадын цахим сүлжээнд тавигдаж, маш олон хүн Наншань эмчийг магтан сайшаажээ.

Жон Наншань эмчийн ханьтайгаа учирсан түүх мөн л спорттой холбоотой. Эхнэр нь тухайн үеийн Хятадын эмэгтэй сагсан бөмбөгийн багийн тамирчин, шилдэг тоглогч Ли Шаофэн гэх эмэгтэй бий. Тэд 1963 оны арванхоёрдугаар сарын 31-нд гэрлэсэн бөгөөд тэд хүү, охин хоёртой. Хүү Жон Вайд нь аавынхаа адил эмч бол охин Жонг Вэйюэ нь усан сэлэгч аж.

УУШГИНЫ ӨВЧНИЙ ТОЛЬ БИЧИГ ЖОН НАНШАНЬ

Эмч, судлаач хүн олон тал руу үсчилгүй яг өөрийн сайн чадах ганц хоёр зүйлийг барьж аваад, түүнийхээ талаар маш сайн судалж, тэр чиглэлдээ амжилт гаргах нь чухал гэж үздэг тэр амьсгалын замын, вирусийн гаралтай өвчлөлөөр өдий 80 гартлаа дагнан ажиллаж байгаа юм. Улсдаа хүртэж болох бүхий л хүндлэлийг хүлээсэн Жон Наншань нь 2005-2009 оны хооронд Хятадын анагаах ухааны нийгэмлэгийн ерөнхийлөгч байсан ба 1979-1981 оны хооронд Лондон дахь Сент Бартоломьюгийн эмнэлэг, Эдинбургийн их сургуулийн анагаах ухааны сургуульд мэргэжил дээшлүүлж, 1981 онд Эдинбургийн их сургуулийн анагаах ухааны сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Харин одоо Гуанжоугийн Амьсгалын замын өвчин судлалын хүрээлэнгийн захирал, “Journal of Thoracic Disease” сэтгүүлийн ерөнхий редакторын албан тушаалыг хашдаг.

2010 онд Хятадын шилдэг 10 эрдэмтэний нэгээр шалгарч байсан Жон Наншань уургийн дутагдал ба COPD буюу уушгины архаг бөглөрөлт өвчний харилцан хамаарлыг олж илрүүлсэн бөгөөд COPD-ийн үед энергийн зохистой харьцааны томъёог анх боловсруулсан нь түүний бас нэг том нээлт.

Тэр өрөөнөөсөө цухуйдаггүй, жор бичихээс цаашгүй эмч байсангүй. Бүхий л насаараа өвчтөнүүдийн дунд орж, аюулт өвчинтэй нүүр тулж ажилласан нь түүнд энэ их туршлага, мэдлэгийг олгосон байна. SARS өвчний үед ч тэр, "Covid-19"-ийн үед ч тэр. Түүний хийсэн судалгааны ажлууд одоо дэлхийн өнцөг булан бүр дэх вирус судлал, уушгины өвчин судлалын эмч мэргэжилтнүүдийн ашигладаг “толь бичиг” болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж