Сонгууль 2020: Хэнтийд хүч тэнцвэргүй тулаан болно

Хуучирсан мэдээ: 2020.04.16-нд нийтлэгдсэн

Сонгууль 2020: Хэнтийд хүч тэнцвэргүй тулаан болно

Сонгууль 2020: Хэнтийд хүч тэнцвэргүй тулаан болно

“NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийг онцолж байна.


Эзэн Чингисийн өлгий нутаг Хэнтий аймгийн хувьд өнгөрсөн долоон удаагийн сонгуульд АН-д ч, МАН-д ч итгэл үзүүлж байсан түүхтэй. Гэхдээ сүүлийн хэдэн сонгуульд МАН-д илүү итгэл үзүүлж байсан гэхэд буруудахгүй болов уу. Хамгийн сүүлд сонгосон хамгийн залуу гишүүн нь хүчингийн хэрэгт холбогдож, өөрийн хүсэлтээр гишүүнээсээ чөлөөлөгдөж, 42-р тойргийн сонгогчид төлөөлөлгүй явсаар 2020 оны сонгуультай золгож байна. Тус аймагт хэд хэдэн удаа нөхөн сонгууль зарласан ч эрх баригчдын хүсэлтээр хойшилсон учраас ийн төлөөлөлгүй байсан юм. Эрх баригчдын хувьд энэ удаад Хэнтий аймагт их ач холбогдол өгч байгаа. Учир нь намын дарга У.Хүрэлсүх нь Хэнтий аймагт нэр дэвших учраас намаараа анхаарал хандуулж байгаа гэхэд хилсдэхгүй. Ямар сайндаа л 2020 оны төсөв батлах үеэр Хэнтий аймагт хамгийн их хөрөнгө оруулалт татсан хэмээн шүүмжлүүлж байв. Ерөнхий сайд нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргатайгаа Хэнтийг зорих учраас яах аргагүй хөрөнгө оруулалтаараа тэргүүлэх нь ойлгомжтой асуудал. Хэнтийд хамгийн их төсөв тавьсан асуудалдаа Чингисийн өлгий нутаг, аялал жуулчлалын бүс болгоно хэмээн тайлбар өгч байв. Хэнтийчүүд энэ удаагийн сонгуульд цэнхэртэх үү, улаарах уу.

МАН-ЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХ Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Б.БАТ-ЭРДЭНЭ НАРТАЙГАА ӨРСӨЛДӨНӨ

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ удаагийн сонгуулиар Хэнтий аймгийг зорихоор зэхэж байгаа. Түүний хувьд сүүлийн гурван жилийн хугацаанд намтайгаа “дайтаж”, намдаа их цэвэрлэгээ хийснээр өөрөө эрх мэдлийг гартаа аваад байгаа. Түүнтэй хамт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтийг зорино. ЗГХЭГ буюу Ерөнхий сайдын гал тогоог хоёр жилийн хугацаанд барьж буй түүний хувьд хэнтийчүүдийн танихгүй хүн биш. Тэдэнтэй хамт тус аймгаас хамгийн олон удаа сонгогдсон аварга Б.Бат-Эрдэнэ ч мөн өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байгаа. Мэдээж намын дарга, ЗГХЭГ-ын даргатайгаа яваа хойно Б.Бат-Эрдэнэ аварга энэ удаад ч гарах магадлал тун өндөр. Намын нэрээр бус засгийн нэрээр хийсэн ажил, хийх ажил нь тодорхой учраас тэд энэ удаад багаараа ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа сурагтай. Түүнээс гадна аймгийн Засаг дарга Н.Ганбямба ч мөн нэр дэвших сонирхол өндөр байгаа. 42-р тойргийн сонгуульд МАН-аас хамгийн их найдлага тавьж байсан хүн нь Н.Ганбямба. Гэхдээ тэрбээр тухайн үед нөхөн сонгуульд оролцохгүй, хоёрын хооронд нэг жил хэмээн “голж” байсан гэдэг. Тиймээс түүнд нэг жил бус дөрвөн жил суух амбиц байгаа нь ойлгомжтой.

Гэхдээ МАН-ынхан багаараа очихдоо нүүр бардам очиж чадахгүй нэг асуудал нь Д.Гантулга. УИХ-д хамгийн залуугаараа сонгогдсон Д.Гантулгын хувьд Хэнтий аймгийн 42-р тойргоос нэр дэвшиж байхад намынх нь бүх л томчууд очиж магтаж, өргөж байлаа. Гэвч тэр намынхаа томчуудын, Хэнтий аймгийн 42-р тойргийн иргэдийн итгэлийг дааж чадаагүй. Парламентын түүхэнд байгаагүй хүчингийн хэрэгт холбогдоод өнөөдөр шоронд сууж байгаа. Мэдээж шүүхээс хорих ял онооно гэдэг ямар нэг байдлаар буруутай гэсэн үг. Намынхаа томчуудын хүслээр гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөс хойш нөхөн сонгууль зохион байгуулах байсан ч хоёр ч удаа хойшилсон нь эрх баригчдын “хүсэл” гэдэг. Тэд ийн нэгийгээ шоронд оруулчихсан, нөхөн сонгууль хийж чадаагүйгээ 2020 оны сонгуулиар юу гэж тайлбарлахаас хэнтийчүүд сонголтоо хийх болов уу.

АРДЧИЛСАН НАМ ХУУЧЧУУЛАА СОЙНО

Ардчилсан намаас Хэнтийг зорих нэр дэвшигчид одоогоор тодорхой болоогүй ч УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Ерөнхий сайдын зөвлөх асан М.Хүдэрбаатар, аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар нар бэлтгэлээ базааж байгаа. М.Хүдэрбаатар, Ж.Оюунбаатар нарын гишүүн болох сонирхол өндөртэй хүмүүс. Тиймээс ч нөхөн сонгуулийн үеэр ч тэдний нэр яригдаж байсан. Аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарын хувьд АН эрх барьж байх хугацаанд аймгаа удирдаж байсан ч 2016 оны сонгуульд өвдөг шороодсон. Харин УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын хувьд энэ удаагийн сонгуульд өрсөлдөх болов уу гэсэн таамагтай байсан ч Улсын ерөнхий прокурорын газраас түүний хэргийг сэргээн шалгаж байгаа гэж мэдэгдсэн. Тиймээс хуулийн байгууллага ямар нүүдэл хийхээс нэр дэвших эсэх нь тодорхой болох юм. Ардчилсан намын дотоод шийдвэрээс Хэнтийд хэн өрсөлдөж, эрх баригч намын удирдлагуудтай “үзэлцэх” гэдэг эцэслэгдэх юм.

ХЭНТИЙ АЙМГААС УИХ-Д СОНГОГДОЖ БАЙСАН ГИШҮҮД:

  • 1992 он: МАХН-ын гишүүн Д.Бямбасүрэн, Н.Ганбямба,  Д.Ганболд
  • 1996 он: Ардчилсан холбоо эвсэл Н.Түвшинтөгс, О.Энхтуяа, Д.Ганболд
  • 2000 он: МАХН-ын гишүүн Д.Арвин, Н.Ганбямба, У.Хүрэлсүх
  • 2004 он: МАХН-ын гишүүн У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин
  • 2008 он: МАХН-ын гишүүн Н.Ганбямба, Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин
  • 2012 он: МАН-ын Б.Бат-Эрдэнэ, АН-ын гишүүн Б.Гарамгайбаатар,
  • 2016 он: МАН-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга
  • 2020 он:

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж