Чуулган: Шүүгч нарыг Ерөнхийлөгч томилохгүй

Хуучирсан мэдээ: 2020.04.16-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Шүүгч нарыг Ерөнхийлөгч томилохгүй

Posted by News.mn on Thursday, April 16, 2020

17 : 13
2020-4-16

Чуулган: Шүүгч нарыг Ерөнхийлөгч томилохгүй

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Шүүхийн багц хуулийг шинэчлэн найруулсан төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн амин сүнс нь хараат бус, шударга шүүхийн тогтолцоо бий болгох вэ гэдэг бүх хүний хүсэл. Судалгаа харахад шүүхэд итгэдэг иргэдийн итгэл сүүлийн жилүүдэд өсч байгаа юм билээ. Өнгөрсөн 30 жилийн бидний хамгийн том алдаа бол хуулийн засаглалын алдаа байсан. Сүүлийн үед нийгмийг түгшээсэн том хэргүүд нь шийдэгддэггүй, шүүгч нар хамгийн их хөрөнгөтэй, хадгаламжтай байгааг ойлгохгүй байна. Ард иргэд нэг хэсэг нь хуулийн дээр, нэг хэсэг нь хуулийн дор амьдарч болохгүй гэдэг. Тиймээс хариуцлага, сахилгын зөвлөл захиалгын байж болохгүй. ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хуулийн байгууллагын удирдлагыг сольсон асуудлыг солих ёстой. Шүүгч нар шүүгч нартаа асар их нөлөөтэй байдаг. Танил талаараа хэрэг шийддэг, гар хардаг, хөрөнгө хардаг зүйл өнөөдөр байгаа. Энэ хууль батлагдвал энэ салбар шударга, иргэдийн хүлээлтэд нийцэх үү.

-Ажлын хэсэг:

-Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэлэлцэгдээд батлагдвал энэ асуудлууд цэгцэрнэ. Сахилга, хариуцлагын асуудал сүүлийн жилүүдэд яригддаг ч одоо үйлчилж байгаа хуультай нь холбоотой. Ёс зүйн зөрчил, хариуцлагын асуудлыг нэг заалттай болгосон нь нөлөөлж байгаа юм. Тиймээс мэргэжлийн, хариуцлагын асуудлыг цэгцрэхээр бодож хуулийн төсөлд тусгасан. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу нэг удаагийн хууль батлагдсан. Энэ асуудлыг ч мөн цэгцэлнэ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжиж байгаа. Яагаад гэвэл нийгэмд шударга ёс тогтооход шүүхэд шинэчлэл хэрэгтэй. Энэ шинэчлэлийг олон нийтийн хяналт дор явуулах учиртай. Олон хүний, аж ахуй нэгжийн, төрийн хувь заяаг шийдэх олон шийдвэр шүүх дээр гардаг. Тиймээс шүүгч нар алдах эрх байхгүй. Нэг өдөр бүх зүйл сайхан болно гэж бодохгүй байгаа ч цаашид шүүхийн шийдвэр улам сайжрах байх гэж бодож байна. Шүүхийн бүх хуралдааныг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Хүмүүсийн хууль, эрх зүйн талаар мэдлэг сайжрах, хуулиа мөрддөг, сахиулдаг болох боломжтой. Ямар нэг шалтаг хэлээд заримыг нь олон нийтэд ил гаргахгүй гэсэн хандлага бол буруу шүү гэж үзэж байна. Бүх хуралдааныг ил тавих ёстой. Цаашид хэлэлцүүлгийн явцад энэ асуудлыг бүлэг болгож оруулаач гэж хүсч байна.

УИХ-ын гишүүн Л.Батнасан:

-Анхан шатны шүүгчийг ард түмнээс сонгож баймаар байгаа юм. Шүүхийн бие даасан хараат бус байдал хангагдаж байгаа. Тавдугаар сарын 25-аас хойш Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлнэ. Түүнээс хойш олон хэрэг шударгаар шийдэгдэнэ гэж ойлгож байна. Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хоорондын уялдаа холбоо, нэгдмэл байдлаар ажиллах боломжийг нь хэр зэрэг анхаарч байгаа вэ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Шүүхийн нэгдмэл зарчим, танхимын зарчмаар хэрэг шийддэг асуудлаасаа ухарч болохгүй. Шүүхийн захиргааны байгууллага нь шүүгчдийг шилж, сонгож авдаг. Өмнө нь шүүгч нарыг Ерөнхийлөгч томилдог байсныг болиулж, зөвлөл томилдог, сонгодог байх зэрэг дэвшлүүд бий. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа шүүх эрх мэдлийн бүлэгт Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн байх, Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж болохгүй гэсэн хоёр зүйлийг орхигдуулсан.

Ингээд гишүүд асуулт, тодруулга авсны дараа санал хураалт явууллаа. Ингээд хуулийн төслийг гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Ингээд хуулийн төслүүдийг байнгын хороонд шилжүүллээ. 

Мөн хуралдаанаар Аймаг, нийслэл, орон нутгийн сонгуулийн санал авах өдрийг тогтоох төслийг хэлэлцэж баталлаа. Үүний дараа аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. 

Үүгээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.

15 : 31
2020-4-16

Чуулган: Сайжруулсан түлшний үйлдвэрийн төхөөрөмжийг татвараас чөлөөлнө

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тус хуулийн төсөл нь агаарын бохирдлыг бууруулах зорилгоор түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-ын албан татвараас чөлөөлөх юм. 

Хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн учраас анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

12 : 44
2020-4-16

Д.Сарангэрэл: Иргэд харьяалал харгалзахгүй өрхийн эмнэлгээр үйлчлүүлдэг болно

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

Posted by News.mn on Wednesday, April 15, 2020

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авч байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Эрүүл мэндийн салбарынхан маш сайн ажиллаж байна. Энэ жил Сонгинохайрхан дүүрэгт баригдах эмнэлгийн барилгуудад онцгой анхаарч ажиллаж байгаад талархаж байна. Анхан шатны үйлчилгээг захын хороолол руу Өрхийн эмнэлэг анхаарал халамж тавьж байгаа ч цаашид ямар дэмжлэг үзүүлэх вэ. Хуульд анхан шатны нэгж буюу Өрхийн эмнэлэгтэй холбоотой заалт оруулж байгаа юу. Мөн коронавирусаас үүдэж нислэг зогссонтой холбоотойгоор эмнэлгийн нэн шаардлагатай хэрэгсэл, тоног төхөөрөмж, бодисуудыг авах талаар тусгасан уу.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

-Эрүүл мэндийн салбарт 20 гаруй царцаагдсан барилга бүгд хөдөлгөөнд орж эхэлсэн. 2020 онд бид 44 эмнэлэг ашиглалтад оруулна. Нислэг зогссонтой холбогдуулан асуудал үүсч байгаа ч Онцгой комисс эрүүл мэндийн салбарын нэн чухал шаардлагатай тоног төхөөрөмж, бодис авах ажлыг тусгай үүргийн онгоцоор шийдээд явж байгаа. Цаашид ч зохион байгуулаад явах боломжтой. Анхан шатны тусламж үйлчилгээ 242 төв бий. Бид анхан шатны тусламжийн үйлчилгээг дээшлүүлж, дэмжих шаардлагатай. Тоног төхөөрөмж, байраар дэмжиж байгаа. Цаашид Өрхийн эмнэлгийн санхүүжилтийг орон нутаг, дүүрэг дэмжих чиглэлээр анхаарвал иргэдэд ойртох боломж үүснэ. Энэ хуульд Өрхийн эмнэлгийг нийгмийн эрүүл мэндийн үзлэг, хянах, эрсдэлийн үнэлгээг жил бүр зайлшгүй хийж байхыг хуульчилж өгч байгаа. Энэ нь өөрөө том дэвшил юм.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

