Олимпийн найдвар: 11 настай Скай Браун | News.MN

Олимпийн найдвар: 11 настай Скай Браун

Олимпийн найдвар: 11 настай Скай Браун

Олимпийн найдвар: 11 настай Скай Браун

“Generation Z” дэлхийн бүхий л салбарт цахиур хагалаад эхэлжээ. Тэдний нэг бол спортын салбарт тэсрэлт хийж буй, өдгөө 11 настай, Их Британийн олимпийн найдвар, скейтбордын тамирчин Скай Браун. Түүнийг хүмүүс шинэ коронавирусийн улмаас нэг жилээр хойшлогдсон 2021 оны Токио-2020 олимпийн наадмаас алтан медаль хүртэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Дөнгөж 10 насандаа олимпийн эрх авч Их Британийн түүхэнд хамгийн залуудаа олимпийн эрх авсан түүнийг Япон улс өөрсдийн далбаан дор элсүүлэх гэсэн ч амжилт олоогүй. Япон улсын тэшүүртэй спортын холбооны скейтбордын хорооны ерөнхийлөгч Такэхиса Мияазава “Бид Скай Брауныг Япон улсын төлөө гулгаасай гэж хүссэн юм. Гэхдээ энэ бол түүний сонголт, түүнд сайн сайхан бүхнийг хүсье” хэмээн хэлж байжээ. Охины ээж Миэко япон бөгөөд охиноо Мияазаки хотод төрүүлсэн аж. Гэвч охин аавынхаа иргэншлийг сонгон Британи хүн болжээ. Энэ тухай түүний ээж хоёр “Бид Их Британийг сонгосон. Учир нь бид тэднээс ямар ч дарамт шахалт мэдрээгүй. Их Британийн талаас ч биднээс аль талыг нь сонгох вэ гэж асуугаагүй. Тэдний зүгээс Скай Брауныг жоохон л сэтгэл дундуур санагдвал шигшээ багаас гарч болно гэж тодорхой ойлгуулсан. Энэ л бидний охиныхоо төлөө сонсохыг хүсч байсан зүйл. Охин маань ч Их Британи руу аялах дуртай, ялангуяа хоолонд нь дуртай” хэмээн хэлжээ.

Скейтборд нь Токио-2020 зуны XXXII олимпийн наадмаас эхлэн олимпийн төрөлд албан ёсоор нэмэгдэж байгаа "урбан" спорт юм.

Токио-2020 олимпийн скейтбордын төрлийн эрх олгох тэмцээн ирэх тавдугаар сард байсан ч цуцлагдсан. Гэвч Скай Браун 2019 онд Бразил улсын Сан-Пауло хотод зохион байгуулагдсан скейтбордын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, X Games дээр 540 градус эргэсэн анхны эмэгтэй тамирчин болж, тус наадамд шагналт тавдугаар байр эзлэн, өдгөө дэлхийн чансаанд гуравт бичигдэж байгаа учир албан ёсоор шууд эрхээ авсан аж. “Би скейтбордыг олимпийн нэг хэсэг болсон мэдээг сонсоод их баярласан. Дуртай спортоороо олимпийн наадамд оролцоно гэхээс би бүр догдолж байна. Мэдээж энэ нь скейтбордын спортыг хөгжихөд том түлхэц болно. Сая сая хүн энэхүү спортыг үзэж, ‘би ч гэсэн үүнийг хийж чадна’ гэсэн бодлыг төрүүлмээр байна” хэмээн итгэл дүүрэн хариулжээ.

Түүний ээж, аав хоёулаа скейтбордчин учир түүнд энэхүү спортод дурлах нь цаг хугацааны асуудал байжээ. Анх дөрвөн настайгаасаа эхлэн цэцэрлэгийнхээ урд байрлах скейт парк дээр Youtube-ээс үзсэн бичлэгүүдээ туршиж, давтаж эхэлсэн тэрбээр найман настай байхдаа мэргэжлийн тэмцээнүүдэд оролцоод эхэлсэн аж. Скай Браун “Би алхаж сурмагцаа скейтборд дээр гарсан. Магадгүй гурав, дөрвөн настай л байсан байх. Гэхдээ нэг ой ч хүрээгүй байхдаа би скейтбордоор тоглодог байсан гэсэн. Энэ үргэлж миний дуртай тоглоом байх болно. Би үргэлж үүгээр тоглохыг хүснэ. Анхандаа скейтборд дээрээ зогсож ч чадалгүй байнга л унадаг байсан шүү. Одоо бол скейтбордын тавцан миний хайртай газар. Тавцан дээрээ л байхад бүхнийг хийхийг хүсдэг” гэжээ.

Ирэх долдугаар сарын 12-нд 12 нас хүрэх тэрбээр эмэгтэйчүүдийг эрчүүдийн адил бүхнийг хийж чадна гэж боддог аж. “Надад өндөрт харайж, эргэлт хийх болон скейтбордоо эргүүлэх нь таалагддаг. Би хөвгүүдийн хийж буй хөдөлгөөнүүдийг хийхийг хүсдэг. Учир нь хөвгүүд охидыг тэдний хийдэг зүйлсийг хийж чаддаггүй гэж боддог. Тиймээс л би хөвгүүдтэй адил өндөрт үсэрч, охид бид ч гэсэн үүнийг хийж чадна гэсэн итгэлийг өгөхийг хүсдэг. Олимпийн наадамд амжилттай оролцож, дэлхийн эмэгтэйчүүдэд юу ч боломжтой болохыг харуулахыг хүсч байна” хэмээжээ.

Скай Брауны алсын мөрөөдөл бол скейтборд болон сөрфингийн төрлөөр олимпийн наадамд оролцох гэнэ. Багаасаа АНУ-д амьдарч, Номхон далайн эрэг дээр тоглож өссөн түүнд скейтбордоор гулгахаас гадна далайн давалгаан дээр гулгах авьяас бий. Өглөө болгон найман цагт босч, Номхон далайн тогтуун давалгаан дээр сөрфингөөр гулгахыг хүсдэг ч орой болгон дуртай Фрозен хүүхэлдэйн киногоо үзээд цагтаа босч чаддаггүй хэмээн түүний ээж Миэко ярьжээ.

Скай Браун скейтборд болон сөрфингийн талаар “Би хоёуланд нь дуртай. Эдгээр спортууд үнэхээр төстэй. Гэвч энэ хоёр яг л рамен болон зайрмаг идэхтэй адил зүйл. Хэрвээ чи хэт их рамен идвэл, дараа нь зайрмаг идэхийг хүснэ. Би сөрфингөөр гулгахдаа сайн байсан шүү. Хэрэв би сөрфингөөр гулгаагүй бол нэг л скейтбордоор гулгаж байна, эсвэл сургууль дээрээ байж байна. Харин скейтбордоор гулгаж эхлээд тэмцээн уралдаанд оролцох тусам улам сайжирч байгаагаа мэдэрсэн. Ийм л учраас скейтбордоор илүү их хичээллэж байгаа байх” хэмээн инээмсэглэн өгүүлжээ.

Энтертайнмент, реклам зар сурталчилгааны өлгийн болсон Америкт амьдардаг Скай Браун аль хэдийнэ олны анхаарлын төвд орсон гэдгийг түүний инстаграмын 481 мянган хүн дагадаг хуудаснаас мөн спорт хувцас хэрэглэлийн дэлхийн томоохон бренд болсон Nike компанитай үзэглэсэн гэрээнээс харж болно. Мөн тэрбээр 2018 онд Америкийн телевизийн "Ододтой бүжиглэ" шоуны хүүхдийн тусгай улиралд урилгаар оролцон, дажгүй бүжиглэдэг гэдгээ харуулж тус шоуны ялагчаар тодорч байсан юм.

Скай Браун Nike компанийн ивээн тэтгэсэн хамгийн залуу тамирчин.

Гэвч тэрбээр Токио-2020 олимпийн наадамд оролцох хамгийн залуу тамирчин биш. Түүний өмнө 2009 онд төрсөн өдгөө 11 настай Сирийн ширээний теннисний тамирчин Хенд Заза бичигдэж байгаа. Харин олимпийн наадмын бүх цаг үеийн түүхэнд хамгийн залуудаа медаль авсан тамирчин бол Грек улсын гимнастикчин Димитриос Лоудрас 1896 онд 10 насандаа хүрэл медалийн эзэн болж байжээ. Түүнээс хойш Пёнчаны өвлийн олимпийн наадамд АНУ-ын снөүбоардын тамирчин Клое Ким 17 насандаа хос алтан медаль хүртсэн бол 2012 оны Лондонгийн зуны олимпий наадамд АНУ-ын усан сэлэлтийн тамирчин Кети Ледеки 15 насандаа алтан медаль хүртэж байжээ.

Ямартай ч өдгөө 11 настай Скай Браун гэх энэ охин 2021 онд зохион байгуулагдах Токио-2020 олимпийн наадамд тэсрэлт хийх нь гарцаагүй ээ. Өдрөөс өдөрт улам сайжирч буй Скай охин олимпийн наадамд анх удаа орж буй скейтбордын төрлийн анхны аварга болж түүхэнд нэрээ бичнэ гэдэгт итгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-16 122.201.21.95

Монгол биш юм уу, ийм юмаар тэгээд юугаа хийнээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж