Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхий нийтээр коронавирусийн халдвараар 18-35 насныхан өвчлөх хандлагатай байгааг сэрэмжлүүллээ. Монгол Улсын хувьд улсын хэмжээнд эмнэлгийн ажиглалтад 1669 хүн байгаа бөгөөд тусгаарлах байранд буй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн үзүүлж байгаа аж.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн мэдээлснээр, иргэдийн зүгээс гэр хорооллын иргэд амны хаалт зүүхгүй байна гэх гомдол мэдээллийг ирүүлжээ. Иймд амны хаалтыг тогтмол зүүхийг дахин зөвлөлөө.
ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ
-Өчигдрийн байдлаар ХӨСҮТ болон улсын хэмжээнд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт 84 хүний шинжилгээнээс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод ажилласан эмч нар, тээврийн 44 жолооч, ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүнээс илрээгүй. ОХУ-аас ирсэн 11 хүнээс 10 хүнээс илрээгүй. Монгол Улсын хэмжээнд батлагдсан 31 дэх тохиолдол бүртгэгдлээ.
Эмчлэгдэж гарсан таван хүний биеийн ийлдэст эсрэг бие илэрсэн. Тиймээс үргэлжлүүлэн тандан хянаж байна. ХӨСҮТ-д 245 хүн эмчилгээ тандалт үргэлжилж байна. "Сонгдо" эмнэлгийн хоёр иргэнээс эсрэг биет илрээгүй.
Эсрэг бие гэдэг бол хүний биед гадны биет орж ирэхэд үүсдэг. Эсрэг бие үүссэн байхад вирус арилсан ч хүний биед үлддэг. Энэ бол вирус биш дархлалын системд байдаг армийн нэг хэсэг гэсэн үг. Энэ эсрэг биетийг бид хянаж байдаг. Эсрэг бие бол вирус биш. Тухайн вирусийг таньдаг эсрэг биет гэсэн үг. "Сонгдо" эмнэлгийн хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдэхэд бид сандарсан. Хоёр төрлийн оношлуураар үзэхэд эсрэг биет илрээгүй тул өвдөөгүй гэсэн үг.
"Амар" зочид буудлаас батлагдсан дахин нэг тохиолдол нь ОХУ-аас ирсэн оюутан. Дархан-Уул аймагт тусгаарлагдах хугацаанд батлагдсан иргэний ойрын хавьтлын 30 хүний дотроос илэрсэн. Бидний хувьд тархвар зүйн судалгаа хийж, клиникийн шинж тэмдэгтэй уялдуулан лабораторийн шинжилгээгээр баталсны үр дүнд дахин эцсийн дүн гаргадаг. Шинэ вирус учраас эмчлэгдсэн таван иргэн дахин халдварлана, халдварлахгүй гэж хэлж чадахгүй.
Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-Эрүүл мэндийн яам ямар нэгэн шийдвэр гаргахдаа шинжлэх ухааны нотолгоонд үндэслэдэг. Эрээнээс ирэх иргэд тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Тухайн үед нь бид мэдээлнэ. Эрүүл мэндийн яам нэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн долоо хоногийн дотор түргэн оношлууртай болсон. Эхний байдлаар уушгины хатгалгаа авсан иргэдээс тандалт судалгаа авахад коронавирус илрээгүй. Бид нийт 5000 гаруй хүнд шинжилгээ хийхэд 31 тохиолдол батлагдсан. Эдгээр нь бүгд гаднаас зөөвөрлөгдсөн. Манай орны хувьд 0-15 насны хувьд вакцин хийж дархлаа тогтоодог. Халдварт өвчний дараа дархлаа үүсдэг. Энэ нь өвчлөлийн шинж тэмдгээс хамааран тодорхой хугацаатай байдаг. Шинэ вирус учраас бид бүгдээрээ суралцаж байна.
ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.
Posted by News.mn on Wednesday, April 15, 2020
Холбоотой мэдээ