-Шинжлэх ухаан хурдацтай хөгжиж байгаа энэ үед ийм чухал хуулийн төсөл оруулж ирж байгаад сайшаалтай хандаж байна. Цар тахлын үед эрүүл мэндийн салбар маань маш шуурхай, сайн ажиллаж байгааг онцолж байна. Эрүүл мэндийн үйлчилгээг хүн арддаа чанартай, аюулгүй, хүртээмжтэй боломжийн үнээр хүргэх нь маш чухал. Шинжлэх ухааны нотолгоонд суурилсан, орчин үеийн тоног төхөөрөмжтэй, мэргэжлийн багт бүрэлдэхүүнтэй Их сургуулийн харьяа эмнэлэгтэй болох боломж энэ хуулиар бүрдэж байгаад талархаж байна. Хуульд их сургуулийн харьяа эмнэлэг гэдгийг тодотгох боломжтой юу. Өрхийн эмнэлгүүд анхан шатны үйлчилгээ үзүүлж байгаа. Хуулийн төслөөр өрхийн эмнэлэгт иргэд харьяалал харгалзахгүй үйлчлүүлэх боломжийг нээж өгч байна гэж ойлгож байна. Тэгэхээр төсвийг нь хэрхэн тооцсон юм бэ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

-Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн эмнэлгийг Засгийн газар, Сангийн яам, Эрүүл мэндийн яам анхаарч байгаа.  Анагаахын их сургуулийн харьяа эмнэлэгт 200-250 ортой байхаар бэлтгэж байна. Бид сургалтын эмнэлэг гэдэг шинэ нэр томъёог оруулж ирж байгаа. Анхан шатны үйлчилгээ авах нь иргэдийн сонголтоор, хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг баримтлахын тулд  Өрхийн эмнэлгээр үйлчлүүлэхээр бол харьяалал харгалзахгүйгээр үйлчлүүлэх боломжийг нээж өгч байна. Нэг сайхан мэдээ дуулгахад Хан-Уул дүүргийн 10 жил гацсан эмнэлгийг маш богино хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ эмнэлэг 300 ортой, эхний ээлжинд дөрөвдүгээр сарын 30-н гэхэд тодорхой хэсгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Сонгдо эмнэлэгт хэвтэж байсан хоёр өвчтөний шинжилгээ эхлээд эерэг гарсан ч дараа нь сөрөг гарсан. Ер нь тус эмнэлэгтэй холбоотойгоор олон янзын мэдээлэл гараад байна. Энэ талаар тодорхой тайлбар өгнө үү.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

-Сонгдо эмнэлгийг буруутгаж болохгүй. Хувийн хэвшлийн эмнэлгүүд энэ бол хүнд үед эрүүл мэндийн салбартаа үзүүлж байгаа дэмжлэг юм. Гэхдээ хурдасгасан оношлуур нь эцсийн баталгаажуулсны дараа олон нийтэд мэдээлэл өгөх нь зөв. Заавал PCR төхөөрөмжөөр баталгаажсан хариу мэдээг иргэдэд өгөх нь зөв.  Яарч мэдээлэл өгснөөс болж нийгмээрээ айдаст автах аюул учирч байгаа учраас яамнаас шинэ журам гаргана. Сонгдо эмнэлгийн хоёрын биед эсрэг биет үүсээгүй, өмнө нь болон одоо шинэ коронавирусийн халдвараар өвчлөөгүй нь баталгаажсан. Өвдсөн хүмүүсийн сийвэнд шинжилгээ хийхэд эсрэг биет үүсч байгаа. Тиймээс энэ хоёр өвчтөн өвдөөгүй гэсэн үг юм.

Ингээд хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх дэмжиж, хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. 

