-Яагаад өөр газар очилгүй Монголд ирье гэж бодсон бэ?
-Би Хятадад ажиллаж байсан. Тэнд байхдаа монгол залуучуудтай танилцсан. Тэд надад Монголын соёлын тухай ярьсан юм. Би таван настайдаа морь унаж сурсан. Тийм болохоор би моринд их дуртай. Харин Монголын соёл морьтой их холбоотой. Би Монголд морь унах гэж, сайхан байгаль харах гэж бас соёлынх нь талаар мэдэх гэж ирсэн. Гэхдээ түүнээс илүүтэйгээр хүмүүсийнх нь тухай мэдэх гэж хүсэж ирсэн. Би өөр газар нутгийн хүмүүс, соёлын тухай мэдэх дуртай.
-Монголд ирэхээсээ өмнө Монголын талаар ямар бодолтой, төсөөлөлтэй байсан бэ?
-Надад ямар ч бодол байгаагүй. Би анх удаагаа л Монголд ирж байгаа. Миний нэг найз бүсгүй маань энд, Монголд байсан. Тэр энд зургаан сар ажилласан. Тэгээд тэр намайг урьсан юм. Би энд юу ч гэсэн найзтайгаа уулзана гэж бодож ирсэн. Өөр нэг их бодож, хүсэж хүлээж байсан зүйл байгаагүй. Би Монголын талаар ном уншаагүй, тийм болохоор сайхан байгальтай, морь унадаг гэдгээс өөр төсөөлөлгүй байсан. Улаанбаатар их жижигхэн хот гэж надад санагдаж байгаа. Хотыг хэдхэн өдөрт тойроод дуусчихаар, маш жижигхэн юм.
-Монголд ирээд морь унасан уу?
-Морь унасан. Би англиар сайн ярьдаг Монгол залуутай танилцаж найзууд болсон. Тэр намайг хөдөө аавынхаа байдаг газар дагуулж аваачсан. Би тэнд дөрөв хоног байж, гэрт хоносон. Бас хонины мах идсэн. Монголын хөдөө орон нутгийн хүмүүс яаж амьдардаг вэ тэр амьдралыг үзсэн. Би ер нь бусад гадаад хүмүүстэй хамт, жуулчны баазад байх дургүй. Орон нутгийн хүмүүстэй хамт байж, нутгийн хүмүүс яаж амьдардаг, тэд юу хийдэг, юу боддог зэргийг мэдэхийг хүсдэг. Хүмүүс надад найз нөхөр шиг хандаасай, жуулчин шиг битгий хандаасай гэж би боддог.
-Монголын цаг уурын талаар ямар бодолтой байна?
-Монголын цаг уур их хувьсамтгай юм. Өчигдөр их халуун байсан бол өнөөдөр хүйтэн ч юм уу. Би хөдөө явахдаа гадаа унтахад их хүйтэн байсан, харин өглөө нар мандсаны дараа найман цаг гэхэд л их халуун болж эхэлсэн. Цаг агаар маш хувьсамтгай болохоор юу өмсөхөө ч бараг сайн мэдэхгүй байсан. Ер нь өдөр нь их халуун, орой нь сэрүүн, салхитай бололтой.
-Хоолны талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Хоолны хувьд надад асуудалтай санагдсан шүү. Монгол хүмүүс маш их мах иддэг юм байна. Монголд ирэхээсээ өмнө би Хятадад нэг жил амьдарсан. Хятадууд нэг их мах иддэггүй, тэгээд ч тэр үү би мах багатай хоол идээд дасчихсан байсан. Харин энд ирээд хоолонд нь дасах надад хүнд байсан. Өдөр бүр өдөр, оройн хоолонд хонины махтай хоол идэхэд амаргүй. Монголд байхад миний гэдэс өвдсөн.
-Монголд байхдаа Монголын залуучуудтай танилцсан, харсан байх гэж бодож байна, Франц залуучуудтай харьцуулбал ямар ялгаа байна, юу бодогдсон бэ?
-Монголын залуучууд их чөлөөтэй, харилцахад амар санагдсан. Парис хотын залуучууд их бие даасан индивидуаль, зөвхөн өөрийгөө бодсон шинжтэй. Тэд бараг өөр хүмүүстэй харьцдаггүй, өглөө босоод л ажилдаа явдаг, ажлынхаа дараа гэртээ ирдэг, танихгүй хүмүүстэй ярилцдаггүй. Монголд ирэхдээ би гадаадын хүмүүстэй биш харин монголын залуу хүмүүстэй танилцах бодолтой байсан. Монголчууд их найрсаг, нөхөрсөг санагдсан.
-Наадам үзсэн гэсэн. Монгол наадам таалагдсан уу?
-Би гол нь наадам тааруулж Монголд очсон юм. Энэ бол дэлхий дахинд алдартай фестиваль. Би наадмыг зүгээр стадионд суугаад хөндлөнгөөс харах биш, дунд нь орж, хүмүүстэй хамт үйл явдал дунд нь орж үзэхийг маш их хүссэн. Наадмын өмнө нэг монгол найз маань намайг Монголын Олимпийн хорооны зарим хүмүүстэй танилцуулж, морины уралдаанд оролцох боломж олгосон. 12 хүн уралдсанаас би долоодугаар байранд орсон. Тал газар 15 км уралдсан. Би түрүүлээгүй, гэхдээ түрүүлэх нь чухал байгаагүй. Энэ бол үнэхээр гайхалтай дурсамж байсан. Уралдаанд оролцсон хүмүүс дунд би ганцаараа гадаад хүн байсан.
-Таван настайдаа морь унаж сурсан гэсэн чинь сонирхол татаж байна. Хаана яаж морь унаж сурсан бэ?
-Тийм ээ. Би Францад морь унаж сурсан. Европт морь унах гэдэг монголд морь унахаас огт өөр байдаг. Тоног төхөөрөмж, хэрэгслүүд нь өөр, морины зан нь өөр. Газар нь өөр. Францад бид байшин дотор морь унадаг. Харин Монголд цэвэр агаарт, цэлмэг тэнгэрийн доор, тал газарт морь унаж байгаагаараа өөр байсан. Тийм учраас би Монголд морь унахдаа эхлээд монгол морины занг таньж, түүнд дасахыг хичээсэн. Учир нь монгол морь европ мориноос ялгаатай, арай өөрөөр унах хэрэгтэй байсан юм.
-Чи Парис хотод морь унаж сурсан уу?
-Тийм.
-Төлбөр төлөх хэрэгтэй байсан уу?
-Тийм ээ. Парис хот зардал ихтэй. Намайг таван настай байхаас эцэг эх маань төлбөрийг нь төлдөг байсан. Харин дараа нь их сургуулиа төгсөж, ажил дээр гарсны дараа одоо чи өөрөө төлөх хэрэгтэй гэж аав ээж маань хэлсэн. Түүнээс хойш, төлбөр нь өндөр байсан болохоор би төлж явж чадаагүй байгаа.
Ямар төлбөртэй байдаг вэ? Төлбөрөө сараар хийдэг үү, яаж төлдөг вэ?
Төлбөрөө жилээр хийж байсан. Жилийн төлбөр нь гурван мянган евро (таван сая хоёр зуун мянган төгрөг) орчим байдаг.
-Энэ төлбөрөөр ямар хугацаанд, яаж морь унадаг вэ?
-Долоо хоногт нэг удаа, ганцхан цаг морь унадаг. Хэрвээ тусгай хөтөлбөрөөр хоёр цаг морь унах бол 50 евро төлдөг. Харин Монголд зүгээр морь унаад зогсохгүй бүр морь худалдаж авч болно. Хаанаас ч тэр. Санаанд багтамгүй, гайхалтай. Францад морь худалдаж авна гэдэг бол маш хэцүү. Тийм болохоор ганц хоёр цагаар л төлбөр төлж морь унадаг. Францад морь унах боломж байдаг ч Монголд агаарт, сайхан байгальд морь унах боломжтой нь ер бусын санагдаж байгаа. Монгол бол моринд дуртай хүний хувьд диваажин.
-Францад залуучууд хэр их морь унадаг вэ?
