Коронавирусийн халдвараар өнөөдрийн байдлаар /2020.04.16/ дэлхийн 210 орны 2,082,372 хүн өвчилж, 134,560 хүн нас барж, 510,046 хүн эдгэрчээ. Дэлхий даяар нэг өдөрт 83’830 шинэ тохиолдол илэрч, 7,898 хүн нас барсан байна. Үүнээс АНУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 30,206 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 644,089-д хүрсэн бол нас баралт 2,482-өөр нэмэгдэж 28,529 болжээ.
Байдал ийм байгаа ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад вирусийн халдвар оргил үеэ өнгөрөөсөн хэмээгээд, энэ сардаа багтаж зарим муж улсуудын хөл хориог цуцална хэмээн мэдэгдэв.
Франц улсад нэг өдрийн дотор 1,438 хүн нас барсан нь тус улсын хувьд хамгийн олон хүн нас барсан өдөр боллоо. Харин Герман улсад халдварын шинэ тохиолдол харьцангуй тогтворжиж байгаа ба тус улс хөл хорионы дэглэмээ сулруулахаар ярилцаж байна. Ирэх сарын 3-наас иргэд амны хаалт зүүж нийтийн тээвэр, дэлгүүрээр үйлжлүүлж болох ба сургуулиудыг тавдугаар сарын 4-нд нээхээр төлөвлөж байна. Харин ресторан, кафе, баар, кинотеатр гэх мэт үзвэр, үйлчилгээний газруудаас гадна шашны байгууллагуудыг наймдугаар сарын 31 хүртэл нээхгүй хэвээр байхаар болжээ.
Германд одоогийн байдлаар халдвар авсан хүний тоо 2,543-аар нэмэгдэж, 134,753 болоод байгаа бол нас барагсдын тоо 24 цагийн хугацаанд 309-өөр нэмэгдэж 3,804 болоод байна. Мөн Австрали, Итали, Испани, Дани улсууд хорио цээрийн дэглэмээ бага багаар сулруулж эхэлжээ.