10 : 55
2020-4-16

О.Баасанхүү: Бид маш олон цаас үйлдвэрлэсэн, тэрийгээ хэрэгжүүлмээр байна

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөл нь төмс, сонгино, сармис, байцаа, шар лууван, шар манжинг гааль, НӨАТ-ыг нэмэгдүүлэх, мөн үр тариа, тэжээлийн таримал, төмс, хүнсний ногооны үрийг гаалийн албан татварыг тэглэх зэргийг тусгасан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-1997 онд дэлхийн худалдааны байгууллагад манай улс элссэн. Дэлхийн худалдааны байгууллагад элссэн улс орнуудын хоорондын гааль, татварын асуудлыг зохицуулдаг. Бид дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн тулд импортоор оруулж ирж байгаа бүтээгдэхүүний татварыг нэмэх нь дэлхийн худалдааны байгууллага дээр зөрчил үүсгэдэг гэсэн зүйл яригдаж байгаа. Жимс, жимсэн бүтээгдэхүүн дээр 97 хувийг импортоор оруулж ирдэг. Үүнийг татвар нэмж, дотооддоо 10 хувь болгох шаардлага байгаа. Тэгэхээр дэлхийн худалдааны байгууллагаас энэ асуудал дээр ямар нэг дарамт, шахалт ирдэг үү.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Дэлхийн худалдааны байгууллагаас дарамт шахалт ирдэг. Тэр нь хамгаалалт болж чадахгүй байгаа юм. Хоёр хөрш маш өндөр татвартай байдаг. Хоёр хөршийн хувьд манайхтай заргалдаад байх явдал байхгүй гэж үзэж байгаа. Дэлхийн худалдааны гишүүн орнууд аливаа татвар дээр ойролцоо байх ёстой зарчим баримталдаг. Тиймээс хөндлөнгөөс нөлөөлөх шалтгаан байхгүй гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Монгол хүн монгол ногоо, мах, хүнсээ идэх боломж үүсч байна. Сүүлийн үед малын мах сэтгэл түгшээж байна. Монгол хүн тарьсан гэхээс илүү эрүүл хүнс гэдгийг нь тодотгох ёстой. Тогтоолын төсөлд ногоочдоо дэмжих, хадгалалт, хамгаалалт, үнэ дээр нь анхаарах шаардлагатай. Эдийн засгийн тооцоотой, гарах үр дүн тодорхой байхаар байна. Ер нь бидэнд маш олон цаас үйлдвэрлэсэн. Хэрэгжилт дээр нь анхаарч, ажил хэрэг болгоорой.

УИХ-ын гишүүн С.Жавхлан:

-Монгол Улс 160 мянган тонн төмс авлаа гэж байна. Бүгд л Жаргалантын төмс болчихдог. Энэ 160 мянган төмсний 10 хувь л жаргалантынх болдог. Тэгэхээр ногооны гарал үүсэл, ямар хүн тарьж байна вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Улаанбаатарын ихэнх ногоо хөрсөнд ургуулахгүй байна. Хотын эргэн тойронд хаанахын ямар хүмүүс ногоо ургуулж байна вэ гэдэг дээр хатуу хяналт тавих хэрэгтэй. Мөн урд хөршийн хадгалалтын бодисыг хянах хэрэгтэй. Муутгахгүй байхын тулд бодис хэрэглэж байгааг анхаарах хэрэгтэй. Ногоочдын ногоог ченжүүдээр дамжуулахгүйгээр шууд гар дээрээс авах чиглэлээр арга хэмжээ авах хэрэгтэй.

Гишүүд асуулт, тодруулга авсны дараа санал хураалт явуулж, гишүүдийн олонх нь тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 

Мөн “Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. 

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

10 : 35
2020-4-16

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдөр /2020.04.16/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

1.Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
2.“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Х.Болорчулуун нарын 21 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
3.“Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
4.Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
5.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 13 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
6.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
7.“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
8.“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
9.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж