НЭМЭЛТ: 15:50 ЦАГ
ТҮҮНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ЭНЭ САРЫН 23-НД ТОВЛОГДЛОО
М.Энхсайхан урьдчилсан хэлэлцүүлгийн дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнөөдөр урьдчилсан хэлэлцүүлэг болж, прокуророос бүрдүүлсэн материал шүүхэд авч хэлэлцэхэд бүрэн бүтэн байгаа эсэхийг хэлэлцлээ. Шүүх хурал энэ сарын 23-нд болохоор товлогдлоо.
Миний өмгөөлөгч гомдол гаргасан. Тавантолгойн дэмжлэгтэй гээд байгаа асуудлыг мөрдөн байцаалтад буцаан тодруулах хүсэлт гаргасан. Би УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлсний төлөө яллагдагч болчихоод байна. Тухайн үед УИХ-д өргөн барьсан Ч.Сайханбилэг өргөн барьсан хуулийн төслийг хүлээж авсан М.Энхболд нараас мэдүүлэг авах хэрэгтэй. Мөн Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга н.Гансүхээс мэдүүлэг аваач гэсэн хүсэлт гаргасан.
Би ямар ч буруугүй. Нэг хэргийг хоёр талаас нь хараад байна. Нэг талаас Тавантолгойн гэрээг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан, нөгөө талаас Тавантолгойн гэрээн дээр эрх мэдлээ урвуулан ашигласан гээд яллаж байна. Юунд давуу байдал олгосон гэж үзэж байгаа юм бэ? БНХАУ-ын “Шинхуа” компаниас мөн мэдүүлэг авах санал би гаргасан. Үүний үндсэн дээр хэргийн материал бүтэн болно. Зөвхөн нэг талыг барьсан ажиллагаа явагдаж байна. Би Ч.Сайханбилэг, Х.Баттулга, н.Гансүх гэсэн хүмүүсээс бас тодруулга ав гэсэн санал гаргасан" гэв.
М.ЭНХСАЙХАНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЛЭВ
НЭМЭЛТ: 15:25 ЦАГ
Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 15:00 цагт эхэлж, хаалттай горимоор үргэлжилж байна. Хэвлэлийнхэнд шүүх хурлын зөвхөн эхлэл хэсгийн дүрс бичлэгийг хийх зөвшөөрөл олгосон юм.
М.ЭНХСАЙХАНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТЭЙ
Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан М.Энхсайханд яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Өнөөдөр 15:00 цагт түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал болж, шүүх хуралдааны товыг тогтох юм.
М.Энхсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн нэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн нэг, хоёр дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Тодруулбал, түүнийг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулахыг завдсан гэж буруутгаж буй юм.
Хэргийн талаар эргэн сануулахад, М.Энхсайханыг Швед Улсад суух Элчин сайдаар томилогдон ажиллах үед нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын саналын дагуу эгүүлэн татсан. Энэ тухай Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Г.Тэгжаргал “Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан сонгууль болон түүний дараагаар улс төржсөн мэдэгдэл гаргасан нь эгүүлэн татах үндэслэл болсон” хэмээн тайлбарласан билээ.
Дээрх зүйл ангиар 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял оноодог байна. Үүнээс гадна УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтээр М.Энхсайханыг Тавантолгойн төсөлтэй холбогдуулан шүүж байгаа нь түүний нэр бүхий тодотголтой гэрээ нь "Эрдэнэс Тавантолгой" компанид 2558 175.510 ширхэг хувьцаа эзэмшиж буй иргэд болон 8497671 ширхэг хувьцаа эзэмшиж буй 553 аж ахуйн нэгжийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдний ашиг сонирхолд, эрх ашгийг хангасан арга хэмжээ аваагүй байна гэж үзжээ.
Мөн 2010 онд Засгийн газраас зарласан Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах уралдаант шалгаруулалтыг жагсаалтад үлдсэн зургаан компанийн дунд явуулах байтал уг шалгаруулалтад оролцоогүй "Энержи ресурс корпораци"-ийн охин компани болох "Энержи Ресурс" компанийг шалгаруулсныг шалгалт хийсэн ажлын хэсгийнхэн тогтоосон гэх мэдээллийг эх сурвалж өгч буй юм.
Б.ЖАРГАЛ