Таны харж буй энэхүү бичлэг энэ оны дөрөвдүгээр сарын 04-ний 11.00 цагийн орчимд 683-р км-ын гарам дээр гарсан осол.
Энэ мэт автотээврийн хэрэгслийн жолоочийн шууд буруутай үйл ажиллагаанаас үүдэж төмөр замын гарам дээрх осол зөрчлийн тоо буурахгүй байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Зөвхөн энэ оны эхний дөрвөн сарын байдлаар төмөр замын гарам дээр гарсан 33 осол, зөрчил бүртгэгджээ. Дийлэнх нь тээврийн хэрэгсэл гармын хаалт дотор зогссон мөн тээврийн хэрэгсэл гармын хаалт, байгууламж мөргөж гэмтээсэн, тээврийн хэрэгсэл галт тэрэгний урдуур дайрч гарсан, хаалт сүлжсэн зэрэг зөрчлүүд түгээмэл байна.
Тухайлбал, УБТЗ-ын хэмжээнд нийт 280 төмөр замын гарам байдаг, үүнээс 172 нь нийслэл хотод байрладаг. Нийт гармын 202 нь салбар замд, 78 нь гол замд байрладаг. Гол замд байдаг 78 гармын 51 нь автомат хаалт, хамгаалалт, дохиоллоор тоноглогдсон бол 27 нь ердийн тэмдгээр зохицуулагддаг гарам бий.
Тэмдгээр зохицуулагддаг гарам нь авто тээврийн хөдөлгөөн бага, зарим тохиолдолд дуудлагаар нээж тодорхой хяналтын дор төмөр зам нэвтрүүлдэг. Эдгээр гарам дээр осол гарах эрсдэл бага байдагтай холбоотой юм.
УБТЗ-ын нийгэмлэг төмөр замын гармын дохио, тэмдэг, тоноглолыг сайжруулж байгаа боловч осол, зөрчлийн тоо буурахгүй байна. Нийслэлд төмөр замын аюултай бүсээр хоногт 400-1200 хүн ачаалал ихтэй гармуудаар зорчиж байна. Гарам дээр гарч байгаа нийт осол, зөрчлийн 98 хувь хувь нь жолооч нар дохио, тэмдэг тэмдэглэгээг зөрчиж, галт тэрэг ирж байхад төмөр замын аюултай бүс рүү нэвтэрч орсноос үүдэлтэй байдгийг албаны хүн ярилаа.
ТӨМӨР ЗАМ БОЛОН АВТОЗАМЫГ ИЖИЛ БУС ТҮВШНИЙ ОГТЛОЛЦУУЛСНААР ТӨМӨР ЗАМЫН ГАРАМ ДЭЭРХ ОСОЛ БУУРНА
УБТЗ-ЫН ТЭЭВРИЙН ХЯНАЛТЫН АЛБАНЫ ДАРГА Н.АДЪЯА: Төмөр замын гарам дээрх осол суурьшлын бүсэд гарах нь илүүтэй. Таван шарын гарам, Хүүхдийн паркын урд талын гарам, Дүнжингаравын гармын орчим хөл хөдөлгөөн ихтэй учраас эрсдэлтэй цэгт ордог. Бид төмөр замын гарам дээр хөдөлгөөний аюулгүй ажиллагааны эрсдэлийг хэрхэн бууруулах талаар холбогдох байгууллагуудад хэлж, хандсаар ирсэн. Зарим орон нутагт хэрэгжиж байгаа зүйлс ч бий. Тухайлбал, Зүүнхараад долоон төмөр замын доогуур явган хүний аюулгүй гарц хийсэн. Дархан-Уул аймагт улсын төсвийн хөрөнгөөр төмөр замын доогуур гарц хийсэн. УБТЗ-ын хувьд нийслэлд 20-р хороонд байрлах “Энхжин” худалдааны төвийн арын төмөр замын 396-р км-ийн 2-р зуут дээр явган хүний хонгилон гарц байгуулсан. Хоёр эгнээ төмөр зам бүхий энэ хэсгээр өдөрт 2500 гаруй хүн зорчдог гэсэн тоон мэдээлэл бий. Замын цагдаагийн гүүр төмөр замын нэг гармыг аюулгүй болгож байгаа гэсэн үг. Ийм гүүр дор хаяж хоёрыг барьснаар бага ч гэсэн асуудал шийдэгдэнэ” гэв.
Үндсэндээ нийслэлийн ачаалал ихтэй төмөр замын гармуудыг ижил бус түвшинд огтлолцол болгож, гүүр барьснаар шийдвэрлэх боломжтой гэж мэргэжлийн байгууллагынхан үзэж байна.
Энэ хүрээнд хөдөлгөөн ихтэй таван цэгт явган хүн гарах зориулалттай хонгилон гарц хийхээр нийслэлээс өнгөрсөн жил төлөвлөсөн ч энэ оныг дамнан санхүүжилт нь гацжээ. Уг нь нийслэлээс хонгилон гарцуудыг барих санхүүжилтийг нь шийдээд өгвөл УБТЗ-зүгээс туслахад бэлэн байгаагаа хэлж байна. Тус нийгэмлэгийн зүгээс зураг, төслийг нь хийж өгөхөөс гадна бетон зэрэг шаардлагатай материалаар нь ч хангах боломжтой аж. Гагцхүү санхжүүжилтийг нь нийслэлээс шийдвэрлүүлэх асуудал тулгамджээ.
Төмөр замын гарам эзэлгээтэй хаалттай байх хугацаа ихэссэн, төмөр зам дээр гарах осол, зөрчлийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор төмөр замын гармыг хонгилон гарц болон агаарын гүүр болгох, төмөр зам, тээврийн хэрэгслийн замыг ижил бус түвшинд огтлолцуулах нийтийн хэрэгцээ маш өндөр байна. Энэ бол нэг талаас нийслэлийн тээврийн хэрэгслийн түгжрэлийг багасгах, нөгөө талаас иргэдийг эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх маш чухал шийдвэрлэвэл зохих асуудал мөн гэж ойлгож байна.
Явган зорчиж буй иргэдэд зориулсан төмөр зам нэвтрэх хонгилон болон гүүрэн гарцыг нийслэлийн эгзэгтэй цэгүүдэд төсвийн хөрөнгөөр барьж байгуулах, төмөр замын байгууллага тэдгээр гарц хооронд хориг хашааг сайжруулан барьж байгуулан хүн давах, нэвтрэх боломжгүй болгох. Тээврийн хэрэгслэлийн жолооч нарт аюулгүй байдлын соёл эзэмшүүлэх олон нийтийн боловсролын асуудлыг улсын хэмжээнд шийдвэрлэх, бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт албан ёсоор оруулах шаардлага бүхий хэрэгцээ өнөөгийн нийгэмд үүссэнийг нэгэнт бий болжээ.
Олон улсын төмөр замуудын холбоо 2009 оноос Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд Монгол улс 2013 оноос энэ ажилд нэгдэн орсон юм. Уг өдөрт зориулан УБТЗ 250-350 сая төгрөгөөр төмөр замын гармуудын тоноглолыг сайжруулж иржээ.
Холбоотой мэдээ