Дэлхийн ухаалаг технологийн акулуудын нэг Apple компани цоо шинэ 2020 оны хоёрдугаар үеийн iPhone SE ухаалаг утсаа танилцууллаа. Энэхүү утас нь үнийн хувьд бусад Apple компанийн ухаалаг утаснуудаас хамаагүй хямд байх бөгөөд 64 GB багтаамжтай загвар нь 399$ ам.доллараар, 128 GB багтаамжтай загвар нь 449$ ам.доллараар, 256 GB багтаамжтай загвар нь 549$ ам.доллараар тус тус худалдаанд гарахаар болжээ. Мөн тус ухаалаг утсыг дагалдан Apple Tv Plus үйлчилгээний нэг жилийн эрх үнэгүй дагалдах аж.
Ерөнхий хэлбэр нь iPhone 8 загвартай адил, 4.7 инч дэлгэцтэй, нүүрэн хэсэгтээ хуучны сонгодог товчтой, хурууны хээ мэдрэх технологитой байх ажээ. Өнгөний хувьд хар, цагаан, улаан гэсэн гурван сонголттой. Доторх үзүүлэлтийн хувьд iPhone 11 болон iPhone 11 Pro ухаалаг утаснуудад ашигладаг A13 Bionic процессортой, ар талдаа 12 мегапикселийн урд талдаа 7 мегапикселийн тус тус камертай, 4K бичлэг хийх чадалтай, батерей нь iPhone 8 загвараас илүү удаан цэнэгээ барих давуу талтай аж.
Нэгдүгээр үеийн iPhone SE утас нь iPhone 5 загвартай адил хэлбэртэй боловч хүчин чадлын хувьд iPhone 6 болон iPhone 6 Plus загваруудтай ижил байсан юм. Гэвч энэхүү загвар нь 2018 оноос хойш дахин худалдаанд гараагүй.
Энэ дөрөвдүгээр сарын 17-ны Баасан гаригаас эхлэн 2020 оны хоёрдугаар үеийн iPhone SE ухаалаг утасны урьдчилан захиалга явагдах ба дөрөвдүгээр сарын 24-нөөс хэрэглэгчдийн гарт хүрч эхэлнэ. Хэрвээ та боломжийн үнэтэй, үзүүлэлтийн хувьд iPhone 11 болон iPhone 11 Pro загваруудтай ижил, хэлбэрийн хувьд iPhone 8 загвартай төстэй ухаалаг утас хайж байгаа бол энэ таны сонголт. Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу.
Холбоотой мэдээ