Урт цагаан төвийн 12 түрээслэгч өнөөдөр /2020.04.15/ шинэ ажлын байрандаа шилжин орлоо. Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газраас Урт цагааны үйлдвэрчний эвлэлтэй санамж бичиг байгууллаа. Эдгээр түрээслэгчид хуучин түрээсийн үнээс хоёр дахин хямдаар түрээслэхээр болжээ.
ЭХНИЙ ЭЭЛЖИЙН 12 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАЖ БАЙНА
Энэ талаар Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Урт цагаан төвд түрээсээр үйл ажиллагаа явуулдаг байсан 200 гаруй иргэдээс байгуулагдсан үйлдвэрчний хороотой бид зөвшилцөн бүх иргэдийг бүртгэлжүүлсэн. Эхний ээлжийн 12 хүнийг ажлын байраар хангаж байна. Дараагийн удаад 200 гаруй иргэдийг бүдгийг нь ажлын байраар хангах асуудлыг шат дараатай хийнэ” гэдгийг онцлов.
Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Урт цагаан төвтэй холбоотой асуудал ямар шатанд яваа вэ. Урт цагааны давхар түрээслэгч иргэдийн асуудлыг яаж шийдвэрлэх вэ?
-Урт цагаан төвийн үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 21-ны өдрийн захирамжаар үйл ажиллагааг нь зогсоосон. Үүнтэй холбоотой Нийслэлийн өмч ашиглалтын удирдлагын газарт дан түрээсэлдэг иргэдийг хохироохгүй ажлын байраар хангана гэдэг чиглэл өгсөн. Бид энэ чиглэлд ажиллаж өнөөдөр Урт цагааны оёдол эсгүүр, бүх төрлийн үйлчилгээ эрхэлдэг иргэдийг эхнээс нь ажлын байраар хангаж байна. Өөрөөр хэлбэл, дээрх иргэдийг Нийслэлийн засаг захиргааны дөрөвдүгээр байранд талбай чөлөөлж байршуулан шат дараатай алхам хийж байна.
-Үлдсэн түрээслэгчдийг ажлын байраар хэрхэн хангах вэ?
-Нийслэлээс барьж буй бодлого бол ЖДҮ, бизнес эрхлэгч нарыг ажлын байраар хангана, гэхдээ шат дараатай шийднэ гэдгийг онцолмоор байна.
Нийслэлийн өмч ашиглалтын газартай 30 иргэн түрээсийн гэрээ байгуулсан. Дээрх түрээслэгчид эхнээсээ нийслэлийн өмчийн байрыг албан ёсоор хүлээлгэж өгч байна. Тэд төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэнэ хэмээн бидэнд мэдэгдсэн. Өнөөдөр гурван иргэн нийслэлийн өмчийг хүлээлгэн өгсөн.
-Хэчнээн иргэн Нийслэлийн засаг захиргааны дөрөвдүгээр байранд байранд орж байна вэ?
-Нийслэлийн засаг захиргааны дөрөвдүгээр байранд 100 орчим метр квадрат талбайг гаргасан. Урт цагааны үйлдвэрчний эвлэлийн холбоо байгуулагдсанаар бидэнтэй хамтарч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар энэ байранд 12 иргэн ажил үйлчилгээгээ эхэллээ. Мкв-ийн тухайд Урт цагаанд төлдөг байснаас хоёроос гурав дахин хямд түрээслүүлнэ. Урт цагааны барилгыг шинэчлэх эсэх нь НИТХ-ын бүрэн эрхийн асуудал. Бид Урт цагаан төвийг шинэчлэх концефцийн уралдаан зарлахаар төлөвлөж байна.
-Нийт иргэдтэйгээ зөвшилцөлд хүрээгүй байж наана байгаа иргэдийг нүүлгэх нь зөв үү?
-Бид 30 гэрээ байгуулсан иргэдтэй дахин гэрээ байгуулахгүй. Хэрвээ байгалийн гамшиг аливаа эрсдэл үүсэх юм бол хөрөнгийн эзэн хариуцлага хүлээх хуулийн заалт бий.
Иргэдийн байр суурийг хүргэе.
УРТ ЦАГААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖ БАЙГАА НЬ ХУУЛЬ БУС
Урт цагаан хөгжлийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал С.Цэндбаатар “Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс 2020 оны гуравдугаар сарын 19-ны өдөр Засаг даргын 216 тоот захирамжийг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Энэ талаар Нийслэлийн өмчийн харилцааны газар гомдол гаргасан. Гомдлын мөрөөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 9-нд хуучин гарсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн. Шүүхийн дээгүүр алхаж байна. Тэнд байгаа 300 гаруй хүний эрх ашгийг хөсөрдүүлж байна”.
ТҮРЭЭСЛЭГЧДИЙГ ХОХИРООХГҮЙ БАЙХААР НИЙСЛЭЛТЭЙ ЗӨВШИЛЦСӨН
Урт цагааны үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн А.Оюундарь “Манай үйлдвэрчний хороо Урт цагаан үйлчилгээний төвийн давхардсан тоогоор 200 гаруй иргэдийг бүртгэсэн. Иргэдийг бүртгэн, тэдний ажил амьдралыг доголдуулахгүй байдлаар нийслэлтэй зөвшилцсөн” гэлээ.
Э.АРИУН