Бодлогын хүүг бууруулах нь бодит эдийн засагт нөлөөлөх үү?

Хуучирсан мэдээ: 2020.04.16-нд нийтлэгдсэн

Бодлогын хүүг бууруулах нь бодит эдийн засагт нөлөөлөх үү?

Бодлогын хүүг бууруулах нь бодит эдийн засагт нөлөөлөх үү?

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус хурлаар бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 9 хувьд хүргэсэн. Төв банкны энэхүү шийдвэр бодит эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар сонирхлоо. Арилжааны банкуудын хувьд энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхээс татгалзсан юм. Бид Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, эдийн засагч Б.Лхагважав нарын байр суурийг хүргэж байна.


Б.ЛХАГВАСҮРЭН: ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХЖИЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР БОДЛОГЫН ХҮҮГ БУУРУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАСАН

-Бодлогын хүүний өөрчлөлт инфляци болон гадаад валютын ханшид дарамт болох уу?

“Ковид-19” вирусийн тархалттай холбоотойгоор тодорхой бус байдал нэмэгдэж, гадаад болон дотоод эдийн засгийн идэвхжил суларч байгаа өнөөгийн нөхцөлд Монголбанк банк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн идэвхжилийг дэмжих бүхий л боломжуудыг судалж, шаардлагатай арга хэмжээ авч байна. Энэхүү бодлогын арга хэмжээ нь банкуудын зээл гаргах боломжтой эх үүсвэрийг нэмэгдүүлж, зээлийн хүүг бууруулах, улмаар эдийн засаг дахь санхүүгийн зуучлалыг дэмжих үндсэн зорилготой. Шинэ коронавирусийн дэгдэлт үргэлжилж, эдийн засгийн гадаад, дотоод нөхцлийг богино хугацаанд өөрчилж, тодорхой бус байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн идэвхжлийг бууруулах, бизнессийн үйл ажиллагааг хумих, улмаар зээлдэгчдийн эргэн төлөлт хүндрэх зэрэг нөлөө үзүүлж байна. Иймээс вирусээс үүдэлтэй эдгээр хүндрэлийг бууруулах, цаашид эдийн засгийн идэвхжилийг дэмжихэд чиглэсэн мөнгөний болон макро зохистой бодлогын шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзан үзээд, эдийн засгийн идэвхжлийг дэмжих зорилгоор бодлогын хүүг бууруулахын зэрэгцээ хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 сар хүртэлх хугацаагаар нэг удаа сунгаж, зээлийн сарын эргэн төлөлтийн хэмжээг бууруулах бодлогын багц шийдвэр гаргасан. Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр нь инфляцийн зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг болно.


Б.ЛХАГВАЖАВ: МОНГОЛД ОДОО НИЙТИЙН САНХҮҮГИЙН НЭГДСЭН УДИРДЛАГА Л ХЭРЭГТЭЙ БАЙНА

-Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийн талаар та юу хэлэх вэ?

-Нийтийн санхүүгийн менежментийн асуудал бидний гол асуудал болоод байгаа юм. Учир нь коронавирусийн халдвар тархсанаас хойш бүх систем элдэрсэн. Тийм учраас даатгалын сангаа мөнгөжүүлэх үү, аль эсвэл банкнаас иргэд рүү мөнгө гаргах уу, эсвэл улсын төсөвт тодорхой хэмжээнд зохицуулалт хийж тэндээсээ мөнгө гаргах уу, гаднаас зээл авах уу гэсэн дөрвөн асуудал байгаа. Энэ менежментийг хийхийн тулд манай Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сараас хойш янз бүрээр оролдож байна. Банкны салбартаа зохицууулалт хийх гэж үзээд, даатгалаа нэг оролдож үзээд. Зургаан сарын нийгмийн даатгалын шимтгэл авахгүй гэж байгаа. Гэтэл энэ жилийн төсөвт суулгаснаар 2.4 их наяд төгрөгийг таван төрлийн даатгалаар олох ёстой байхгүй юу. Нийгмийн даатгалын шимтгэлийг хаслаа гэхэд доод тал нь нэг их наядаар даатгалын сан дутаж байгаа. Тэгэхээр ажилгүйдлийн даатгалын санг мөнгөжүүлэх маягаар даатгалын асуудлыг шийдэж буй юм. Нөгөө талаар Монголбанк сая бодлогын хүүгээ багасгаад, зах зээл рүү мөнгө гаргах оролдлого хийж байна. Өмнө нь ч би танайд ярилцлага өгөхдөө бодлогын хүүг шууд тав болго гэж хэлж байсан.

-Та энэ байр суурин дээрээ хэвээрээ байгаа юу. Таван хувь болгосноор эдийн засагт ямар үр дүн авчрах вэ?

-Би энэ байр суурин дээрээ хэвээрээ байгаа. Тийм тохиолдолд хадгаламжийн хүү, зээлийн хүү бүгд багасна. Хамгийн гол нь зах зээл рүүгээ гаргах юм. Одоо Монголбанкин дээр байгаа 5 их наяд бол арилжааны банкууд Төв банкны үнэт цаасыг авчихсан байгаа шүү дээ. Нарийндаа өнөөдөр 9 хувьтай буцааж өгнө гэсэн үг. Хадгаламжаас бага хүүтэй байх тохиолдолд гадагшаа мөнгө гарах юм.

-С.Хүрэлбаатар сайд улсын төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэж үзэж байгаатай та санал нийлж байна уу?

-Хүрэлбаатар сайд улсын төсвийг хөдөлгөхгүй гээд байгаа. Гэхдээ УИХ онцгой эрхээ авч байх шиг байна. Төсвийн хөрөнгө оруулалтын 3.7 их наядын ядаж нэг их наядыг нь даатгалын сангаасаа хөрөнгөжүүлээд, аль эсвэл зах зээл рүүгээ мөнгө гаргах оролдлого хийгээд байгаа юм л даа. Гэхдээ энэ хоёр сарын явцыг харахад бидэнд нийтийн санхүүгийн нэгдсэн удирдлага алга байна. Улсын төсвийг хариуцаж буй Хүрэлбаатар сайд юм уу, Монголбанк юм уу, Санхүүгийн зохицуулах хороо энэ байгууллагууд яг энэ онцгой үед Ерөнхий сайд юм уу, УИХ-ын даргын дор нэг удирдлагад орох хэрэгтэй. Одоо бол санхүүг удирдах эрхтэй байгаа юм. Тэгэхгүйгээр тал талд яз бүрийн шийдвэр гаргасан, нэг процессийн хэрэгжилт дээр нөгөөх нь болох ч юм уу, болохгүй ч юм уу тиймэрхүү байдалтай тал талд хийгээд байгаа үйл ажиллагаа нь нэгдсэн удирдлагагүй байна. Миний хэлэх санал бол ерөөсөө Ерөнхий сайд, эсвэл Их хурлын дарга удирдлагаа авах. Монголд одоо нийтийн санхүүгийн нэгдсэн удирдлага л хэрэгтэй байна. Миний түүний хэлсэн дөрвөн асуудлыг алийг нь хийх вэ, алийг нь хасах вэ, алийг нь багасгах вэ гэдгийг нэгдсэн удирдлагаар ерөнхийд нь харж, байдалд зохицуулсан нүүдэл хийх удирдлагын ажил хэрэгтэй байна. Тийм удирдлагагүй байгаа учраас та нарт ч гэсэн хэцүү байгаа. Ажилгүйдлийн даатгалд 56 тэрбум төгрөг л суутгасан. Өнөөдөр компаниудын бараг нэг сая хүн чөлөөт зах зээл дээр байгаа. Бараг 200 хүн гараад, ажилгүйдлийн даатгалаар цалингийнхаа 70 хувийг авахад л хоёр, гурван их наяд болчих байхгүй юу. Тэгэхээр энэ мэт асуудлаас сэргийлсэн, санхүүгийн балансыг хэт савлуулахгүй, ерөнхийд нь удирдаж гаргах капитан л хэрэгтэй байна даа. Дээр үед Бямбасүрэн гуай, Жасрай гуай нар нийгэм шилжиж байх үед тэр балансыг бариулж явсан байхгүй юу.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж