ОХУ нь ирэх тавдугаар сарын 9-нд тохиох аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярыг хойшлуулахаар шийдвэрлэжээ. Ялалтын баярыг коронавирусийн халдвараас сэргийлэн хойшлуулахаар болсон аж. ОХУ-д сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тоо огцом нэмэгдэж, 24490 хүн халдвар авч, 198 хүн нас бараад байгаа юм.
Өмнө нь Оросын ахмад дайчид Ерөнхийлөгч Владимир Путинд хандан Ялалтын баярыг хойшлуулах хүсэлт тавьсан байв. Тус улсын батлан хамгаалах албаныхан Ялалтын баярыг ирэх зургадугаар сарын 24, эсвэл есдүгээр сарын 3-ны өдөр болгон хойшлуулахаар ярилцаж байгаа аж.
Ялалтын баярын анхны жагсаал Москва хотын Улаан талбайд 1945 оны зургадугаар сарын 24-нд болж байжээ. Уг жагсаалыг ЗХУ-ын Маршал Константин Рокоссовский командалж, ЗХУ-ын Маршал Георгий Жуков хянасан аж. Харин есдүгээр сарын 3 бол дэлхийн II дайн дууссан өдөр юм.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу хэлэхдээ, энэ жил Ялалтын баярын сүрт жагсаалд 15 мянга гаруй цэрэг, 375 газрын техник хэрэгсэл, нисэх онгоц оролцохоор төлөвлөснийг өмнө нь мэдээлж байсан. Цэргийн парадын үеэр ОХУ нь нисэх онгоц амдан сөнөөх пуужингийн систем, агаарын довтолгооноос хамгаалах систем, эргийн хамгааллын пуужин хөөргөгч, алсын удирдлагат тэсрэх бөмбөг устгах техник, танк, явган цэргийн тулааны автомашинуудаа үзүүлэх аж. Оросын домогт “T-34” танкууд, “СУ-100” их буу зэргийг энэ үеэр харах боломжтой.
Эх сурвалж: INTERFAX, THE MOSCOW TIMES, BBC