-Сонирхолтой нь Францад ихэвчлэн охид, эмэгтэйчүүд морь унадаг. Маш олон охидууд Францад морь унаж байхад тэрэн дотор ганц хоёрхон л эрэгтэй хүүхэд, залуус байдаг. Түүнээс олон байдаггүй. Харин танйа оронд эсрэгээрээ байдаг шиг санагдсан. Миний оролцсон морины уралдаанд гэхэд л ганц эмэгтэй нь би байсан. Монголд эрчүүд нь илүү морь унадаг юм болов уу гэсэн сэтгэгдэл надад төрсөн. Монголд байхдаа би морь унаж чаддаггүй бүсгүйтэй таарсан. Би түүнд “Чи Монголд амьдардаг Монгол хүн байж морь унаж чаддаггүй юм уу?” гэж хэлж байсан. Би их гайхсан л даа. Би Монголыг морины орон учраас бүх хүн нь морь унадаг, унаж чаддаг байх гэж бодож байсан юм. Нэмж хэлэхэд Францад морь унах нь баян хүмүүсийн спорт гэж тооцогддог. Учир нь төлбөр зардал маш өндөр байдаг.
-Монголд ирэх визээ Парисаас авсан уу, авахад ямар нэг хүндрэл учирсан уу?
Тийм ч их хэцүү байгаагүй. Нэг сарын хугацаатай жуулчны виз авахад амархан байсан. Бас гурван сарын виз авч болох юм байна лээ. Гэхдээ ямар нэг Монгол байгууллага, компани, гестхаусын (нэг өрөөнд олуулаа байрладаг, жуулчдад зориулсан буудал) урилга байх хэрэгтэй гэж шаарддаг. Түүнчлэн Монголд ирснийхээ дараа хүсвэл нэг сарын хугацаагаар сунгаж болдог юм байна.
-Виз авахад мөнгө төлсөн үү, хэдийг төлсөн бэ?
-60 евро төлсөн.
-Ямар үнэртэй ус түрхдэг вэ?
-Францын үнэртэй ус. “Jean-Paul Gaultier” гэдэг фирмийн ус түрхдэг.
-Хайр дурлал, гэрлэлтийн талаар Францын залуус ямар бодолтой байдаг вэ?
-Ах маань 27 настай, тэрний найз бүсгүй 32 настай. Тэд хамтдаа 2-3 жил болж байгаа ч гэрлэлтийн тухай нэг их ярьдаггүй. Хүмүүс хамтдаа аз жаргалтай байх нь чухал гэж боддог. Гэрлэж нэг цаас авах нь нэг их чухал биш. Хамтдаа нэлээд хэдэн жил болсны дараа гэрлэх тухай ярьдаг. Биднээс өмнөх үед тухайлбал аав ээжийг залуу байхад гэрлэлт чухал байсан байж магадгүй. Харин бидний үеийнхний хувьд гол нь бид өөрсдөө аз жаргалтай байгаа эсэх нь чухал шалгуур байдаг. Христчин хүмүүсийн хувьд гэрлэлт гэдэг нь шашинтай холбоотой зүйл байсан. Харин өнөөдөр залуу хүмүүсийн хувьд энэ бол тийм ч их шашинлаг зүйл биш болсон.
Өөр орнуудад өөр байдаг бололтой. Жишээ нь Хятадад гэрлэлт бол бараг нийгмийн амьдралд орж эхэлж байгаагийн илрэл юм шиг байдаг. Харин бидний хувьд амьдралын эхлэл бол бидний өөрсдийн аз жаргал, түүнээс ямар нэг гэрээ байгуулж, цаас авах нь гол зүйл биш гэж боддог. Гэрлэлт бол гэрээ гэж Францад олон хүн үздэг. Намайг Хятадад байхад миний таньдаг нэг хос 2009 оны арванхоёрдугаар сард танилцаад, 2010 оны хоёрдугаар сард гэрлэж байсан бөгөөд одоо жирэмсэн, удахгүй хүүхэд төрүүлэх гэж байгаа. Миний хувийн бодлоор энэ арай л дэндүү хурдан юм шиг санагдаж байгаа.
-Чи Францад их сургуулиа төгссөнийхөө дараа Хятадад ирж ажилласан гэж ярьсан. Энэ тухайгаа сонирхуулаач?
-Миний хувьд чухал туршлага болсон. Нэг найз маань Хятадад сурч байсан. Би эхлээд зүгээр түүн дээр зочилж очсон ч Хятад улс надад маш их таалагдсан болохоор би тэнд ажил олж хийхээр шийдсэн. Би орон нутгийн хүмүүсийн талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байсан болохоор гестхауст байрлахын оронд нэг Хятад охинтой хамт байр хөлсөлж амьдарсан. Тэр англиар сайн ярьдаггүй байсан тул би өдөр тутам Хятад хэл сурахыг оролдож байсан. Тэгээд би хятадаар ярьж, хятад хүмүүсийн амьдралын талаар илүү ихийг мэдэж, хятад хоол идэж байсан. Би хятадад нэг жил болохдоо англи хэл зааж байсан. Би ахлах сургуульд 17-18 настай сурагчдад зааж байсан болохоороо хүмүүсийн талаар илүү их зүйл олж мэдсэн. Тэд надтай ярих их дуртай, харилцан ярианаас би бас тэдний тухай их зүйл мэддэг байсан.
-Одоо байгаа гестхаусынхаа талаар юу хэлэх вэ?
-Би анх Монголд ирээд байрлах зочид буудал хайж байсан. Харин найз маань зочид буудал үнэтэй, чи гестхауст буугаач гэсэн. Тэгээд нэг гестхауст байрласан. Ердийн айлууд амьдардаг байрыг өөрчилж тохижуулсан байр юм байна лээ. Өрөөндөө өөр хүмүүстэй, зөвхөн гадаад хүмүүс л байрладаг. Би ганцаараа байх дургүй болохоор өөр хүмүүстэй хамт байгаа нь надад нэг бодлын аятайхан байсан. Хэдий нутгийн хүмүүс биш ч адилхан жуулчин хүмүүс болохоор юу үзэв, ямар зүйл тохиолдов гэх мэт мэдээлэл, зөвлөгөөгөө хоорондоо солилцдог нь их аятайхан санагдсан.
– Монгол найз нөхөдтэй олон болсон биз дээ?
-Би Монголд хоёр Франц найзтайгаа очсон. Эхлээд бид хамтдаа Хөвсгөл нуур явахаар төлөвлөж байсан ч би явахаа болиод үлдсэн. Хөвсгөл нуур үзэсгэлэнтэй ч гэсэн би зүгээр нэг юм үзэхийг хүсээгүй. Монголчуудын талаар илүү ихийг мэдэж, Монгол амьдралаар амьдарч үзэхийг хүссэн. Чи миний юу гэж хэлэх гээд байгааг ойлгож байгаа биз дээ. Би тэгээд тийшээ жуулчидтай явахаа болиод, харин Монгол хүмүүстэй хамт аялж, тэдний амьдралыг сонирхож үзэхийг хичээсэн. Байгалийг зургаас хараад юм уу, ТВ-ээс харж болно. Харин амьдралыг зураг, ТВ-ээр мэдрэх боломжгүй шүү дээ. Монгол найзынхаа гэрт очиж, хоол идэж, эцэг эхтэй нь уулзсан. Надад маш сайхан санагдсан.
-Монголд Франц жуулчидтай их таарсан уу?
-Тийм ээ. Эхлээд намайг их гайхшруулсан зүйл бол Монголд гадаад хүмүүс маш их байсан. Хятад бол том улс болохоор Хятадад гадаад хүмүүс маш их байдаг. Харин Монгол бол жижиг улс болохоор ийм их гадаад хүмүүс байна гэж би бодоогүй, тийм болохоор маш их гайхсан. Гадаад хүмүүс дунд Францчууд маш их байсан. Үнэхээр гайхмаар. Яагаад Францчууд Монголд ирэх ийм их дуртай байгааг би мэдэхгүй юм. Тэдэнтэй ярилцахад тэдний ихэнх нь Монголын сайхан байгалийг үзэх гэж, бас морь унах гэж ирсэн байсан. Би ч бас адилхан. Гэхдээ би байгаль үзэхээсээ илүү морь унах сонирхолтой ирсэн. Гэхдээ бас хүмүүсийг, Монголчуудын соёл, амьдралын талаар илүү ихийг мэдэхийг хүссэн. Бас Улаанбаатар хотод “Alliance Francaise” гэдэг франц сургууль байдаг юм байна. Монгол хүмүүс Францад дуртай, Франц хэл сурах сонирхолтой байж магадгүй.
-Монголд таагүй явдал тохиолдож байсан уу. Нууц биш бол ямар явдал байсан бэ?
-Монголд зарим газар гадаад хүнээс илүү төлбөр авдаг нь сонин санагдсан. Би Монголын үндэсний түүхийн музейг нэг Монгол найзтайгаа үзсэн. Тэгэхэд надаас Монгол хүн шиг төлбөр авсан. Харин дараа нь би ганцаараа очиж үзэхэд надаас илүү мөнгө нэхсэн. Бас их дэлгүүрийн урдаас Хятадын элчин сайдын яам руу таксигаар явахад жолооч нь хотоор зөндөө тойрсон. Яг хаагуур яваад байгааг нь би мэдэхгүй ч гэсэн нэг л өөр чиглэлд яваад байгааг би мэдэж байсан. Гандан хийдийн хажуугаар гарахад нь би жолоочид “Хятадын элчин сайдын яам хотын нөгөө талд шүү дээ. Яагаад Гандан хийдийн хажуугаар явж байгаа юм бэ гэж би түүнд хэлсэн”. Тэр өөдөөс нэг юм яриад байсан. Тэгээд очих газраа буухад надаас 6,000 төгрөг нэхсэн. Би 6,000 гарах ёсгүй. 6,000-ийг өгөхгүй гээд 5,000 төгрөг төлсөн.
-Хаана наадам үзсэн бэ?
-Би Монгол найз Бэхээгийнхээ аавынд, наадмын морь барианы газраас 500 метр зайнаас наадам үзсэн. Наадмаар би морь унасан.
-Монгол дээл өмсөж үзсэн үү?
-Наадмын өдрүүдэд бороотой, хүйтэн байсан. Бэхээгийн нэг найз нь надад морин дээр өмсөх дээл өгсөн. Өмсөхөд биед маш эвтэйхэн хувцас юм билээ. Бас маш дулаахан, гоё чимэглэлүүдтэй. Өмсөж үзсэнийхээ дараа би нэг дээл худалдаж аваад Франц руугаа авч ирсэн.Боломж гарвал дахин өмсөх болно.
-Монголд дэлгүүрээр явсан уу, юу худалдаж авсан бэ?
-Би морин хуур, бас монгол эмээл худалдаж авсан. Европт монгол эмээлээс өөр эмээл хэрэглэдэг юм. Бас дээлтэйгээ өмсөх гоёлын бүс бас мөнгөн чимэглэлтэй шагай худалдаж авсан.
-Монголд ирсэн аялал чинь хөлбөмбөгийн Дэлхийн Цомын үеэр тохиолдсон. Энэ талаар юу хэлэх вэ?
-Би хөлбөмбөгт нэг их дуртай биш. Өөр хийх зүйл байхгүй хөлбөмбөг үзэж байхын оронд Монголд олон шинэ зүйл үзэж, мэдсэндээ баяртай байгаа.
-Монгол хэлний талаар юу хэлэх вэ?
-Сонсоход маш сонсголонтой сайхан хэл. Гэхдээ ярьж, дуудахад маш хэцүү. Би гадаад хэл сурахдаа авьяаслаг. Тэгээд ч би гадаад хэлээр сурч байсан. Би нэг жилийн дотор хятад хэлийг сайн сурсан. Одоо чөлөөтэй ярьж чадна. Харин Монгол хэл яагаад ийм хэцүү байгааг би ойлгохгүй байна. Би гадаад хэлэнд авъяастай ч гэсэн Монголоор ярьж чадахгүй байна. Дуудлага нь барууны орнуудын дуудлаганаас огт өөр юм. К, Х, Г гийгүүлэгчтэй үг маш олон, хатуу дуудлагатай хэл шиг санагдсан. Гэхдээ нутгийн хүмүүстэй ойрхон байгаад, тэдэнтэй ярилцаад байвал арай дээр болж магадгүй. Надад Франц-Монгол ярианы дэвтэр байгаа ч үгнүүдийг нь яаж дуудахаа сайн мэдэхгүй байгаа. Буруу зөв дуудаад байгаагаа сайн мэдэхгүй байгаа. Хэрвээ Монголд дараа удаан хугацаагаар ирэхээр болбол Монгол багшаар хичээл заалгасан нь дээр гэж бодож байгаа.
-Монголд аялсныхаа дараа ямар сэтгэгдэлтэй үлдэж байна вэ?
