"Төсвөө тодотгохгүй бол У.Хүрэлсүхийн ЗГ огцорно"

Хуучирсан мэдээ: 2020.04.16-нд нийтлэгдсэн

"Төсвөө тодотгохгүй бол У.Хүрэлсүхийн ЗГ огцорно"

"Төсвөө тодотгохгүй бол У.Хүрэлсүхийн ЗГ огцорно"

Эдийн засагч Т.Доржхандтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Засгийн газраас өргөн мэдүүлсэн эдийн засгийг дэмжих багц хөтөлбөрийг УИХ баталчихлаа. Өнөөгийн энэ цаг үед хэр бодитой хөтөлбөр батлагдлаа гэж та харж байна вэ?

-Коронавирусийн цар тахлын улмаас дэлхийд эдийн засгийн хямрал нүүрлэсэн нь тодорхой боллоо. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар хоёр сая орчим хүн халдвар авч, 100 мянга гаруй хүний амь нас эрсдээд байна. Нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад ихээхэн хэмжээний хөрөнгө санхүү шаардагдаж байгаагаас гадна үйлдвэрлэл, худалдаа, хөрөнгө оруулалт үндсэндээ тэг зогсолт хийж байна. ОУВС-гийн тэргүүн “1930 оны их хямралаас хойших хамгийн том хямрал болно” гэж анхааруулсан. Энэ хүнд, тодорхой бус нөхцөл байдалд иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалах нь мэдээж хамгийн чухал. Үүнээс гадна эдийн засгийн бодлогын хүрээнд дорвитой арга хэмжээ авах шаардлагатай. Өнгөрсөн 7 хоногт УИХ-аас Ковид-19 цар тахлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг баталсан. Эдгээр арга хэмжээ бол зайлшгүй хийгдэх шаардлагатай, наад захын арга хэмжээнүүд юм. Компаниудын үйл ажиллагаа доголдож, ашиг орлого байхгүй болсон үед орлогын татвар төлөх байтугай, ажилчдынхаа цалинг тавихад хүндрэлтэй байгаа. УИХ-аас баталсан уг багц хөтөлбөрийг задлаад үзвэл энэ оны төсвийн хүлээгдэж буй орлогын тасалдлыг тогтоолоор “албажуулсан” шинж чанартай арга хэмжээнүүд дийлэнх нь байна гэж харж байна. Харин компани, аж ахуйн нэгжийн байр сууринаас харвал, энэ хүнд хэцүү үед төр тэднийг яг яаж бодитоор дэмжиж байна вэ гэвэл тун чамлангуй байна. Ажил олгогчийг НДШ төлөх үүргээс түр чөлөөлсөн, жилийн татвар ногдох орлого 1.5 тэрбум төгрөгөөс бага жижиг компаниудыг орлогын албан татвараас түр чөлөөлсөн буюу төрийн дарамтыг бага зэрэг бууруулжээ. Сүүлийн 90 жилд тохиолдоогүй, дэлхийг хамарсан хямралын энэ үед өнгөрсөн арваннэгдүгээр сард баталсан төсвөө хамгаалж, аргацаасан биш харин үүсээд буй нөхцөл байдалд нийцсэн, илүү дорвитой арга хэмжээ авах шаардлагатай.

Тухайлбал, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөс гадна аж ахуйн нэгжүүд, ялангуяа хөл хорио, хямралд өртсөн худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг компаниудад дампуурахаас сэргийлж бага өртөгтэй санхүүжилтийн эх үүсвэрийг яаралтай олгох шаардлагатай.

Үүнийг Монголбанк мөнгө хэвлэж биш сонгуульд зориулсан төсвөө танаж ЖДҮХС зэрэг элдэв сангуудаараа дамжуулан олгох хэрэгтэй.

-Багц арга хэмжээний 5,1 их наяд төгрөгийг Засгийн газар төсөв тодотгохгүйгээр зохицуулна гээд байгаа. Төсөв тодотгохгүйгээр зохицуулах боломж харагдаж байна уу?

-Боломжгүй. Нэгд, Төсвийн тухай хуульд зарим зардлыг хооронд нь шилжүүлж зохицуулалт хийх заалтууд байдаг, гэхдээ зохицуулалт хийх хязгаарлалтуудыг ч бас Төсвийн тухай хуулинд маш тодорхой тусгаж өгсөн байгаа. Тухайлбал, энэ хуулийн 42.7-д төсөвт зохицуулалт хийхдээ хөрөнгийн болон урсгал зардлыг хооронд нь шилжүүлэх, төсөвт тусгагдаагүй шинэ хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно гэж маш тодорхой хуульчилсан байгаа. Хоёрт, 5.1 их наяд төгрөгийн тодорхой хэсгийг олон улсын байгууллагуудаас зээл авч санхүүжүүлнэ гэсэн тайлбар байсан. Гэтэл Засгийн газрын гадаадаас авах зээлийн хэмжээ, авсан зээлийн тухайн жилд зарцуулах хэмжээ зэргийг бүгдийг нь энэ УИХ 2020 оны улсын төсвөөр баталсан байгаа. Гуравт, Төсвийн тухай хуулийн 34.1.1, 34.1.2- заасан төсвийн зардал болон алдагдлын хязгаар давж, төсвийн тодотгол хийх нөхцөл хуулиар бүрдсэн байгаа. Улсын төсөв, санхүүтэй холбоотой манай хууль эрх зүйн орчин сайн хөгжсөн, төрийн санхүүгийн процессыг олон хуулиар маш нарийн зохицуулж өгсөн байдаг.

Төсвийн тодотгол хийхгүйгээр цааш явбал Засгийн газар төсвийн хуулиудаа зөрчиж, УИХ-ын бүрэн эрхэд халддаг байдлыг давтана. 2000 онд байгуулагдсан Засгийн газрын гишүүн Л.Одончимэд гэж хүнийг яг ийм шалтгаанаар ажлаас нь чөлөөлж байсан даа. Хууль засаг бүрт жигд үйлчлэх учиртай. Хэрэв тодотголоо хийхгүй бол өөрчлөлт хийсэн сайд нар, цаашлаад  У.Хүрэлсүхийн засгийн газар огцорно.

-Хямралын энэ үед дотоодын аж ахуйн нэгжүүдээ хаалгыг нь бариулчихгүй авч үлдэх боломж юу байна вэ. Засгийн газраас зарим татвараас чөлөөлсөн?

-Цар тахлыг хумьж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалахын тулд хөл хорио тогтоосон энэ үе бол эдийн засгийн хямралын хувьд эхний үе шат юм. Энэ үе шатанд аж ахуйн нэгжүүд дампуурах, ажилтнуудаа олноор цомхотгох, банкны зээлийн өрөнд барьцаа хөрөнгөө алдах зэрэг бодит эрсдэл байгаа тул энэ эрсдэлийг бууруулахад тэдэнд дэмжлэг хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэгэнт үйлдвэр үйлчилгээ явуулах боломжгүй, борлуулалт хийгдэхгүй байгаа энэ үед компани ямартай ч тэсч үлдэх, “амь гарах” хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүд, ялангуяа жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн зээлийн төлбөрийг царцаах, орлогын татвараас гадна НӨАТ-аас чөлөөлөх, цалингийн татаас олгох, тогтмол зардлаа санхүүжүүлэхэд нь Засгийн газраас зээл олгох буюу зээлийн баталгаа гаргах хэрэгтэй.

-Дэлхийн улс орнууд дотоодын аж ахуй нэгж, иргэддээ чиглэсэн арга хэмжээг түлхүү авч хэрэгжүүлж байна. Бусад улс орнуудтай харьцуулахад бид боломжийн зөв арга хэмжээгээ авч хэрэгжүүлж байна гэж эрх баригчид тайлбарлаад байгаа?

-Маш энгийнээр эхлээд байгаагаа хамгаал, хадгал. Дараа нь сэргээ, идэвхжүүл гэсэн зарчмыг дэлхий даяар мөрдөж байна. Манайх харин сонгуулийн төсвөө хамгаалахын тулд бодлогоо эсрэгээр нь хэрэгжүүлээд байгаа нь өнөөдрийн зовлон болоод байна. Дэлхийн бусад улс орныг харахад том цар хүрээтэй, оновчтой буюу хямралд өртсөн салбар болон хүмүүст чиглүүлсэн арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд аж ахуйн нэгжүүдийг дампуурлаас, иргэдийн ажилгүйдэл, ядуурлаас хамгаалсан арга хэмжээнүүдийг авч байна. Зээлийн дарамтыг хөнгөлөх, бага хүүтэй зээл олгох буюу тийм зээл авахад төрөөс баталгаа гаргаж өгөх, ажилгүйдлийн тэтгэмжийг албан бус секторын хөдөлмөр эрхлэгчдэд олгох, өрхийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг. Зардлыг дахин эрэмбэлж, хөрөнгө оруулалтыг эрүүл мэндийн салбарт чиглүүлж байна. Эрүүл мэнд, онцгой байдлын ажилтнуудын цалин хөлс, оношлуур, багаж, эм тарианаас гадна түр эмнэлгүүд байгуулах, шаардлагатай тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх зэрэг. Харин хөрөнгө оруулалт буюу эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээг дараагийн үе шатанд авч хэрэгжүүлэх нь илүү оновчтой юм. Цар тахлыг иргэдийн амь нас, эрүүл мэндэд аль болох хохирол багатай давж, хөл хорионоос үүдэлтэй эдийн засгийн шокыг дээр дурдсан “амь сунгах” арга хэмжээгээр зөөлрүүлсний дараагаар хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж, эдийн засгаа сэргээх арга хэмжээнүүдэд хүчээ дайчлах нь энэ улсын хүний, санхүүгийн, бодлогын нөөцийг илүү зөв ашиглах юм.

-Аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн арга хэмжээ авч байна. Харин иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ямар арга хэмжээ байж болох вэ. Гэхдээ бодит орлого нэмэх гэж байна гээд бөөн мөнгө тарааж болохгүй. Гэтэл одоо "Эрдэнэс Тавантолгой"-н ногдол ашиг, хүүхдийн мөнгийг 10 мянган төгрөгөөр нэмэх гээд сонгуулийн өмнөх ээлжит халамжийн бодлогууд давхар үргэлжлээд байх шиг?

-Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралын үед иргэдийн орлогыг хамгаалах, амьжиргааг дэмжих, ялангуяа санхүүгийн хуримтлалгүй эмзэг бүлгийн иргэдийг ядууралд өртөхөөс хамгаалах, амьжиргааны түвшин доогуур, тогтмол орлогогүй иргэдэд нийгмийн халамжийг хүртээмжтэй хүргэх нь энэ цаг үед маш чухал юм. Гэтэл яг энэ нийгмийн хамгааллын асуудал УИХ-аар батлагдсан хөтөлбөрт тусаагүй байна. Төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр хөл хорио тогтоосны улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудад 200,000 төгрөг олгохоор болсон. Гэтэл мөн л хөл хорионы улмаас орлогоо алдсан хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд яах вэ. Тэдний амьжиргааг хэн хамгаалах вэ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, жижиг худалдаа, үйлчилгээ эрхэлдэг, өдрийн орлогоороо гэр бүлээ тэжээдэг олон мянган иргэдийн асуудалд төрийн эрх баригчид ийм харалган байгаад үнэхээр харамсч байна.

Хүүхдийн мөнгийг нэмэх нь зөв. Үүнээс гадна цар тахлын үед иргэдийн ажилгүйдэл, ядуурлын эрсдэлийг бүтнээр нь үнэлж, шаардлагатай нэмэлт арга хэмжээнүүдийг авахыг Хөдөлмөрийн үндэсний нам уриалсан. Монгол улсын хүн амын 30 хувь нь ядуу, 15 хувь нь ядуурлын түвшний ирмэг дээр тун эмзэг байдалтай байгааг цар тахал, эдийн засгийн хямралаас өмнө статистик харуулж байсан. Одоо эдгээр иргэдийн амьжиргаа, аюулгүй байдлыг хангах нийгмийн хамгааллын цогц арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байна.

-Хямрал, сонгууль тэгээд бид том өрүүдтэйгээ нүүр тулж эхэлнэ, эдийн засгийн үзүүлэлтүүд тийм ч хурдан өсөх төлөвгүй байна. Уул уурхайн салбараас хамааралтай манай улсын хувьд хамгийн бодит арга хэмжээ авах боломж харагдаж байна уу?

-Монгол Улсын Засгийн газар ойрын жилүүдэд 2.9 тэрбум ам.долларын бондын эргэн төлөлт, Хятадын Ардын банктай байгуулсан 15 тэрбум юанийн своп хэлцэл, мөн Худалдаа хөгжлийн банк Засгийн газрын баталгаатайгаар олон улсын зах зээлд гаргасан 500 сая ам.долларын бондын эргэн төлөлт гээд маш том том төлбөрүүдийн ард гарах ёстой. Эдийн засгийн хэвийн нөхцөл байдалд ч жил дараалсан энэ том төлбөрүүд нь манай улсын төсөв, санхүүд маш том сорилт байсан. Макро эдийн засгийн тогтвортой бодлого баримталж, төсвийн болон гадаад валютын нөөцөө бэхжүүлж, эдийн засгийн өсөлтийг хангаж, эдгээр бондуудыг дахин санхүүжүүлэх замаар төлбөрийн ачааллыг бууруулах ёстой. Гэтэл урьдчилан таамаглахын аргагүй нөхцөл байдал үүсч, коронавирусийн цар тахлын нөлөө дэлхийн эдийн засаг, тэр дундаа олон улсын хөрөнгийн зах зээлийг гүн цочролд орууллаа. Хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд хөгжиж буй зах зээлээс гаргасан өндөр эрсдэлтэй бондуудаа зарж, хөрөнгөө татаж байна. Энэ оны эхний гурван сард хөгжиж буй зах зээлээс бараг 100 тэрбум ам.долларын хөрөнгө урсч гарсан байна. Хөгжиж буй орнуудын Засгийн газрын гаргасан бондын хоёрдогч арилжааны үнэ бүгд огцом унаж байна. Коронавируст цар тахлын улмаас 2020-2021 онд дэлхийн эдийн засагт 9 их наяд ам.долларын алдагдал учирна гэж ОУВС таамаглаж байна. Дэлхийн эдийн засаг ирэх оноос сэргэх байх гэсэн хүлээлт байгаа хэдий ч хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэлд маш болгоомжтой хандах, өөрөөр хэлбэл хөгжиж буй зах зээлд биш бага өгөөжтэй ч эрсдэл бага хөрөнгө оруулалтыг илүүд үзэх болно. Ийм нөхцөл байдалд Монгол улс 2021 оны дөрөвдүгээр сард төлөх ёстой 500 сая ам.долларын бондоо дахин санхүүжүүлж чадах эсэх нь үнэхээр санаа зовоож байгаа асуудал юм. Дахин санхүүжүүлж чадвал өртөг нь хэд байх бол.

Учир нь, бондын үндсэн төлбөрөөс гадна хүүгийн зардал манай улсын төсөвт асар их хэмжээний ачаалал үүсгэж байгаа, ирэх 3 жилд гадаад өрийн хүүгийн зардалд жил болгоны төсвийн орлогын 8-10 хувийг зарцуулахаар байгаа. Гэтэл ирэх жил хөрөнгийн зах зээл царцсан байдалтай, хөрөнгө оруулагчид хөгжиж буй зах зээлд хөрөнгө оруулахаас болгоомжилсон хэвээр байвал бид бондыг дахин санхүүжүүлэх боломжгүй болбол яах вэ гэдэг хамгийн хүнд асуудал юм.

Энэ оны төсвийн орлого хамгийн багадаа 30-40 хувиар тасрахаар байгаа тул бондыг төлөх төсвийн нөөц бололцоо үүсэх болов уу. Төлж чадахгүй бол дефолт. Өнөөдрийн байдлаар дефолтын эрсдэл нүүрлээд байгаа 10 гаруй улс байна. Тэдгээрээс гадна Засгийн газрын өрийн бүтцийн хувьд өндөр эрсдэлтэй гэж олон улсын санхүүгийн байгууллагуудаас үзсэн 12 улс байгаагийн дунд Монгол улс маань орсон байна. Засгийн газар сонгууль хүрэл аргалчихвал дараа нь бидэнд хамаагүй гэсэн бодлого барьж болохгүй. АН 2012-2016 онд эдийн засгийг самарч бид бохирыг нь цэвэрлэж байна гэдэг. Харин дараагийн Засгийн газар мөн л бохир цэвэрлэсээр байх уу. Бид нэг л улс, энэ хүндрэлийг хамтдаа хохирол багатай давах нь Монголчуудын нийтлэг эрх ашиг байх учиртай.

-Төв банк бодлогын хүүгээ бууруулчихлаа. Одоо арилжааны банкууд юу хийх шаардлагатай гэж харж байна вэ?

-Төв банк бодлогын хүү болон банкуудын заавал байлгах нөөцийг буулгаснаар 300 тэрбум төгрөгийг суллаж, аж ахуйн нэгжүүд рүү гаргахаар боллоо гэж ойлгосон. Гэвч өнөөдөр банкуудын зээл олголт зогссон, чөлөөлөгдсөн эх үүсвэр харин банкны хугацаа хэтэрсэн чанаргүй зээлийн эрсдэлийн санг зузаатгахад зарцуулж байх вий. Мэдээж бодлогын хүүгээ үе шаттай буулгах чиглэл барих нь зөв. Гэхдээ түүнээс илүү ханшаа алдахгүй байх, инфляцаа хянасан тогтвортой бодлогоо явуулах нь зүйтэй. Харин коронавирусийн хямрал саарсны дараа эдийн засгийг идэвхижүүлэхэд мөнгөний бодлогын нөлөө өндөр байх болно. Одоо төсөв өөртөө илүү ачаа үүрэх цаг нь мөн.

-Ер нь банкны салбарын реформ хийх ёстой гэдэг байр суурийг эрх баригчид илүү их ярих боллоо. Үүнийг дагаад гадны банк оруулж ирнэ гэсэн яриа ч гарах болж?

-Гадны банк оруулж ирэх нь зүйтэй. Тодорхой зохицуулалт шаардана. Тухайлбал, аль салбарт зээл олгох, барьцаа хөрөнгө нь улсын үнэ цэнэтэй ордууд байх уу үгүй юу, жижиглэнгийн зээл үү, байгууллагын том хэмжээний зээл үү гээд. Мөн хоёр хөрш болон гуравдагч орны банкуудын оролцоо ямар түвшинд байх зэрэг бодлогуудаа гаргаад явах хэрэгтэй.

-Цар тахлын улмаас дэлхийн олон улс орны эдийн засаг хямарч байна. Монголын эдийн засгийн ирээдүй, ойрын төлөв ямар байхаар байна вэ?

-Цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг гурван хувиар агшиж, 100 сая гаруй ажлын байр үгүй болж, 500 сая хүн ядууралд орно гэсэн үнэхээр сэтгэл түгшээсэн тоог эдийн засагчид болон олон улсын байгууллагууд хэлж байна. Монгол улсын эдийн засаг ч хүндрэх эрсдэлтэй харагдаж байна. Энэ үед хямралд өртсөн аж ахуйн нэгжүүдээ дампуурлаас, иргэдээ ядуурлаас хамгаалах бодлого хамгийн чухал юм. Зээлийн төлбөрийг хойшлуулах буюу царцаах, зээлийн баталгаа гаргах, зээл олгох, ажилгүйдлийн тэтгэмжийн хамрах хүрээг өргөсгөж албан бус секторын хөдөлмөр эрхлэгчдийг хамруулах, халамж, тэтгэмжийг нэмэгдүүлэх, НӨАТ болон орлогын албан татвараас чөлөөлөх зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлж, энэ хямралыг аль болох хохирол багатай давах хэрэгтэй байна.

Хямралтай нүүр тулсан энэ үед шуурхай бөгөөд өргөн цар хүрээтэй хөдлөх, хамгийн гол нь нэг ч хүнээ орхихгүй байх хэрэгтэй юм.

-Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулийг хойшлуулах санал хүргүүлсэн. Гэхдээ шийдвэрийг УИХ өөрөө гаргана. Та болон танай намын хувьд сонгууль хойшлуулах асуудлыг юу гэж харж байна вэ?

-Өнөөгийн цар тахлын сул тал нь зарим улс ардчиллаа алдах эрсдэлд ороод байгаа. Ардчилал, тэр дундаа парламентын ардчилал нь Монгол улсын тусгаар тогтнолын дархлаа гэж ХҮН үздэг. Чоно борооноор гэдэг шиг зарим гадны улсын нөлөөг Монгол нутагтаа оруулахгүй байх нь бидний үүрэг. Иймд ардчиллаа хамгаалахын тулд ардчилсан сонгуулийг цаг хугацаанд нь аливаа хүндрэлийг сөрөн хийх нь Монголчуудын эрх ашиг юм. Зарим улстөрчид биднийг шүүмжилж байгаа. Хэрэв одоо сонгууль хийвэл ХҮН-ын залуус биш МАН-ын хөгшчүүл дахиад гарч ирнэ, ухаантай бай гэж. Бидний хувьд хэн нь ч ялсан үл хамаараад ардчиллаа хамгаалах нь илүү үнэ цэнэтэй, Монголын эрх ашиг гэсэн байр сууринд хатуу зогсож байгаа. Бид Монгол хүний саруул ухаанд итгэдэг. Цаг эргэх болсон!

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж