Маш хурдан тархаж байгаа "Covid-19" цар тахалтай тэмцэж буй өнөө үед Энэтхэгийн эрдэмтэд хоёр зүйлийн жимсний сарьсан багваахайн биеэс дахин өөр төрлийн коронавирус илрүүлжээ.
Энэтхэгийн эрүүл мэндийн судалгааны зөвлөл сарьсан багваахайнуудаас шинжилгээ авж үзэхэд 25 сарьсан багваахайнаас өөр шинэ төрлийн коронавирус BtCoV илэрчээ. Шинжилгээний хариу эерэг гарсан сарьсан багваахайнууд бүгд Энэтхэгийн өмнөд хэсгийн мужуудад ихээр нутагладаг Русеттүс, Прерөпүс зүйлийн буюу энгийнээр жимсний сарьсан багваахайнууд аж.
“Сарьсан багваахайнаас илрүүлсэн энэ коронавирус бол SARS-CoV2 биш, Covid-19 өвчинтэй хамааралгүй. Одоохондоо энэ вирус хүнд халдаж, ямар нэг өвчин үүсгэх чадвартай эсэх нь тодорхойгүй байна” хэмээн судалгааны багийн удирдагч, Үндэсний вирус судлалын хүрээлэнгийн судлаач Прагя Ядав ярьжээ.
2018 онд мөн птерөпүс зүйлийн сарьсан багваахайн тээдэг нипавирусаар 17 хүн нас барж байсан билээ. Прагя Ядав “Сарьсан багваахай бол маш олон төрлийн вирус тээдэг амьтан. Зарим вирус нь хүнд халдварлах чадвартай. Тиймээс хүн төрөлхтөн үргэлж сарьсан багваахайг нарийн судалж, дахин тахал үүсгэж болзошгүй вирусүүдийг шинжилж байх шаардлагатай” гэж тайлбарласан байна.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