-Монгол орон маш үзэсгэлэнтэй сайхан орон юм, хүмүүс нь маш нөхөрсөг. Хамгийн сонирхолтой нь, намайг монгол найзынхаа хөдөө гэрт очиход хүмүүс намайг танихгүй харийн хүн, жуулчин биш харин өөрсдийн найз нөхөд шиг хандаж байсан. Тэгээд гэрт ороход хүмүүс “Аан, танилцахад таатай байна” гэж байсан. Тэгээд намайг хачирхаж харж, онцгойлж байгаагүй. Харин Хятадад байхад аль нэг газар очиход хүмүүс “Пөөх, гадаад хүн байна, чи энд юу хийж байгаа юм бэ?” гэж асууж, тэд намайг өөрсдийн нэг, анд нөхөр гэж биш харин гадаадын, үл таних хүн шиг ханддаг байсан. Харин Монголд хүмүүс “Өө, сайн уу” л гээд, төдийлөн онцгойлон үздэггүй. “Би гадаад хүн шүү дээ гэхэд” “Тийм байна, харж байна, тавтай морил. No Problem гэдэг”. Энэ нь надад ер бусын санагдсан. Танихгүй зочин биш харин анд нөхөр шиг хандана гэдэг үнэхээр гайхалтай.Аяллынхаа эхний үед би бусад жуулчинтай хамт явж байсан ч сүүлд нь Монгол найз нөхөдтэйгээ хамт аялсан. Найзынхаа гэрээр зочилж, хөдөө хамт явж, наадам үзэж, яг л Монгол хүн шиг болсон юм шиг санагдаж байсан (инээд алдав). Энэ бүхэн надад маш их таалагдсан.
Би хөдөө явж, морь унах дуртай. Гэхдээ бас би хотын амьдралд дуртай, бас клабдах дуртай. Би Хятадын хилийг даваад Монголд орж ирээд Замын Үүд хотод буусны дараа надад билет олдохгүй асуудал тулгарсан. Харин тэр үед англиар сайн ярьдаг хэдэн Монгол оюутантай таарсан. Тэд надад их тусалж, вагонд суулгаж өгсөн. Улаанбаатарт ирээд би тэдэнтэй дахиж уулзсан. Бид хамтдаа “Монгол Шилтгээн” зочид буудалд очиж “Open Air” партид оролцож өглөөний таван цаг хүртэл, нар мандах хүртэл бүжиглэсэн. Маш сайхан байсан. Агаарт, байгальд, голын хажууд, хажууханд морь байхад бүжиглэсэн. Үнэхээр янзтай. Анх удаа байгальд, задгай талбайд бүжиглэж үзсэн. Бас Монголд клабдах зарим талаараа аюулгүй юм шиг санагдсан. Сайн хөгжимтэй, хүмүүс нь чөлөөтэй, маш нөхөрсөг. Францад бол тийм биш.
-Чи дахиж Монголд ирэх үү?
-Өөрийн чинь асуултад хариулаад сууж байхдаа /яг одоо/ би Монголын хөгжмийг сонсож байна. (Лаура Францад очсон байхдаа энэ асуултанд хариулт явуулсан) Монголыг би маш их санаж байна. Дараа дахин очиж, хүмүүс, соёлынх нь тухай илүү ихийг мэдэх боломж гараасай гэж би хүсэж байна. Монгол надад таалагдсан. Миний дуртай хоёр зүйл Монголд байгаа. Би моринд юунаас ч илүү дуртай. Бас хөдөөгийн амьдралаас гадна хотын амьдралд дуртай. Харин үүнийг Парис хотоос олоход хэцүү. Парис бол том хот. Эндээс сайхан байгаль, задгай нуга олохгүй. Харин Монголд, Улаанбаатарт энэ хоёр хоёулаа байна. Улаанбаатар хотоос хотын амьдрал, клаб тэр бүх зүйлийг олж болно. Харин Улаанбаатараас 10-15 км зайд гараад л эзэнгүй тал, байгаль дунд очих болно. Үнэхээр гайхалтай. Хотыг ч, хөдөөг ч мэдэрч болж байна. Тийм болохоор Монголд наадмаар байсандаа би маш их баяртай байгаа.
-Миний асуугаагүй зүйл байна уу, өөр нэмж хэлэх зүйл байгаа юу?
-Өөрийн Монгол найз Бэхээд дахин талархлаа илэрхийлэхийг хүсэж байна. Тэр намайг Монголд олон зүйл үзэхэд тусалсан. Хэрвээ түүний тусламж байгаагүй бол энэ аялал маань тийм ч онцгой байж чадахгүй байх байсан. Мөн Монголд байхдаа танилцаж нөхөрлөсөн Онон, Пүүжээ зэрэг найзууддаа талархлаа илэрхийлэхийг хүсэж байна. Түүнчлэн надад тусалж, надтай хамт байсан, мөн энэ ярилцлагыг өгөх боломж олгосон чамд баярлалаа.
Т.Бадрах