"Эрдэнэс Тавантолгой" ХК ирэх тавдугаар сарын 1-ээс эхлэн 2 сая гаруй хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах гэж байна. Үүнтэй холбоотойгоор 1072 хувьцаа мэдээллийн төв ногдол ашигтай холбоотой мэдээллийг фейсбүүк хуудсаар дамжуулан өглөө.
Монгол Улсын Засгийн газар 2011 болон 2012 онд иргэний бүртгэлд байсан нийт 2 сая 900 гаруй иргэддээ "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааг олгосон бөгөөд тус компани анх удаа ногдол ашгаа нийт хувьцаа эзэмшигчдэдээ тараах гэж байна. Ногдол ашиг гэдэг таны одоо байгаа хувьцааны тоо ширхгээс хасагдахгүйгээр, компанийн ашгаас танд олгож буй “цалин” гэж ойлгож болно.
Ногдол ашиг тавдугаар сарын 1-ээс эхлэн брокер дилерийн компани дээр нээлгэсэн хувьцааны дансаар дамжуулан олгогдоно. Иймээс иргэд брокер дилерийн компани дээр нээлгэсэн дансаа байнга ашигладаг банкны дансаа холбуулах хэрэгтэй.
1072 хувьцаа хараахан хөрөнгийн бирж дээр арилжаа нь эхлээгүй байгаа тул зарах, шилжүүлэх, өвлүүлэх, худалдан авах эрх нь нээгдээгүй байна. Иймээс та хувьцаагаа зарах боломжгүй. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа хөрөнгийн бирж дээр арилжаалагдах үед зарах, шилжүүлэх, өвлүүлэх боломжтой болно.
Гэхдээ 1072 хувьцаагаа яаран зарах гэсний хэрэггүй гэдгийг компанийн зүгээс учирлаж байна. Учир нь, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа тогтвортой, ашигтай ажиллаж байгаа тохиолдол 1072 хувьцааны үнэ цэнэ өсч, ногдол ашгийн хэмжээ өсөх боломжтой гэв.
Гадаад байгаа иргэд Монголын хөрөнгийн биржийн албан ёсны сайт дээр байрлаж байгаа брокер дилерийн компанитай холбогдож, хувьцааны дансаа онлайнаар нээлгэх боломжтой. Гэхдээ ногдол ашгийн хувьд тухайн иргэний өөрийнх нь Монгол дахь албан ёсны банкны дансаар олгогдоно. Тэгэхээр гадаадад буй иргэд Монголд ирж байж ногдол ашгаа авах юм. Хэрвээ таны ар гэр Монголд байдаг бол тухайн хүнээрээ дамжуулан монголд баталгаатай өөрийн нэр дээрх арилжааны банкны дансаа хувьцааныхаа данстай холбуулах боломжтой. Эсвэл онлайнаар хувьцааны данс нээж буй брокерийн компанидаа өөрийн нэр дээрх банкны дансаа бүртгүүлж болно.
Мөн насанд хүрээгүй хүүхдэд хувьцааны данс нээлгэх боломжтой. Ингэхдээ та тухайн хүүхдийн өөрийнх нь төрсний гэрчилгээгээр хувьцааны данс нээлгэх бөгөөд заавал тухайн хүүхдийн нэр дээрх банкны дансыг бүртгүүлэх учиртай юм. Өөрөөр хэлбэл, насанд хүрээгүй хүүхдийн хувьцааны дансанд эцэг эхчүүд өөрийнхөө дансыг бүртгүүлэх боломжгүй юм.
Үүний зэрэгцээ, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашиг иргэдийн дансанд орох үед гэнэт орлогын албан татвар болох тухайн хувьцаанд олгогдож буй ногдол ашгийг 10 хувийг татварт суутгана гэдгийг компанийн зүгээс анхаарууллаа.
Холбоотой мэдээ